“Мутацид орсон вирусийн эсрэг Хятадын вакцин сайн үйлчилнэ"

Хуучирсан мэдээ: 2021.04.26-нд нийтлэгдсэн

“Мутацид орсон вирусийн эсрэг Хятадын вакцин сайн үйлчилнэ"

“Мутацид орсон вирусийн эсрэг Хятадын вакцин сайн үйлчилнэ"

Covid-19-ийн мутацид орсон хувилбарын талаар МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэлтэй ярилцлаа.


 -Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд  мутацид орсон Covid-19-ийн талаар их ярьж байна. Мутацид орсон вирус халдварлах чадвараар хэд дахин илүү байдаг гэсэн. Вирус яагаад мутацид ордог вэ?   

-Мутацид орно гэдэг нь вирусийн ген өөрчлөгдөхийг хэлнэ. Өөрчлөлт том байж болно, эсвэл ганцхан нуклеотид өөрчлөгдөж болно. Мутаци бол генийг хуулбарлахад гарах алдаа. Энэ алдааг генийг хуулдаг уураг өөрөө гаргадаг. Тэгэхээр ген хуулбарлагдаж л байвал алдаа гарна. Хэрвээ вирус идэвхтэй оршин байгаа л бол мутацид орно. Энэ бол байгалийн жам. Харин нэгэнт үүссэн мутаци гэнэт давамгайлах асуудал бол өөр зүйл. Энэ нь үүссэн генийн шинэ хувилбарын байгалийн шалгарал, эерэг селекц явагдаж байгааг харуулж байгаа юм.

Сүүлд яригдаад байгаа “B117” хувилбарын халдварлах чадвар сайжирсан, халдсан хойноо хүндрэх байдал ихтэй мутаци гэж үзэж байгаа. Нэгэнт халдварлах чадвар нь сайжирсан учраас байгалийн шалгарлаар хурдан хугацаанд давамгайлах хувилбар болж байна. Мутацид ороод, бас халдварлах чадвар нь муудаж ч болно. Энэ бол замбараагүй, санамсаргүй явагдаж буй процесс.

-Монголд Их Британийн мутацид орсон Covid-19-ийн хувилбар орж ирсэн байж болзошгүй гэсэн. Энэ вирусийн бусдаас ялгарах шинж нь юу вэ?

-Өнгөрсөн Баасан гаригт Эрүүл мэндийн сайд, ХӨСҮТ-ийн удирдлага тийм мэдэгдэл хийсэн. Сайд энэ талаар зарлахдаа нийтэд сайн ойлгуулаагүй юм шиг байна лээ. Генотип тогтоолгох гээд гадаадад илгээсэн вирусийн дээжийн хариу нь хараахан ирээгүй байна. Харин үүнээс өмнө PCR аргаар дотооддоо саяхан гарсан шинэ халдваруудыг үзэхэд хоёр хүн дээр англи хувилбар илэрсэн гэж хэлэх гээд ойлгуулж чадаагүй. Энэ англи хувилбарын онцлог нь дээр хэлснээр халдварлах чадвар өндөр, халдсан хойноо хүндээр өвчлүүлэх шинжтэй.

Баасан гаригт зарласан англи хувилбар гээд байгаа зүйл нь “В117” гэдэг хувилбар юм. Англиар хувилбар (variation) юм уу, эсвэл яг албан ёсоор шинжлэх ухааны орчинд бол удам (lineage) гэж хэлж байгаа. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр тухайн вирусийн генүүд дээр гарсан мутациудыг нийлүүлээд, тэдгээрийн хоршлыг нь базаж дүгнээд, нэг хувилбар юм уу, удам боллоо гээд код өгчхөж байгаа юм.

Тэгэхээр англи хувилбар бол 20 гаруй мутацийн нийлбэрээр тодорхойлогдож байгаа нэг вирусийн тодорхой дүрс хэлбэр гэж ойлгох хэрэгтэй.

-Цаашдаа Англи хувилбар, Өмнөд Африк хувилбар гэж ярих нь зүйтэй юм байна, тийм үү?

– Яг тийм.

-Энэ хувилбарууд дотор өөр өөр мутациуд байж болох уу?

-Болно. Цөөн тооны мутациар ялгаатай вирусүүд нэг хувилбарт орж болно. Хувилбар бол адил төстэйгөөр нь бүлэглэж ангилж байгаа зүйл. Жишээлбэл, чиний асуусан тэр аюултай мутаци бол “E484К” гэдэг мутаци байна.

Энэ яагаад аюултай гэхээр вакцины дархлаанд баригдахгүй бултах чадвартай гэдгийг тогтоогоод байна. Вакцин хийлгүүлсэн ч нэмэргүй гэсэн үг.

-Монгол Улсад хэрэглэж байгаа Covid-19-ийн эсрэг вакцин Английн хувилбарт хэр үр дүнтэй вэ?

-Английн хувилбар мэдээж аюултай. Хурдан халдана, хүндээр өвчлүүлнэ. Гэхдээ вакцины дархлаанд баригдахгүй “E484К” мутаци бол яг Английн хувилбарын мутаци биш. Өмнөд Африкийн хувилбарт ордог мутаци. Тэгэхээр Английн хувилбар илэрлээ гэнгүүт шууд вакцины дархлаанд баригдахгүй болчихлоо гэж ойлгож болохгүй.

Гэхдээ Английн хувилбар мөртлөө бас E484К мутаци агуулсан вирус сүүлд гараад ирсэн байгаа. Тэгэхдээ цөөн тоогоор. Энэ юуг харуулж байна вэ гэхээр эволюцийн процесс тасралтгүй явагдаж, дундын, бүр аюултай хувилбарууд үүсч байгааг нотолж буй юм. Манайх ерөнхийд нь Английн хувилбар гэдгээ PCR-ийн аргаар үзсэн, яг нарийн “E484К” мутацийг нь бол мэдэхгүй байгаа.

-Цэвэр Английн хувилбар бол вакцин хийлгээд дархлаа тогтооход асуудалгүй байж чадах уу?

– Яг тийм.

-Монголд Covid-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакцин ашиглаж байна. Эдгээрээс аль нь мутацид орсон вирусийн эсрэг илүү сайн үйлчилж байна вэ?

-Онолын хувьд “Синофарм”-ын вакцин.

– Яагаад?

-Энэ вакцин идэвхгүйжүүлсэн вирусийг тарьж байгаа. Covid-19 вирус бүтцийн 4-5 уурагтай байдаг. Тэднийг бүгдийг нь уг вакцин агуулна. Энэ 4-5 уургийн эсрэг маш олон янзын эсрэг бие үүсч, дархлаа тогтоно. Нэг ген дээр ганц мутаци гарлаа гээд бусад уургийн эсрэг үүссэн дархлаа тэрнийгээ нөхнө. Халдвар аваад эдгэрсэн хүнтэй төстэй дархлаа шүү дээ. Халдвар аваад эдгэрсэн хүн бол бүр бүтцийн бус уургуудын эсрэг дархлаа үүснэ. Энэ нь 30 гаруй уураг гэсэн үг. Ер нь тухайн өвчин үүсгэгчид ямар төвшинд өртсөнөөс шалтгаалж янз бүрийн төвшний дархлаа үүснэ.

-АстраЗенека болон бусад вакцины тухайд?

-АстраЗенека болон бусад вектор дээр суурилсан вакцинууд. Мөн Модерна зэрэг РНХ дээр суурилсан вакцинууд бол вирусийн гадаргын өргөсний уургийг (Spike) эсэд орж байгаад үүсгэж, улмаар энэ уургийн эсрэг дархлаа үүсгэдэг. Тэгэхээр тэр өргөс гээд байгаа уургийн огторгуйн геометрийн бүтэц ноцтой өөрчлөгдвөл вакцинаар үүссэн дархлаа танихаа болиод, хүнийг хамгаалж чадахгүй гэсэн үг. Ер нь вакцинд өргөсний бүтэн уураг ч байхгүй, яг эсийн хүлээн авууртай холбогддог жижигхэн хэсгийг нь тасалж аваад оруулсан. Тийм учраас хэрвээ яг тэр хэсэг дээр ноцтой мутаци гарвал аюултай.

-Таны хэлсэн “E484К” мутаци яг тэр хэсэг дээр гарсан юм уу?

-Тийм. Тийм учраас вакцины дархлаанаас зугтаж чадаж байна. Дэлхийн эрдэмтэд маш их санаа зовж, одоо яг энэ чиглэлд судалгаа ид хийж байна. Ийм мутацитай хувилбарыг анхаарах хувилбар (variation of concern) гэдэг нэртэйгээр тусад нь онцгойлон авч үзэж судалж, мэдээллээ хуваалцаж байна.

-Монгол Улс энэ чиглэлд судалгаа хийж байгаа юу?

-Уг нь судлах ёстой. Гэхдээ чадахгүй байна. Ер нь тааруухан байна. ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийг өдөр тутмын шинжилгээгээр дараад, судалгаа хийх аргагүй болгосон байна билээ.

-Гэхдээ одоогоор Монголд ДНХ-ийн дарааллыг тогтоож чадахгүй байгаа. Хэзээ энэ бүхнийг өөрсдөө хийдэг болох вэ?

-Их чухал асуудал хөндлөө. Ер нь бол тийм. Монголд ДНХ-ийн дараалал тогтоох есөн багаж улсын лабораториудад байдаг боловч зөвхөн нэг нь л фрагментын анализ хийх төдийд ажилладаг гэсэн. Бусад нь бүгд ажилладаггүй. Улсын төсвөөр авсан багажууд шүү дээ. Аюул нөмрөөд ирэхэд ганц багаж нь ч ажиллахгүй, гадаадад дээжээ халааслаж очоод, хүнээс царай алдаад явж байна. Дайсан ирэхэд буу нь эвдэрсэн цэргүүд шиг л байна. Гэхдээ саяхнаас манай биотехнологичид ДНХ дараалал тогтоох хувийн лаборатори ашиглалтад оруулаад, их эрчтэй эхэлж байна.

-МУИС удахгүй ийм багажтай болох гэж байгаа гэсэн үү?

-Тийм. Удахгүй Японы зээлээр нэгийг авах гээд процесс нь явж байна. Монголын 10 дахь ажилладаггүй багаж нь болгочихгүйн тулд нээлттэй, дундын хэлбэрээр ашиглана.

Covid-19 аваад эдгэрсэн хүний бие болон генд ямар өөрчлөлт бий болж байна вэ?

-Генийн бүтцэд бол нөлөөлөхгүй. Эпигенетик хувирал үүсгэдэг байж болзошгүй. Энэ вирус өөрөө их том, нарийн ажиллагаатай вирус. Удахгүй халдвар аваад эдгэрсэн хүмүүс дээр хийсэн төрөл бүрийн судалгааны үр дүнгүүд асар ихээр хэвлэгдэнэ. Тэр үед л тодорхой болох байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж