Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан сангийн тогтоол усанд 8-12 насны дөрвөн хүүхэд осолдож, амиа алдсан харамсалтай хэрэг гараад жил тойрч байна. Тухайн үед хүүхдүүдийн араас нийгмээрээ гашуудаж, төд удалгүй мартацгаасан. Гэтэл дахин зургаан амь, бяцхан зүрх зогслоо.
Тодруулбал, энэ сарын 20-нд Төв аймгийн Мөнгөнморьт суманд малчин Б-ийн нэг ой найман сартай охин тогтоол усанд живж амиа алдсан бол Сэргэлэн суманд гурван настай хүүхэд мөн л усанд осолдов. Мөн энэ сарын 21-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд таван сартай нярай А, найман настай Б нар Сэлэнгэ мөрөнд осолдож, амиа алджээ.
Эрлийн багийнхан таван сартай нярайн цогцсыг олж, уснаас гаргасан бол найман настай охины цогцос өнөөдрийг хүртэл олдоогүй тул эрэн хайх ажил үргэлжилж буй. Тухайн үед завь хөмөрч, долоон хүний амь хохирсны дотор дээрх хүүхдүүд байв.
Мөн Ховд аймгийн Үенч, Завхан аймгийн Цагаанхайрхан суманд зургаан настай хүүхэд усанд осолджээ. Ердөө дөрвөн хоногт буюу энэ сарын 19-22-ны хооронд тогтоол ус, гол мөрөнд 0-8 насны зургаан хүүхэд харамсалтайгаар хорвоог орхисон нь санамсаргүй осол биш юм.
Эцэг эх, томчуудын хариуцлагагүй, хэнэггүй зангийн золиос нь хүүхэд болж байна. Хэрэв хүүхдийнхээ хаана тоглож, юу хийж явааг анзаарсан бол, гол гатлахдаа аюулгүй байдлаа бүрэн хангасан бол, жаахан сэрэмжтэй байсан бол өдийд зургаан бяцхан зүрх зуурдаар амиа алдалгүй инээд цалгиулан тоглож байх байсан биз.
Хүүхэд усанд тоглох гэж л ордог. Урин дулааны цагт Онцгой байдлын газраас "Хүүхдээ голын эргээр бүү тоглуул, хараа хяналтаа сайжруул" хэмээн эцэг эхчүүдэд сануулсаар байдаг ч тоож анхаардаг нь цөөн.
Монголд усны ослоор жил бүр 18-20 хүүхэд амиа алдаж байна. Өнгөрсөн жил гэхэд улсын хэмжээнд 69 хүн амиа алдсаны дотор 18 нь хүүхэд байжээ. Онцгой байдлын газрын мэдээллээс харахад ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас осол үүдэлтэй байж.
Энх цагт дахиад ийм олон хүүхдээ алдахгүйн тулд үүрэг хариуцлагаа ухамсарлан, хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна.
Холбоотой мэдээ