Засгийн газрын тооцоогоор энэ онд Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортолно. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн онд 18 сая орчим тонн нүүрс нэвтрүүлсэн Гашуунсухайт боомтоор гарах нүүрсний хэмжээг 23 сая тонн болгож нэмэгдүүлэхээр болсон юм.Төлөвлөгөөг биелүүлэхийн тулд боомтоор өдөрт дунджаар 400 тээврийн автомашин нэмж нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг “Эрдэнэс Монгол” компаниас мэдээллээ. Гэвч өнгөрсөн гуравдугаар сард “Оюутолгой”-н ажилтнаас Covid-19 илэрсэнтэй холбогдуулан хэсэг хугацаанд нүүрсний тээвэрлэлтийг зогсоосон билээ.
Тэгвэл Гашуунсухайтад зөөврийн PCR /ПГУ/ молекул биологийн лаборатори өчигдөр /2021.04.24/ нээлтээ хийжээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Хайрхан" багийн төв дээр зөөврийн PCR молекул биологийн лабораторийг ашиглалтад оруулсан байна. Тус лаборатори ашиглалтад орсноор цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандах, эрт илрүүлэгт нутгийн иргэд, Гашуунсухайт боомтод ажиллаж буй тээврийн жолооч нарыг шуурхай оношлох боломж бүрдэж байгаа аж.
-Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж:
-Молекул биологийн оношлуурын /PCR/ “Зөөврийн лаборатори” –ийг оруулж ирэхэд санаачлагатай хамтран ажилласан "Эрдэнэс тавантолгой" ХК-д болон алслагдсан бүс нутагт хөрөнгө оруулалт хийж, импортоор нийлүүлж, хамтран ажилласан "И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс" ХХК-д талархсанаа илэрхийлье. Энэхүү лаборатори ашиглалтад орсноор цар тахлын эрсдэл өндөр энэ цаг үед халдварын тархалтыг эрт илрүүлэх, тандах, шинэ голомт үүсэхээс урьдчилан сэргийлэх боломж бүрдүүлж өгч байна гэлээ.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ