
Уг нь энэ долоо хоногийн эхний өдрөөс эх орны хувь хишгийн 10 000 төгрөгийг олгох ёстой. Уг мөнгийг Хаан, Хас, Капитал, Хадгаламж банкаар олгоно. Энэ банкуудын үүдээр эргэлдсэн хүмүүс бас олон л байна. Өнөөдөртөө тэд “Мөнгө олгож байгаа юу” гэж сураглаад үдээс хойш, эсвэл маргаашнаас өгөх байх гэсэн хариу аваад гар хоосон гарч байна. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас нэгтгэсэн мэдээлэл ирээгүй байгаа гээд өнгөрсөн даваа, мягмар гаригт эх орны хувь хишиг 10 000 төгрөгийг олгоогүй юм. Энэ талаар тус газрын хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс тодруулахад “Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 59 000 хүний материал ирүүлсэн. Үүнд бүртгэлд орсон иргэдийн хүүхдүүдийн тухай мэдээлэл ороогүй байсныг бид уртасгасан цагаар ажиллаж оруулаад банкууд руу явуулсан. Иргэдийн мөнгийг банкууд олгож эхэлсэн” гэлээ.
Иргэний шинэчилсэн бүртгэлд 16 нас хүрээгүй хүүхдүүдийг хамруулаагүй. Гэхдээ тэд эх орны хувь хишиг авах эрхтэй. Тиймээс эцэг эх нь хүүхдүүдийнхтэйгээ хамт нэг дор мөнгөө авбал тухайн гэр бүлд хэрэгтэй гэж үзэн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ажилтнууд Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн мэдээлэл дээр нэмж, 16 000 хүүхдийн мэдээллийг оруулжээ. Ингээд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 75 000 хүн эхний ээлжинд эх орны хувь хишгийг авах эрхтэй болж байна.
Уг нь иргэний шинэчилсэн бүртгэлд 400 000 орчим хүн хамрагдаад байгаа. Харин эдгээр хүний материалыг Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-т авчирч тулгадаг аж. Тиймээс ажиллагаа, хугацаа шаарддаг гэнэ.
Үйл явдлын халуун цэг болсон УБЕГ-т өчигдөр 12.00 цагийн орчим очлоо. 1951 оноос хойш төрсөн хүмүүс Төрсний гэрчилгээтэй байх шаардлагын дагуу лавлагаа авахаар өдөрт 1000-1200 хүн эднийхээр үйлчлүүлж байгаа аж. Эндээс лавлагаа аваад харьяа, дүүрэг, хорооноосоо Төрсний гэрчилгээгээ бичүүлж авах юм байна. Хамгийн гол нь 1951-1965 онд төрсөн хүмүүсийн мэдээллийг гаргахад бэрхшээлтэй байдаг гэнэ. Тухайн үеийн хүмүүс эрх зүйн мэдлэг боловсрол дутмагаас хүүхдээ төрөнгүүт бүртгүүлээгүй байдаг. Жишээлбэл, 1953 онд төрсөн нэг хүний талаарх мэдээлэл ерөөсөө олдохгүй байж. Ингээд дүүгийнх нь нэрээр хайж үзэхэд ээж нь 1964 онд дөрөв дэх хүүхдээ төрөхөд өмнө нь төрүүлсэн гурван хүүхдээ хамт бүртгүүлсэн байжээ. Энэ мэтээр хүүхэд 7-8 нас хүрч, сургуульд орохдоо анх төрсний гэрчилгээ авч байсан тохиолдолд байдаг гэнэ. Анх төрсөн газраасаа биш өөр газраас гэрчилгээ авсан бол мөн л архиваас мэдээлэл гаргах гэж чамгүй “ажил” ундарна.
Мөн “Би өнгөрсөн долдугаар сарын 19-ний өдрөөс хөөцөлдөөд иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж чадахгүй байна” гэсэн Сонгинохайрхан дүүргийн иргэн А.Нэргүйтэй тааралдлаа. Түүний ээж нь охиноо Говь-Алтай аймгийн төвд төрөөд Алтай сумаас гэрчилгээ авч байсан гэж хэлж байж. Энэ дагуу лавлагаа авах гэтэл УБЕГ-аас ч, Говь-Алтай аймгаас ч мэдээлэл нь олдохгүй байж. Архивын ажилтан өчигдөр аав ээжийх нь нэрээр дахин хайсны эцэст А.Нэргүйг багадаа Чимгээ гэж нэрээр бүртгүүлснийг тогтоосон юм. Үүнээс гадна хүүхдийн үрчлэлтэй холбоотой мэдээлэл нууц, тухайн хүн өөрөө ч мэдэхгүй байх тохиолдол байдаг гэнэ. Төрсний лавлагаа эхийн нэрээр гарч ирдэг тул ийм тохиолдолд иргэдэд төдийгүй архивын ажилчдад ч нэлээд хугацаа, нэмэлт мэдээлэл шаардлагатай болдог байна. Засаг захиргааны нэгжийн өөрчлөлтүүд мөн архиваас лавлагаа гаргахад “асуудал” үүсгэдэг байна. Улаанбаатар хотын хорооллыг 1951-1957 онд тоогоор нэрлэдэг байжээ. Үүний дараа дөрвөн раойн, өдгөө есөн дүүрэгтэй болжээ. Хотын зүүн хэсэгт төрсөн хүний лавлагааг гаргахад Төв аймгийн Эрдэнэ сум, Баян сум, Хонхор, Налайх гэсэн дөрвөн газраас шүүх жишээтэй. Ялангуяа 1951-1965 онд төрсөн хүмүүсийн лавлагааг гаргахдаа бүх он болон ойр орчмын аймаг, сумдаас ч мөн хайдаг аж.
Иргэний шинэчилсэн бүртгэл өнгөрсөн сарын 5-наас эхэлснээс хойш УБЕГ-ын үйлчилгээний ачаалал тав дахин нэмэгдэж, 1000-1200 иргэнд үйлчлэх болжээ. Өдөрт 2000-3000 хүн дугаарлаж, ямар ч үр дүнгүй ажлаа алдаж, эмх замбараагүй байдал үүсэх болж. Тиймээс өдөрт 800 гаруй дугаар тарааж дарааллыг цэгцэлсэн байна.
Иргэний баримтын архивын 24 ажилтан дээр нэмж 37 хүнийг гэрээгээр ажиллуулж байгаа гэнэ. Ердийн үед долоон цонхоор иргэдэд үйлчилж байсан бол одоо 14 болгожээ. Мөн 08.00-22.00 цаг хүртэл ажиллаж байгаа аж. Тэгсэн ч тараасан номерынхоо дагуу иргэдэд үйлчлэхэд шөнийн 00.00 цаг хүрэх тохиолдол ч байдаг гэнэ. Юутай ч иргэний лавлагаа гаргаж өгөхөөр архивын ажилчид байгаа бүх нөөц бололцоогоо шавхаж ажиллаж байгаа гэж тэндхийн ажилтнууд хэлж байлаа. Нэмж хэлэхэд, ирэх бямба гаригт нээлттэй хаалганы өдөр болох тул мөн иргэдэд үйлчилнэ гэсэн үг юм. Архивын ажилчид иргэдийг өөрсдийнхөө тухай олдож болох бүх мэдээллийг мэдэж, соёлтой үйлчлүүлэхийг хүсч байна. Муу л юм болбол төрийн байгууллага руу дайрч давшдагаа болиосой гэж байсан.
Цаашид ч төрийн үйлчилгээг авахад шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх нь маш чухал. Удахгүй хөдөө орон нутгаас оюутан сурагчид сургуульдаа явна. Хөдөөнийхөн аймагтаа, аймгийнхан Улаанбаатарт гээд хөдөлгөөн ихэснэ. Тиймээс иргэний үнэмлэхний хаяг дээрээ шинэчилсэн бүртгэлд хамрагдаарай гэдгийг мөн УБЕГ-аас сануулж байна.
Б.БЯМБАА