Ц.Нямдоржийн еэвэн тал байх вий

Хуучирсан мэдээ: 2021.04.23-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийн еэвэн тал байх вий

Монголын улстөрчдөөс, хуульт ёс гэж манай оронд байдаг л юм бол шударга ёсыг шаардах эхний шалтгаан нь “С.Зоригийг хөнөөхийг хэн захиалав? Хэн гүйцэтгэв” гэх гуйвуулах аргагүй ганцхан утгатай асуулт. С.Зориг агсаныг хайрлах, эс хайрлах, үгүйлэх, эс үгүйлэхээс үл шалтгаалан түүнийг цаг бусаар үгүй болсноос хойших 23 жилийн турш энэ асуултын хариуг хүлээх ард түмний горь болд шиг хатаагдсаар ирлээ. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх эрх баригчдын хүсэл эрмэлзэл зөвхөн улс төрийн сонгуулийн өмнө л сөхөгддөг жамаараа одоо ч мөн эрчимжиж байна.

2021.03.25. С.Зоригийг хөнөөсөн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн албан бичгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар хүлээлгэн өглөө.

2021.03.29. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан 13 өмгөөлөгчөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд С.Зоригийн хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгох асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг хүслээ.

2021.03.31. Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн” гэж жиргэв. Энэ талаар хуульч Б.Мэргэн “С.Зоригийн хэргийг бүхэлд нь буюу бүх материалыг ил болгоно гэсэн юм байна. Гэхдээ эрүүдэн шүүсэн гэх хэрэг, ҮАБЗ-д танилцуулсан протокол, хэн хэргийг илрүүлэхгүй талаар хөөцөлдөж байсан тухай гүйцэтгэх ажлын баримтууд ил болж байж бүх бузар булай илчлэгдэх учиртай” гэж жиргэсэн юм.

2021.04.05. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр Ү.Сарнай Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, ТЕГ-ын дарга, Улсын ерөнхий прокурорын нэр дээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэрэг, “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг улсын нууцаас бүхэлд нь гаргах тухай шаардлага хүргүүлэв.

2021.04.19. С.Зориг агсаны ар гэр Санжаасүрэнгийн Баяраа, Санжаасүрэнгийн Оюун нар “Монгол Улсын Засгийн газраас саяхан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь төрийн нууцаас гаргаж нээлттэй болгохоор шийдвэрлэсэн нь зөв зүйтэй алхам боллоо гэж бид үзэж байна. Өнгөрсөн хугацаанд хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж, шүүх ажиллагааг бүх шатанд хаалттай явуулсныг бид анхнаас нь эсэргүүцэж, энэ үндэслэлээр шүүх хурлуудад зөвхөн өмгөөлөгчөө оролцуулан хохирогч бид оролцоогүй. Бид хэргийн материалыг нууцаас гаргахыг шаардаж прокурор, шүүх, УИХ зэрэг төрийн байгууллагуудад удаа дараа хандаж байсан боловч аль нь ч нааштай шийдвэрлэж байгаагүй” хэмээн мэдэгдлийнхээ эхэнд өгүүлэв.

Эдгээр өрнөлөөс харахад, С.Зоригийг хөнөөсөн хэргийг бүхлээр нь 100 хувь нууцаас гаргах нь тодорхой болсон гэж ойлгож болохоор. Энэ бол мөрдөн байцаалтын хавтаст хэргүүд, анхан, давж заалдах, Дээд шүүхийн шүүх хурлуудын протоколыг бүхэлд нь ил болгох асуудал. Үнэхээр ингэж чадвал эрүүдэн шүүгдсэний улмаас тэсэхүйеэ бэрх болж хилс хэрэг хүлээсэн хэмээн олны өрөвдөж буй Т.Чимгээг ямар нотлох баримтаар буруутгасан нь нийтэд ил болох бөгөөд тэр цагт л ялтан болоод буй Амгаланбаатар Содномдаржаа, Чимгээ нарын буруу, зөв ямар ч улс төрийн нөлөөгүйгээр аяндаа тодрох нь гарцаагүй. Тэднийг ирэх сард батлан даалтад гаргах тухай мэдээ цацагдах болсон нь цаашлаад гэм буруугүй хэмээн цагаатгах алхамд бэлтгэж эхэлсний урьтал юм шиг уншигдана. Тиймээс хууль, шүүхэд эргэлзэж цөхөрсөн олон түмний эргэлзээ тээнэгэлзээг арилгахын тулд, энэ удаагийнх мөн л “С.Зориг” гэдэг эрээ цээргүй улс төрийн энтертайнмент шоу биш гэдгийг нотлох шаардлага эрх баригчдын өмнө тулгарлаа. Гэвч…

Өнөөдрийг хүртэл гурван удаа С.Зоригийг хөнөөсөн хэргийн баримтуудаас хэсэгчлэн ил болгосон ч тэр нь бүх баримт биш байлаа. Өмгөөлөгч нараас Ерөнхийлөгч Х.Баттулгад хаягласан хүсэлтэд энэ хэргийг улстөржүүлж буй талаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч биш нэр бүхий улс төрчид хэрхэн олж мэдсэн нь тодорхойгүй ч хэргийн болон шүүх хуралдааны явцад дурдагдсан зарим мэдээллээс өөрсдөд ашигтай байж болохоор хэсгүүдийг олон нийтэд удаа дараа задруулсаар байна… Цаашид ч улс төрийн хувьд ашигтай гэж үзсэн тохиолдолд төрийн нууцыг задруулсаар байхыг үгүйсгэхгүй юм. Өмгөөлөгч нарын зүгээс хууль тогтоомжийн дагуу хэргийн талаар мэдээлэх боломжгүй нөхцөл байдлыг далимдуулан нэр бүхий улстөрчид өөрсдийн улс төрийн нэр нөлөө, боломжийг ашиглан бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг түгээж, олон нийтийг төөрөгдүүлж байна. Төрийн болон албаны нууцын тухай хуульд нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас нууцад хамааруулсан мэдээллийг цаашид нууцлах шаардлагагүй болсон, нууцлах хугацаа дуусгавар болсон тохиолдолд мэдээллийг ил болгохоор зохицуулсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тул түүнтэй холбоотой мэдээллийг нууцлах шаардлагатай байсан нөхцөл байдал өөрчлөгдсөн, нууцлах хугацаа дуусгавар болсон” гэж бичжээ. Энд “нэр бүхий улстөрч” хэмээгдсэн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг нэрлэснийг тааж цөхөх зүйлгүй. Ц.Нямдорж гуай өөрөө дуртайдаа талыг нь идчихсэн еэвэн барьж цадчихаад нөгөө талыг нь “Аан нөгөө тал нь уу, бүхлээрээ энэ байна” хэмээн тал еэвэнгийн молиго үмхүүлэх гэж байгаа юм биш биз?

Б.Хурцын эхнэр Ү.Сарнай цахим хуудастаа “Засгийн газраас ил болгох гэж байгаа хэргийн материалууд дотроос ялтнуудын хоорондоо утсаар ярилцсан, уулзалдсан бичлэгүүд алга болчихвий. Зарим баримтыг санаатайгаар сугалж аваад дарчихгүй байгаа” гэх хардлага учир мэдэх хүмүүсийн дунд байгаа нь нууц биш. Гэвч нэр бүхий улстөрчид зөвхөн өөрсдөдөө ашигтай хэсгүүдээс тасдаж үзүүлэхээр “найруулагч”-ийнхаа ажилд хэдийнэ орсон тухай мэдээлэл ч байна. Тодруулбал, “Жирийн иргэдийг хэлмэгдүүлэхэд оролцсон гэрчүүдийг байраар шагнасан” мэтээр мушгин гуйвуулж үзүүлэхээр бэлтгэж буй гэх. Тиймээс энэ мэт явуургүй санаархлаа зогсоож, энтертайнмент улс төр хийхгүй байхыг үнэнийг олж мэдэх гэсэн Монголын жирийн иргэний хувьд шаардаж байна” гэж бичсэн нь мөн л анхаарал татаж байна.

Энэ нийтлэлдээ яагаад Ү.Сарнайн цахим хуудас дахь бичвэрээс эш татав гэвэл С.Зоригийг хөнөөсөн хэргийн зангилааг тайлах чухал нэг хэрэг бол яахын аргагүй түүний нөхөр, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг ялласан “Эрүүдэн шүүсэн” хэрэг. Сая Б.Хурц нарын хэргийг шүүхдээ Дээд шүүх “Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчөөгүй” гэжэнэ хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, харин “Эрүүдэн шүүсэн” гэдгээр ялласан. Тиймээс “Эрүүдэн шүүсэн” хэргийг нь ч нууцын зэрэглэлээс гаргах хэрэгтэй. Мөн Б.Хурцын карьерыг үргэлж дагаж ирсэн Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэргийг ч олон нийт бүхлээр нь ил үзэх шаардлагатай.

Одоо л энэ бүхнийг бүрэн илчлэхгүй юм бол хэрэг ужгиран замхарч, дараа дараагийн сонгууль болгоны өмнө ил гаргаж ард түмний эрхийг зөрчдөг хөзөр нь “С.Зориг” болох нь. Ц.Нямдоржийн еэвэн тал байх вий!

Б.ЭНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж