Италид хэлэлцэх гэж буй шинэ хуулийн төсөлд дурдсанаар муухай зайрмаг хийх нь гэмт хэрэг аж. Зуны халуун өдөр гудамжинд тааралдсан зайрмагны мухлагаас олон өнгийн, сайхан амттай хүйтэн зайрмаг авч идэхэд амьдрал үнэхээр сайхан санагддаг. Гэтэл зайрмагны зарим худалдагч нар өндөр үнээр жижиг зайрмаг зарахын тулд зайрмагныхаа дунд хоосон зай үлдээх зэрэг таагүй арга хэрэглэдгийг Италийн хууль тогтоогч нар тэвчдэггүй бололтой.
Италийн сенатуудын хэлэлцэж буй шинэ хуулийн төслийн дагуу зайрмагны худалдагч, үйлдвэрлэгчдэд хатуу дэг журам тогтоож, түүнийг мөрдөхгүй бол 13 мянган паунд хүртэл мөнгөөр торгох аж. Эл хуулийг Италийн Вива болон Ардчилсан намын нийлсэн сенатын зургаан гишүүн хамтран санаачилсан бөгөөд үүнийгээ “Зайрмаг хийх энгийн дүрмүүдийг зөрчдөг худалдагчдаас ард иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой” хэмээн тайлбарлажээ.
Хуулийн төслийг социалист үзэлт, сенатч Риккардо Ненсини дэмжиж, “Итали зайрмаг бол пицца, паста шиг манай эх орны нүүр царай, бэлгэ тэмдэг болсон брэндүүдийн нэг. Гэвч бидэнд зайрмагны худалдагчдад зориулсан хууль байхгүй байж болохгүй” хэмээн ярьжээ.
Өдгөө зарим компаниудын зайрмагны найрлагын 80 хувьд агаар шахсан байдаг бол шинэ хуулийн дагуу агаарыг 30 хувь болгож, оронд нь илүү амтлаг олон орц оруулах ёстой болох аж.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ