Хөл хорио тогтоосон энэ хугацаанд Covid-19-ийн эсрэг вакцины асуудал иргэдийн шүүмжлэл дагуулсан. Гэсэн хэдий ч нийслэлийн хэмжээнд Covid-19-өөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, нэг болон хоёрдугаар тунгийн вакциныг хийж эхэлсэн. ЭМЯ-наас тавдугаар сарын 10-н гэхэд нийслэлийн иргэдийг нэгдүгээр тунд бүрэн хамруулж дуусах бол зургадугаар сарын 10-нд хоёрдугаар тунгийн вакцинд хамруулна хэмээн мэдээлээд буй. Вакцинжуулалтын явц, татан авалтын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас тодрууллаа.
-Одоогийн байдлаар хэчнээн хүн Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын нэг болон хоёрдугаар тундаа хамрагдаад байна вэ?
-Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 25-нд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд 14224, хоёрдугаар тунд 37150, нийт 51374 иргэнийг дархлаажууллаа. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлд нэгдүгээр тунд 522867, хоёрдугаар тунд 211479 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан. Өдөрт 60 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Иргэд вакцины гэрчилгээгээ хэрхэн, хаана хандаж авах талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Covid-19 цар тахлын вирусээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан иргэд гэрчилгээгээ E-Mongolia цахим хуудаснаас авна. Ингэхдээ вакцины гэрчилгээг албан форматын дагуу лавлагаа хэлбэрээр монгол болон англи хэл дээр авах боломжтой. Вакцины гэрчилгээ цахим хэлбэрт шилжсэн учраас иргэд, олон нийт энэ чиглэлийн үйлчилгээ авахад илүү дөхөм болсон.
-“Спутник-V” вакциныг хэзээнээс хийж эхлэх вэ гэсэн асуулт иргэдээс их ирж байна?
-Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор "Спутник V" вакциныг оруулж ирээгүй байна. Тус вакцины татан авалтын гэрээ хэлцлийг Засгийн газрын түвшинд хийж байна. “Спутник-V” вакцин орж ирэх хугацаа тодорхойгүй. Хилээр орж ирсний дараа манайд мэдээлэл өгөх байх.
-Нэгдүгээр тунгаа хийлгэх хүсэлтэй иргэд дархлаажуулалтын цэгүүдэд очиход вакцин хийхгүй байна гэсэн мэдээлэл өгсөн. Вакцины нэгдүгээр тундаа хамрагдаагүй иргэдийг хэзээнээс дархлаажуулах вэ?
-Одоогоор 55-аас дээш насны иргэдэд л Covid-19-ийн эсрэг нэгдүгээр тунг хийж байгаа. Дараагийн вакцины татан авалт нэмэгдэж орж ирэх үед иргэддээ хэзээнээс нэгдүгээр тунг хийж эхлэхээ албан ёсоор зарлана. Өндөр настай, суурь өвчтэй иргэдэд өвчлөл хүндрэх эрсдэл их тул вакцины эхний тунд нь яаралтай хамруулж байгаа юм.
-Вакцины төлөвлөгөөг хэрхэн гаргаж байна вэ. Нийслэлийн хэмжээнд иргэдээ хэзээ бүрэн дархлаажуулж дуусах төлөвлөгөөтэй байна вэ?
-ЭМЯ-наас дархлаажуулалтын төлөвлөлтийг хийж ажиллаж байна. Гэхдээ энэ нь вакцины татан авалттай холбоотой асуудал болоод байгаа юм. Хэрвээ вакцины татан авалт хурдтай явагдвал эрүүл мэндийн байгууллагын ажилчид бүхий л боломж, чадлаараа ажиллаж, иргэдээ аль болох хурдан хугацаанд вакцинжуулна.
-Зусландаа хөл хорионд орсон нийслэлийн хаягтай иргэд вакциндаа хэрхэн хамрагдах вэ?
-Хуваарийн дагуу иргэд рүү холбоо барьж, дархлаажуулалтын талаар мэдээлэл өгч байна. Зуслан дээрээ хөл хорионд орсон цөөн тооны иргэдийг байгаа газарт нь дархлаажуулах ажлыг ХӨСҮТ болон НЭМГ-тай хамтран хэрхэн зохион байгуулахыг ярилцаж шийдвэрлэнэ.
Ц.ЯНЖИНДУЛАМ