Ливийн эрэг орчимд хууль бус цагаачид сууж явсан завь хөмөрсний улмаас 130 орчим хүн амиа алдсан байна. Завь хөмөрсөн талаар мэдээлэл авсны дараа ослын газар руу “SOS Mediterranee” хүмүүнлэгийн байгууллага өөрсдийн хөлөг онгоцыг илгээжээ.
Тухайн үед гурван завь байсан бөгөөд тэдгээрийн нэг нь хөмөрч, тус завин дээр явсан хүмүүсээс нэг нь ч амьд үлдээгүй аж.
Цаг уурын таагүй нөхцлийн улмаас аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байжээ. Европын Холбооны хилийн хяналтын “Frontex” агентлагийн нисэх онгоцууд осол гарсан газраас холгүй резинэн завины хэсгүүд олжээ.
Ливи улс нь Европын орнууд руу нэвтрэхийг зорьж буй Африкийн дүрвэгчдийн дамжин өнгөрөх гол цэг хэвээр байгаа юм. Ливийн Хүний эрхийн хорооноос мэдээлснээр, 2020 онд тус улсын эрэг хавиас 11 мянга гаруй хууль бус цагаачийг аварсан бол 300 гаруй хүн амиа алджээ. Энэ нь зөвхөн албан бичиг дээрх тоо бөгөөд бүртгэлгүй хичнээн цагаач нэвтрэх оролдлого хийхдээ живж амиа алдсан нь тодорхойгүй байдаг аж.
Хууль бус цагаачдыг резинэн завиар, нэг дор маш олноор нь тээвэрлэсний улмаас байнга ийм төрлийн осол гардаг байна.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ