Нийслэлд вакцинжуулалтыг эрчимжүүлж, өдөрт дунджаар 60 мянган хүн хамруулна гэж Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр 112 цэгт 255 багийн 1789 эмч, ажилчид 58830 иргэнийг дархлаажуулна.
Тухайлбал, энэ сарын 9-11-нд II тун хийлгэх байсан иргэдийн 75 хувь, дөрөвдүгээр 12-14-нд хийлгэх байсан иргэдийн 10 хувь буюу нийт 40 мянган иргэнийг өнөөдөр вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн байна. Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү хорооноос нь холбогдож, гэрийнх нь ойролцоох дархлаажуулалтын цэгийн талаар нарийн мэдээлэл өгөх юм байна.
Вакцинжуулалтын цэгээс хол, нийслэлийн алслагдсан хороодын оршин суугчдыг вакцинд хамруулах богино рейсийн 76 автобус иргэдийг 09.00-20.00 цагийн хооронд зөөвөрлөх юм. Өчигдөр орой буюу дөрөвдүгээр сарын 23-ны 20:00 цагийн байдлаар Covid-19-ын эсрэг вакцинд 58 мянга 319 хүн хамрагджээ.
Улсын хэмжээнд 651 мянган хүнийг I тунд хамруулаад байна. Энэ нь вакцинд хамрагдах 18-аас дээш насны иргэдийн 30 хувь аж. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд дархлаажуулалтын II тунд хамрагдах хугацаа өнгөрсөн иргэдийг бүрэн хамруулж дуусахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 9-нөөс хойш дархлаажуулалтын II тунд хамрагдах байсан иргэдийг дөрвөн өдөрт багтаан хамруулж дуусах юм байна.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ