"Туркээс ирсэн гурван иргэнээс Английн мутацид орсон вирус илэрсэн"

Хуучирсан мэдээ: 2021.04.23-нд нийтлэгдсэн

"Туркээс ирсэн гурван иргэнээс Английн мутацид орсон вирус илэрсэн"

"Туркээс ирсэн гурван иргэнээс Английн мутацид орсон вирус илэрсэн"

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах  Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрийг дэмжсэн. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг УОК-оос өгч байна.

Шадар сайд С.АМАРСАЙХАН: 

-Халдварын тархалт буурахгүй байгаа учраас хөл хориог үргэлжлүүлэхээр болсон. Covid-19-ийн шинэ төрөл буюу мутацид орсон вирус Монголд орж ирсэн. Турк улсаас манай улсад зөөвөрлөгдсөн орж ирсэн нь лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн. Үүнийг Английн мутацид орсон хувилбар гэж таамаглаж байна. Халдвартай хүний биеийн байдал хурдан муудаж байгаа, нас баралт нэмэгдсэн нь үүнтэй холбоотой.

ЯМАРВАА НЭГЭН ВИРУС УДААН ХУГАЦААНД ҮРГЭЛЖЛЭХЭЭР ХУВИРАЛД ОРДОГ

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-Сүүлийн сар гаруйн хугацаанд халдвар авсан хүмүүсийн биеийн байдал хүндэрч, эрчимт эмчилгээнд шилжих нь ихэссэн. Үүнийг дагаад нас баралт огцом өссөн. Эдгээр шалтгаанууд хөл хориог сунгах үндэслэл болсон. Өмнө нь 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүсийн биеийн байдал хүндэрч байсан бол сүүлийн үед идэр насны хүмүүсийн биеийн байдал хүндэрч байна. Богино хугацаанд эрчимт эмчилгээний тасаг руу шилжих болсон. Хөл хорио тогтоож байж халдварын тархалтыг хумьснаар вакцинжуулалт үр дүнгээ өгнө.

Өнгөрсөн хугацаанд эрдэмтдийн баг болон ХӨСҮТ-өөс судалгааны баг гарч ажилласан. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд халдварын эрчим буурсан гэж үзэж байна. Хамгийн гол нь өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол 1000-аас дээш гарч байгаа нь ойрын хавьтлаас илрэх халдварын тоо нэмэгдэж байгаатай холбоотой. Хөл хорио тогтоогоогүй байсан бол халдварын тоо 3000-аас дээш гарах байсан. Өнгөрсөн хугацаанд нас баралт өссөн. Ихэнх тохиолдлууд нь суурь өвчтэй, даралт ихсэх, таргалалт чихрийн шижин зэрэг хавсарсан өвчтэй хүмүүс байсан. Нас барсан тохиолдлуудаас гурав нь вакцин хийлгэсэн байсан. Гэхдээ вакцин хийлгээд 14 хоног дотор нас барсан. Ямарваа нэгэн вирус удаан хугацаанд үргэлжлэхээр хувиралд ордог.

"МУТАЦИД ОРСОН ХАЛДВАРЫН ХУВЬД МАНАЙ ГУРВАН ЭМЧ ЯПОН УЛСАД 20 ОРЧИМ СОРЬЦ ДЭЭР СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА"

ХӨСҮТ-ийн захирал Л.БАТТӨР:

-Хөл хорио тогтоосны үр дүнд ирэх есдүгээр сар хүртэлх хугацаанд өвчилж болох 100 мянган хүнийг халдвараас сэргийлж чадсан. Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 900-700 хүртэл буурна гэж таамаглаж байсан ч харамсалтай нь тэр тоондоо хүрч чадсангүй. Тухайлбал, хөл хорионы үед иргэдийн хөдөлгөөний эрчмийг судалж үзэхэд өмнөх хоёрдугаар сард тогтоосон хөл хориотой харьцуулахад хөдөлгөөн их байсан.

Хөл хорио тогтоохоос өмнөх тав хоног тутамд тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэж байсан. 200 байснаа тав хоногийн дотор 400, дахиад тав хоноход 800 болж байсан. Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт  3000-4000 халдвар бүртгэгдэх байсан. Мутацид орсон халдварын хувьд манай гурван эмч Япон улсад 20 орчим сорьц дээр судалгааг хийж байна.

Бид цаг хугацаа хожихын тулд зарим газрын санал болгосон PCR дээр суурилсан мутацид орсон хэлбэрийн вирусийг илрүүлэх шинжилгээг хийж үзсэн. Халдварын тоо буурахгүй, нас баралт нэмэгдээд байгаагийн шалтгааныг тодруулахын тулд анализ хийх үүднээс 33 сорьцыг шинжилгээнд хамруулсан. Ингэхэд Турк улсаас ирсэн гурван иргэнд Английн мутацид орсон вирус илэрсэн. Дээрх иргэд нь Турк улсаас ирээд арав хонож байна. Одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Мөн хүн амын дунд хийсэн судалгаанаас хоёр хүнээс мутацид орсон Covid-19 илэрсэн. Бусад хүмүүст нийтлэг Covid-19-ийн тохиолдол илэрсэн. Үүнээс харахад нийт хүн амын дунд мутацид орсон халдвар тархсан гэж хэлэх үндэслэлгүй. Мутацид орсон вирус гэлтгүй эмчилгээ болон халдвар хамгааллын дэглэм адилхан хийгдэнэ. Тиймээс мутацид орсон вирусийг илрүүлэх шинжилгээний аргыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Мутацид орсон хэлбэрийн вируст вакцин үр нөлөөгүй гэх судалгаа олон улсад хийгдээгүй. Нас баралтыг бууруулахын тулд шинж тэмдэгт суурилж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.

"МУТАЦИД ОРСОН ВИРУС ХҮН АМЫН ДУНД ТАРХСАН ЭСЭХИЙГ ТОДОРХОЙЛОХЫН ТУЛД ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА"

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Нийтийн дундаас хоёр хүнээс мутацид орсон вирус илэрсэн гэлээ. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-ХӨСҮТ дээр батлагдсан сорьц дундаас шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр нэг гэр бүлийн хоёр хүнээс мутацид орсон вирус илэрсэн .Эхний ээлжид 12 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Дараа нь ХӨСҮТ-д хэвтэж байгаа 22 хүнээс тандалт хэлбэрээр шинжилгээ авч үзэхэд Турк улсаас ирсэн гурван хүнээс илэрсэн. Мутацид орсон вирус хүн амын дунд тархсан эсэхийг тодорхойлохын тулд тандалт судалгаа хийж байна.

-Хөл хориог сунгасантай холбогдуулан иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэх үү?

-Хатуу хөл хориог үргэлжлүүлэх болсноор иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар яригдаагүй. Гурван хувийн хүүтэй зээлийн хүсэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд Засгийн газар, Сангийн яамнаас анхаарал тавин ажиллаж байна.

-“Карантин 14” нэвтрүүлгийг Засгийн газраас 1.5 тэрбум төгрөг төсөвлөж хийлгэсэн гэх мэдээлэл байна. Үүн дээр тайлбар өгнө үү? 

-Засгийн газар, УОК буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг гаргаагүй. Ийм төсөв ч байхгүй.

-ОХУ-ын "Спутник" вакцин хэзээ орж ирэх вэ?

-Гэрээ хийгдсэн. Вакцин татан авалтын хуваарь өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. ОХУ-аас хуваариа ирүүлсний дараа татан авалт хийгдэнэ.

-14 хоногийн хугацаанд хөл хорио тогтоохоор газар тариалангийн салбар хэцүүдэх юм биш үү. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Тасралтгүй үйл ажиллагаа явуулах салбарууд дунд газар тариалан багтсан. Тухайн орон нутагтаа халдвар хамгааллын дэглэмээ сахиад, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой. Эдийн засагт онцгой ач холбогдолтой салбаруудын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд бүх талаас нь дэмжиж байна.

-ААН-үүдийн НДШ-ийг түр хугацаанд хөнгөлөх боломж бий юу?

-Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн.

-Өнөөдрийн байдлаар хичнээн хүүхэд халдвар авсан бэ. Хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илэрч байна вэ?

-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар халдварын зөөвөрлөгдсөн болон дотоодод батлагдсан нийт 27956 тохиолдол бүртгэгдсэнээс 5408 хүүхэд халдвараар өвчилж, 1725 хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна. Хүүхдүүдэд эмнэлзүйн шинж тэмдэг бага илэрч байна. Хүнд болон хүндэвтэр байдалтай хүүхдүүдэд вирусийн эсрэг эмчилгээ хийж байна. Одоогоор ЭХЭМҮТ буюу бидний нэрлэж заншсанаар Эх нялхсын төвд хүндэрсэн хүүхдүүдийг авч, эмчилгээг үргэлжлүүлж байна. Түүнчлэн Сонсголонд байрлах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд 180 ор дэлгэж, бэлтгэл байдлаа хангасан. Эхнээсээ хүүхдүүдээ аваад, эмчилгээ, тусламж үзүүлж эхэлсэн.

-Иргэдийн хөдөлгөөнийг хэрхэн хязгаарлах вэ?

-Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй. ААН, иргэдийн үйл ажиллагаанд дахин зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Илүү хатуу зохицуулалттай болгосон.

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Friday, April 23, 2021

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж