Вакцин хандивлагчдаа мартах учиргүй!

Хуучирсан мэдээ: 2021.04.26-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Вакцин хандивлагчдаа мартах учиргүй!

Вакцин хандивлагчдаа мартах учиргүй!

Дэлхийн 147 сая хүн өвчилж, 3,1 сая хүн нас барж, 124,8 сая эдгэрсэн Covid-19-ийн тархалтыг зогсоох ганц арга бол вакцин. Цар тахал дэлхийн улс орнуудын эдийн засаг, санхүү, хүн амын эрүүл мэндэд ноцтой нөлөөлөл үзүүлж байгаа учраас бүхий л улс орнууд вакцины эрэлд гарч, хүн амаа яаралтай вакцинжуулахад гол анхаарлаа төвлөрүүлж байна. Гэсэн хэдий ч дутагдал үүсгэхгүйгээр үйлдвэрлэгч, хандивлагч орнуудын тусламжаар өнөөдөр дэлхийн хүн амын 10 орчим хувь л вакцинд хамрагдсан байна. Дэлхий дээр нэг тэрбум орчин вакцин хийгдсэнээс 549 сая хүн буюу дэлхийн хүн амын 7 хувь нь вакцины эхний тунгаа хийлгэж, 235 сая буюу 3 хувь нь хоёр дахь тундаа хамрагджээ.

Монгол Улсын хувьд нийт хүн амынхаа тодорхой хувь буюу нийт 838.569 (2021.04.25-ны өдрийн байдлаар) вакцинд хамруулжээ.

Хүн амынхаа 60 хувийг ирэх долдугаар сар гэхэд бүрэн вакцинжуулахаар төлөвлөөд байгаа. Тиймээс өнгөрсөн долоо хоногт БНХАУ-аас 900 мянган тун вакциныг Монгол Улсын Засгийн газар худалдаж авч, иргэдээ вакцинжуулж байгаа юм. Дэлхийн улс орнууд вакцины төлөө “дайтаж” байхад бидэнд БНХАУ, Энэтхэг, ОХУ зэрэг улс орнууд хандивын гараа сунгаж, дархлаажуулалтаа эхлүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулсан.

Монгол Улсад:

  • 2021 оны гуравдугаар сарын 12-нд “COVAX” хөтөлбөрийн эхний ээлжийн 14400 тун "AstraZeneca" вакциныг хүлээн авсан. Тус хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн хэлцлийн дагуу Монгол Улсад нийт 190 орчим мянган тун вакцин нийлүүлэх урьдчилсан тооцоо гарсан байна. Үүний дийлэнхийг буюу 86.3 хувийг “AstraZeneca”, 13.6 хувийг “Pfizer”, “BioNTech”-ийн вакцин бүрдүүлж байгаа аж.
  • 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр БНЭУ хамгийн эхэнд 150 мянган тун "AstraZeneca" вакцины буцалтгүй тусламж ирүүлж байсан билээ.
  • 2021 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр БНХАУ-аас Засгийн газар болон Ардын чөлөөлөх армиас тусламжаар 300 мянган тун вакцин хандивлав.
  • ОХУ-аас 1 сая тун "Sputnik-V" вакцин хандивлахаар болж, эхний 10 мянган тунг нийлүүлсэн бөгөөд үлдсэн вакциныг ирэх долоо хоногт нийлүүлнэ.
  • Япон улс “AstraZeneca” болон “Pfizer”, Moderna гэсэн гурван төрлийн 1,3 сая тун вакцин хандивлахаа мэдэгдээд буй.

Бидэнд хамгийн анх БНЭУ-ын буцалтгүй тусламжаар “AstraZeneca”-гийн 150 мянган тун вакцин хүлээж авсан. Түүнээс хойш хандивлагч орнуудын вакцин хүлээн авч байгаа ч Монгол Улсын Засгийн газар вакцин худалдаж авах ажиллагааг үргэлжлүүлж буй. Мөн нийслэлд вакцинжуулалтын цэгийг нэмэгдүүлж, 55-аас дээш насныханд 1-р тун, хоёр дахь тунг хийж буй.

Хоёр том гүрний дунд буйдхан жижиг эдийн засагтай Монгол Улсын хувьд гадаад бодлого, дипломат харилцаагаа өргөжүүлж ирсний том илрэл нь вакцин хандивлагч орнуудын үйлдэл гэж дүгнэж болох юм.

Хэрвээ бидэнд Энэтхэг улс вакцин хандивлаагүй бол бид бусад улс оронтой адил вакцин худалдаж авах дарааллаа хүлээж, халдварын тоо өнөөдөр хэд болж, хэдэн хүн нас барахыг таашгүй. Монголчууд зовох цагт нөхрийн чанар танигддаг гэж ардын сайхан үгтэй. Гэтэл бидэнд анхны вакцин хандивласан Энэтхэг улсад өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ.

Энэтхэг улсад нэг хоногийн дотор нийт 332730 халдварын тохиолдол бүртгэгдэж, 2263 хүн нас барж, улмаар эмнэлгүүдийн багтаамж дүүрч, хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй үүдэнд нь амь насаа алдах, тэр байтугай чандарлах газруудын үүдэнд талийгаачдын цогцос овоорч, зарим тохиолдолд машины зогсоол дээр чандарлах үйл ажиллагаа явуулж байгаа тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

"Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад тэвнээр тусла" гэж ардын үг бийг сануулж, УИХ дахь Монгол-Энэтхэгийн бүлгэм, “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ хамтран Энэтхэг улсад туслах хандивын аян эхлүүлжээ. Монголчууд ч энэ хандивын аянд нэгдээд эхэлж.

Хэрэв донор орнууд бидэнд вакцин хандивлаагүй бол өнөөдөр нөхцөл байдал ямар байх байсан бол гээд иргэн та нэг бодоод үзээрэй. Тиймээс иргэн бүр хариуцлагатай байж, вакциндаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сахих шаардлагатайг анхааруулъя. Вакцинжуулалтыг эрчимжүүлж, хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх гээд халдвар хамгааллын дэглэмээ сахих нь нэн чухал гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж