"Сонгуульд гаднын туслалцаа авахгүй тохиролцоог АН зөрчлөө"

Хуучирсан мэдээ: 2021.04.23-нд нийтлэгдсэн

"Сонгуульд гаднын туслалцаа авахгүй тохиролцоог АН зөрчлөө"

"Сонгуульд гаднын туслалцаа авахгүй тохиролцоог АН зөрчлөө"

УИХ-ын чуулганы өчигдөр (2021.04.22)-ийн нэгдсэн хуралдааны үеэр нэр бүхий гишүүд УИХ-ын гишүүн Ц.Туваан АНУ-ын Лобби бүлэгтэй 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан тухай асуудлыг хөндсөн. Энэ талаар өнөөдөр (2021.04.23) УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

-Би энэ мэдээг сонсоод хувь хүнийхээ хувьд цочирдсон. Яагаад гэхээр Монголын АН АНУ-ын лобби бүлэгтэй  Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр сарын хугацаанд хамтран ажиллах 50 мянган ам.долларын гэрээ хийсэн гэсэн мэдээ тавигдсан. 2008 оны долдугаар сарын 1-нээс хойш Монголын улс төрийн намын гол гол хүчнүүдийн хооронд бичигдээгүй хууль болсон аман тохиролцоо явж ирсэн. Тэр нь “Сонгуулийн үеэр гадаад, дотоодын дэмжлэг туслалцаа авахаа больё. Сонгуулиа өөрсдөө хийж байя” гэсэн тохиролцоо байсан. Энэ тохиролцоо энэ гэрээгээр эвдэгдээд, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилчилгааны үед хоёр сарын хугацаатай гэрээ байгуулсан байна. Бид уг нь аймшигтай бөгөөд аюултай түүхийг давж гарч ирсэн ард түмэн. Монголчууд бид улс төрийн эрх мэдлийн төлөө хоорондоо тэмцэлддэг, муудахаар гаднынхны хүч дэмжлэг туслалцааг дулдуйддаг, татаж оролцуулдаг, үүнээсээ болж эх орныхоо тусгаар тогтнолыг алддаг XX зууныг даваад гарсан учраас улс төрийн намуудын хооронд ийм аман тохиролцоо байсан. Гэтэл энэ зөрчигдсөнд харамсаж байна.

АНУ-ын Гадаадын лобби бүртгэлийн тухай 1938 оны хуулиар гадаадын аль нэг байгууллага, улс төрийн хүчний өмнөөс лобби хийх бол вэб сайтад бүртгүүлдэг. Ингэж бүртгүүлэхдээ гэрээгээ хавсаргадаг. Түүнийг АНУ-ын Хууль зүйн яам бүртгэдэг. АНУ-ын Хууль зүйн яамны Үндэсний аюулгүй байдлын газар буюу Сөрөх тагнуулын хэлтсийн хөтөлдөг вэб сайт дээр энэ гэрээ гарч ирсэн. Өчигдөр Ц.Туваан гишүүнээс асуухад “Энэ талаар мэдэхгүй, манай нам гэрээ байгуулаагүй” гээд байгаа юм. Би Ц.Туваан гишүүнд итгэж байна. Гэхдээ Ц.Тувааны өмнөөс хэн гарын үсэг зурчихав аа. Америкчууд Монголын Ардчилсан намын өмнөөс өөрөө өөрсдөө гарын үсэг зураад, 50 мянган ам.долларын гэрээ байгуулахгүй нь тодорхой. Мөн гэрээний зорилго нь их ойлгомжгүй байгаа юм. Монголын АН-ын нэрийн өмнөөс Монголын ардчилал, тусгаар тогтнолыг дэмжих зорилготой гэсэн гэрээ байгуулсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ:

-АНУ-ын хуулийн дагуу бүх лобби компанитай хийсэн гэрээг ил болгодог. Энэ вэб сайт руу ороод харахаар авлигын сүлжээнд холбогдсон улс төрийн албан хаагчид АНУ-ын лобби компаниудыг хөлслөн, хууль зүйн болон бусад дэмжлэг авсан талаар маш олон баримт ил болгосон байдаг юм байна. Тухайлбал, 2021 оны хоёрдугаар сарын 1-нд Монголын улстөрч, уул уурхайн авлигын холбоотой лобби бүлэг хөлсөллөө гэсэн гэрээ тавьсан байгаа юм. Мөн Мьянмарт төрийн эргэлт хийгээд байгаа цэргийнхний хоёр сая ам.долларын гэрээг тавьсан байна.

АН-тай хийсэн 50 мянган ам.долларын гэрээ улс төрийн зорилготой. Зөвхөн 50 мянган ам.доллараар зогсохгүй хэвлэл мэдээллийн салбарт хийсэн үйлчилгээний төлөө 100 мянгаас доошгүй төлбөр орж ирвэл ажлын гурав хоногийн дотор шилжүүлэх ёстой гэсэн байна. Үүнээс гадна энэ гэрээнд маш их мөнгөний дүнг тусгасан байна. Намын санхүүжилт олон нийтэд ил тод байх ёстой. АН Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж асар өндөр мөнгөн дүнгээр лобби бүлэгтэй гэрээ байгуулсан. Энэ нь улс төрийн хувьд ч, тэр тусгаар улсын хувьд ч тэр Монгол Улсын дотоод хэрэгт оролцож байгаа хэлбэр учраас МАН санаа зовниж байна. Уг асуудлаар АН албан ёсны байр сууриа илэрхийлэх ёстой.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ:

-Хаана ч, юу ч нууж болдоггүй болсон нь ардчилсан улсын нэг сайхан зүйл. Ил тод байдал гэдгийн хүчийг иргэд, улстөрчид харж байна. Дэлхийн мэдээллийн уурхай болчихсон байгаа үед ийм гэрээ байхгүй гэж чуулганы хуралдаан дээр хэлж болохгүй. АНУ-ын лобби компаниудын гэрээ, хэлэлцээрийг албан ёсоор бүртгэдэг бүртгэлийн системд албан ёсны бичиг баримт л бүртгэгддэг. Энэ гэрээ бол бодитой, баталгаатай хийгдсэн гэсэн үг. Хоёрдугаарт, гэрээнд хэн гарын үсэг зурсан бэ гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох шаардлагатай. Бид ардчилсан тогтолцоогоо өөрөө өөрсдөө хийх ёстой. Хэн нэгний оролцоогүйгээр бид сонгуулиа хийдэг байх хэрэгтэй. Цэргийн дэглэмтэй зэрэг улс орнуудад зөвлөгөө өгч, тархи угаалт хийдэг лобби бүлгийг хөлслөх гэж байгаа нь манай ардчиллын дархлаанд асар сөргөөр нөлөөлнө. 2008 оны долдугаар сарын 1-ний түүхэн хар өдрийн үйл явдалд гаднын улсын оролцоо орсон эсэхийг одоогоор тогтоож чадаагүй. Ардчиллын дархлааг хамгаалахад АНУ-ын хөлсний лобби компанитай Монголын улс төрийн томоохон нам гарын үсэг  зурсан нь маш ноцтой асуудал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж