Нийслэлийн хэмжээнд Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, вакцины эхний тунд хамрагдсан иргэдийн хоёр дахь тунг хийж эхлээд байна. Тэгвэл өчигдөр /2021.04.24/ нийслэлд нийт 64397 хүн Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагджээ. Ингэснээр вакцины эхний тунд 660.548, хоёр дахь тунд 178.021 хүн хамрагдаад байна. Харин өнөөдөр /2021.04.25/ хуваарийн дагуу энэ сарын 14, 15, 16, 17, 25-нд хоёрдугаар тунгаа хийлгэх ёстой иргэд вакцинаа тариулах юм. Мөн 55-аас дээш насныхныг хамруулах аж.
Эрүүл мэндийн яамны зүгээс тавдугаар сарын 10-н гэхэд Улаанбаатарын иргэдийг нэгдүгээр тунгаар бүрэн дархлаажуулж дуусах бол зургадугаар сарын 10-н гэхэд хоёрдугаар тунд бүрэн хамруулна хэмээн мэдээлсэн. Одоогийн байдлаар Монгол Улсад зорилтот бүлгийн 32 хувь нь нэгдүгээр тун, 8.6 хувь нь хоёрдугаар тундаа бүрэн хамрагдаад байна.
Covid-19-ийн эсрэг вакциндаа бүрэн хамрагдсанаас хойш 14 хоногт дархлаа тогтоно гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Гэхдээ вакцины хоёр тунгаа бүрэн хийлгэсэн ч вирусээр хөнгөн өвчилж, бусдад халдвар тараах эрсдэлтэй тул халдвар хамгааллын дэглэмээ тогтмол барих шаардлагатай гэдгийг ЭМЯ анхааруулсаар байна.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ