Тойм: Ерөнхийлөгч захирамж, МАН мэдэгдэл гаргав

Хуучирсан мэдээ: 2021.04.25-нд нийтлэгдсэн

COVID-19

Тойм: Ерөнхийлөгч захирамж, МАН мэдэгдэл гаргав

Тойм: Ерөнхийлөгч захирамж, МАН мэдэгдэл гаргав

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ЕРӨНХИЙЛӨГЧ МАН-ЫГ ТАРААХ ТУХАЙ ЗАХИРАМЖ ГАРГАСНАА МЭДЭГДЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр захирамж, дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан гаргасан илгээлтдээ “Улс төрийн намыг бүртгэх, бүртгэлээс хасах, тараах шийдвэр гаргах нь Улсын Дээд шүүхэд харьяалуулсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаа, төрийн тэргүүн өөрийн үйл ажиллагааны хүрээнд тогтоож, нотлон хүргүүлж байгаа баримт, материалыг Улсын дээд шүүх нэн хариуцлагатайгаар хүлээн авч, шийдвэрлэнэ” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, Монгол ардын намыг тараах шийдвэрийг гаргах нь Улсын Дээд шүүхэд хуулиар хүлээлгэсэн үүрэг тул Үндсэн хуулиар хамгаалсан, хэн ч хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр хуульчилсан шүүх эрх мэдлийн “шүүн таслах” үйл ажиллагаатай холбож мушгих шаардлагагүй, тийм боломж ч байхгүй гэдгийг онцолсон юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.   

 МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨС МЭДЭГДЭЛ ГАРГАВ

МАН-ын Удирдах зөвлөл дөрөвдүгээр сарын 19-нд хуралдсан. Уг хуралдаанаар  Ерөнхийлөгчийн гаргасан МАН-ыг тараах тухай захирамжтай холбогдуулан мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Эрүүгийн хууль зэрэг 10 гаруй хууль зөрчсөн байна гэж үзжээ.

Мэдэгдлийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон нэр бүхий гишүүд мэдээлэл хийж танилцуулсан юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.   

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИД АЗИЙН АВАРГААС 10 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Токио-2020 олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн Казахстан улсын Алматы хотод дөрөвдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд болж, Монгол Улс олимпийн таван эрх авч, нийтдээ долоон эрхтэй болсон билээ. Тэгвэл энэ тэмцээнийг залгуулаад Алматы хотод чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 18-нд болж, өндөрлөлөө.

Азийн аваргын эрэгтэй багийн дүнгээр Иран улс 179 оноотой тэргүүлсэн бол тэдний араас Энэтхэг, Казахстан зэрэг улсууд удаалжээ. Харин Монгол Улсын хувьд 98 оноотой багийн дүнгээр долдугаар байрт жагсав. Монгол Улс Азийн аваргаас нийтдээ 10 медаль хүртэж, багийн дүнгээр зургадугаар байр эзлэв.

"Алматы-2021" чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 84, 92, 125 кг-ын жингийн барилдаанууд болж, Монгол Улсын тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм. Тодруулбал, 74 кг-ын жинд ОУХМ З.Сумъяабазар хүрэл медаль, 92 кг-ын жинд ОУХМ М.Цогтгэрэл мөнгөн медаль, 125 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэрбулга хүрэл медаль тус тус хүртжээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.   

ШҮЛСНЭЭС COVID-19 ИЛРҮҮЛЭХ 10 МЯНГАН ОНОШЛУУРЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс Covid-19 илрүүлэх 10 мянган оношлуурыг Эрүүл мэндийн яаманд /2021.4.21/ хүлээлгэн өглөө. Ингээд уг оношлуурыг эмнэл зүй, оношилгоонд албан ёсоор ашиглахаар ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ–үүдэд хуваарилcан юм.

Тус оношлуурыг Эрүүл мэндийн яамны захиалгаар АШУҮИС-ийн эрдэмтэд нийлүүлж байгаа бөгөөд цаг хугацаа, санхүүг хэмнэж буйгаараа давуу талтай.  Түүнчлэн шүлснээс шинжилгээ авах нь үйлчлүүлэгчдэд ямар нэгэн зовуурьгүй байх юм.

Монгол эрдэмтдийн бүтээсэн уг оношлуур нь гуравдугаар сарын 25-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд шинжилгээний хариу нь 90 минутад гарах юм. Гэхдээ хүн бүр шүлснээс сорьц авах шинжилгээ өгөх боломжгүй тул шинж тэмдэг илэрсэн хүнийг л шинжлэх аж.

УЛААНБААТАРТ 120 ЦЭГЭЭР ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Улсын онцгой комиссоос /2021.04.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр энэ сарын 23-ны өдрөөс вакцинжуулалтыг эхлүүлж буй талаар мэдээлэл өгсөн юм. 

Улсын онцгой комиссын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлэхдээ "Монгол Улсын Засгийн газар хүн амынхаа 60 орчим хувийг вакцинжуулах зорилго тавьсан. Одоогоор нийт хүн амын 31 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна. Хоёр дахь тунд гурав орчим хувийг хамруулсан. Дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн өдөртөө 49 мянгаас дээш тооны хүмүүсийг хоёр дахь тунд хамруулж эхэлнэ. Мөн 50-аас дээш насныхан буюу эрсдэлт бүлгийнхнийг вакцинд хамруулж эхэлнэ. Вакцины цэгүүдиийг нэмэгдүүлж, өдөртөө 60 мянга орчим хүнийг вакцинд хамруулна" гэдгийг хэлж байв.

Мөн Улаанбаатарт 120 цэгээр 281 баг буюу 1890 ажилтан вакцинжуулалт хийнэ. Нийт 59803 иргэнийг дархлаажуулахад тээвэрлэх автобус гаргасан. Дүүрэг бүр дээр автобусны маршрутыг ойрын зайнд гаргасан. Дархлаажуулалтын явуулын 40 автобус ажиллана. Явуулын цэгээр дархлаажуулсан хүмүүс дараа нь тодорхой хугацаанд ажиглалтын автобусанд байрлахыг албаныхан ярьсан юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.   

МОНГОЛД МУТАЦИД ОРСОН COVID-19 ХАЛДВАР БҮРТГЭГДЭЖ, ХӨЛ ХОРИОГ СУНГАВ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах  Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрийг дэмжсэн. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг УОК-оос өгөв.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Бид цаг хугацаа хожихын тулд зарим газрын санал болгосон PCR дээр суурилсан мутацид орсон хэлбэрийн вирусийг илрүүлэх шинжилгээг хийж үзсэн. Халдварын тоо буурахгүй, нас баралт нэмэгдээд байгаагийн шалтгааныг тодруулахын тулд анализ хийх үүднээс 33 сорьцыг шинжилгээнд хамруулсан. Ингэхэд Турк улсаас ирсэн гурван иргэнд Английн мутацид орсон вирус илэрсэн. Дээрх иргэд нь Турк улсаас ирээд арав хонож байна. Одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Мөн хүн амын дунд хийсэн судалгаанаас хоёр хүнээс мутацид орсон Covid-19 илэрсэн. Бусад хүмүүст нийтлэг Covid-19-ийн тохиолдол илэрсэн. Үүнээс харахад нийт хүн амын дунд мутацид орсон халдвар тархсан гэж хэлэх үндэслэлгүй" гэдгийг хэлж байв.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.   

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж