“Хөл хорионы үед 41593 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно ”

Хуучирсан мэдээ: 2021.04.25-нд нийтлэгдсэн

“Хөл хорионы үед 41593 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно ”

“Хөл хорионы үед 41593 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно ”

Хатуу хөл хориог ирэх сарын 8-ыг хүртэл сунгах шийдвэрийг өчигдөр ЗГ-аас гаргасан.  Хөл хорионы хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбарын ажилчид ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтоор зорчиж байсан юм.  Гэвч Улсын Онцгой комиссоос гамшгийн үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний багийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг авто машинаар замын хөдөлгөөнд QR кодоор зорчуулах тухай тушаал гаргасан юм.

  QR кодоор зорчих ажлыг маргааш буюу энэ сарын 26-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэх аж.

УОК-ын даргын дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 36 дугаартай уг тушаалд дурдсанаар энэхүү бэлтгэлийг хангаж, тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх, автомашины QR код олголт, зөвшөөрлийг хэрхэн олгох талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг мэдээлэл хийлээ. Уг QR кодоор зорчих түр журмын төслийг УОК-д өнөөдөр танилцуулах аж. Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Хөл хорионы хугацаанд зөвшөөрөгдсөн байгууллагын алба хаагчид замын хөдөлгөөнд QR кодоор зорчино. Уг журам хэрэгжиж эхэлснээр нийслэлийн хэмжээнд 41593 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно гэсэн тооцоо байна. Ингэхдээ,

  • Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд албан хаагчид, тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд QR ашиглаж хэвийн оролцоно. Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлана. Нутгийн захиргаа, төрийн болон улсын өмчит ОНӨАТГ-ийн үйл ажиллагаа хамгийн бага түвшинд зогсолт хийнэ. Нэн шаардлагатай тохиолдолд тухайн салбарын сайдын тушаал, эсхүл нийслэлийн засаг даргын тодорхойлолтоор тухайн байгууллагын замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг олгоно.
  • Зөвшөөрөгдсөн салбарын байгуулагуудын тээврийн хэрэгслийн мэдээлэлд үндэслэн QR код шинээр олгоно. Өмнөх хөл хорионы үед системд мэдээллээ нийлүүлсэн байгууллагууд автомашины дугаараа оруулсан бол хүсэлт явуулмагц шинэ QR код олгоно.
  • Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд /цагдаагийн байгууллага, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хил хамгаалах ерөнхий газар, түүний харьяа байгууллага/-аас бусад иргэн  аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн QR кодоор зорчих асуудал яригдахгүй.

Хөл хорионы үед нэг хүнсний дэлгүүр хоёр зөвшөөрөл авсан асуудал гарч байсан. Эдгээр байгууллагуудын түгээлттэй холбоотой нэг зөвшөөрөл байх, бусад томоохон супермаркетуудыг тухайн байгууллагын өөрийн тээврийн хэрэгслээр зорчдог байхаар зөвшөөрлийг өгнө. Шинээр QR код авах байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх, бүртгүүлэх тээврийн хэрэгсэл нь тухайн байгууллага, хувь хүний нэр дээр байдаг эсэхийг шалгахын тулд АТҮТ-ийн газар болон Нийгмийн Даатгалын ерөнхий газрын мэдээллийн санг давхар ашиглаж байгаа” гэлээ.

QR кодтой холбоотойгоор дараах зохицуулалтыг хийхээр түр журамд тусгажээ. Үүнд,

  • Тээврийн хэрэгслийн QR кодыг хөл хорионы 14 хоногийн турш зорчих, мөн 1 удаагийн код гэсэн хоёр байдлаар олгоно. Өмнө нь системд бүртгэгдсэн, код авсан бол автомашины дугаарыг оруулж зөвшөөрөл олгосон эсэхийг шалгана.
  • Нэг удаагийн шинж чанартай код нь бүтээн байгууллалт, уул уурхай, газар тариалантай холбоотой байгууллагуудад олгох юм. Ингэхдээ олгосон QR кодыг хөдөө орон нутаг руу гарах чиглэлд ашиглаад дахин ашиглахгүй. Орон нутгийн Онцгой комиссоос системд хүсэлт явуулсаны дагуу зөвшөөрөл олгоно
  • Үйл ажиллагааг нь хязгаарлах боломжгүй эрчим хүч, дулаан, ус хангамж, эрүүл мэндийн байгууллага,  эмийн сан, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгуулага, шатахуун түлшний хангамж, хэвлэл мэдээлэл зэрэг байгууллагуудад QR кодыг шууд олгоно. Эдгээр байгууллагууд нь өнгөрсөн өмнөх хөл хорионы үеэр системд мэдээллээ байршуулсан байгаа.
  • Зөвшөөрөгдсөн салбарын ажилчид хувийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохдоо цагийн хязгаартай оролцоно. Харин эм, эмнэлгийн, онцгой байдал зэрэг бусад байгууллагын тусгай тоноглогдсон, зориулалтын тээврийн хэрэгсэлд цагийн хязгаар хамаарахгүй.
  • QR кодоор цагийн хязгаартай оролцох тээврийн хэрэгслүүд өглөө 07:00-09:00, орой 17:00-20:00 цагийн хооронд зорчино
  • QR код, ажлын үнэмлэхтэй хамт хүчинтэй
  • Шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн хүнсний дэлгүүр, эсхүл өмнө бүртгэлтэй байсан тээврийн хэрэгслээ сольсон байгууллагууд шинээр хүсэлт явуулна. Хүсэлтийг QR@GOV.MN хаягт хүлээн авна.

Зам тээврийн, хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Энэ удаагийн хязгаарлалтад хуучин дата баазыг ашиглан эхний ээлжинд хөдөлгөөнд 41500 тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах юм. Хоёр төрлийн байгууллагын QR кодоор зорчих тээврийн хэрэгслийн тоог багасгаагүй. Үүнд,

  • Эм, эмнэлгийн байгууллагын тээврийн хэрэгсэл
  • Бүх нийтийн хүргэлттэй холбоотой, байнгын тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын тээврийн хэрэгслийн оролцоог багасгаагүй” гэлээ.

Маргааш өглөөнөөс эхлэн QR код систем нэвтэрч, зорчиж эхлэх аж. Иймд өнөөдөр 21 цаг гэхэд smartcar.mn системд 41500 тээврийн хэрэгслийн мэдээлэл орох юм.  Иргэд өмнө системд бүртгэлтэй байсан тээврийн хэрэгслийн дугаарыг оруулж, хэвлэн авч замын хөдөлгөөнд оролцож боломжтой. Энэ үеэр хөл хорионы үед тээврийн хэрэгслийн QR кодоо бусдад дамжуулсан,худалдсан, цагийн хязгаарлалттай үед замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан кодыг хүчингүй болгоно гэдгийг онцолсон юм.

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 салбар:

  • Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
  • Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  • Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  • Банкны үйл ажиллагаа
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  • Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
  • Оршуулгын үйл ажиллагаа
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв
  • Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж