Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг, Сэлэнгэ мөрөнг гаталж явсан 10 хүний долоо нь усанд живсэн харамсалтай хэрэг энэ сарын 21-нд гарсан. Өнөөдрийн байдлаар усанд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй бөгөөд долоон иргэний дөрвийнх нь цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Тодруулбал, ослын голомтод ажиллаж байгаа эрэн хайх багийнхан гуравдугаар сарын 22-нд осолдсон газрын 3-20 километр зайнаас 50 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй болон таван сартай нярайн цогцсыг толсон. Харин гуравдугаар сарын 23-ны 14.12 цагт осолдсон газраас зүүн урагш 53 км газарт Цацын булан гүүрний доод талаас Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харъяат иргэн 38 настай, эмэгтэйн цогцсыг олж, холбогдох байгуулагад хүлээлгэн өгсөн байна.
Үлдсэн гурван иргэнийг эрэн хайх ажиллагаанд Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан алба хаагчид нэмэлтээр оролцохоор, ослын голомтод очсон аж. Ийнхүү дөрөвдүгээр сарын 24-нд Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид болон орон нутгийн иргэд, ар гэрийнхэн 8 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:00 цагт осолдсон иргэдийн завийг анх осолдсон газраас зүүн зүгт 200 метрээс олж уснаас гаргасан байна.
Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул дөрөвдүгээр сарын 24-ний 21.00 цагт эрлийн ажлыг түр зогсоосөн бөгөөд өнөөдөр өглөө 8.00 цагт дахин эхлүүлжээ.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ