ЭМЯ: 1264 хүнээс Covid-19 илэрч, найман хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.23-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 1264 хүнээс Covid-19 илэрч, найман хүн нас барлаа

ЭМЯ: 1264 хүнээс Covid-19 илэрч, найман хүн нас барлаа

ЭМЯ-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.04.23)-ийн мэдээллээ хийлээ. 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Монгол Улсад сүүлийн 24 цагт 10109 хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 1264 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 27956 болсон байна. Мөн өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас найман хүн нас барлаа.

Үүнээс дотоодын халдвар 1263 бүртгэгдсэн бөгөөд эмнэлгээс шалтгаалах халдварын нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ. Улаанбаатарт шинээр 1103 тохиолдол бүртгэгдэж, 24244 болсон бол орон нутагт 160 тохиолдол батлагдаж, нийт 3133 тохиолдол боллоо.

Тодруулбал, cүүлийн 24 цагийн байдлаар, 64 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 2-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Мөн 57 настай эрэгтэй энэ сарын 22-нд оношлогдож, цар тахлын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 94 настай эрэгтэй энэ сарын 12-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бол 81 настай эрэгтэй энэ сарын 21-нд онош батлагдаж, эмнэлэгт нас барав. Мөн 60 настай эрэгтэй, 56 настай эмэгтэй, 62 настай эрэгтэй, 62 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 69 боллоо.

Үүнээс гадна 486 хүн эдгэрсэн байна. Нийт эдгэрсэн хүний тоо 14258 боллоо.

Орон нутгуудад шинээр 160 тохиолдол батлагджээ. Халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр авч үзвэл:

  • Архангай аймагт –3
  • Баян-Өлгий аймагт –1
  • Булган аймагт-1
  • Дархан-Уул аймагт – 30
  • Дундговь аймагт – 4
  • Завхан аймагт –49
  • Орхон аймагт –15
  • Өвөрхангай аймагт –13
  • Сэлэнгэ аймагт –3
  • Төв аймагт –36
  • Ховд аймагт –4
  • Хөвсгөл аймагт –1
  • Хэнтий аймагт –1 тохиолдол тус бүр батлагдаад байна.

Нийт эмчлүүлж байгаа 4127 хүнээс

  • 2338 хүний бие хөнгөн
  • 1374 хүний бие хүндэвтэр
  • 351 хүний бие хүнд
  • 64 хүний биеийн байдал маш хүнд байна.

“УЛСЫН ХЭМЖЭЭНД 13 ЭМНЭЛЭГ ДЭРГЭДЭЭ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭРТЭЙ”

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.БУЯНТОГТОХ:                   

-Эмнэлэгт хэвтэж буй болон гэрээр эмчилгээ хийлгэж байгаа өвчтөний тоо эрс нэмэгдэж байна. Хөл хорионы хугацаанд батлагдсан тохиолдлын тоо огт буурсангүй, 1000 давж байна гэж хүмүүс шүүмжилж байна. Хэрвээ хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт 31 мянга хүртэл нэмэгдэх тархвар судлалын тооцоо гаргасан байсан. Хэрвээ тэгсэн бол эрүүл мэндийн систем уналтад орох байсан. Гэхдээ хүссэн хэмжээнд халдварын тархалтыг бууруулж чадсангүй. Эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн тоо хөл хорионы төгсгөлд буурсан байх, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо, нас баралт буурсан бол хөл хориог сулруулах шаардлагатай. Халдварын тархалтыг тодорхой түвшинд бууруулах нь маш чухал байна.

Халдварын улмаас нэн хүнд хэлбэрээр нас барах тохиолдол 2-4 долоо хоногийн дараа гардаг. Өнөөдрийн нас баралтууд 2-4 долоо хоногийн өмнө халдвар авсан хүмүүс байна. Одоогоор нийт нас баралтын ихэнх тохиолдол эмнэлэгт, 20 хувь нь гэрт бүртгэгдсэн. Гэрт нас барж байгаа тохиолдлуудад шинж тэмдэг илэрсэн хэдий ч эмнэлэгт хандаагүйгээс хүндэрч байна. Нас баралтуудыг авч үзэхэд архаг хууч өвчтэй хүмүүс халдвар авч, улмаар өвчин хавсарсны улмаас нас барж байна.

Дан цар тахлын хүндрэлээс болж нас барсан тохиолдол бага байна. Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж, дүүрэг дээр эмнэл зүйн баг ажиллаж байна. Улаанбаатарт гурван хүчилтөрөгчийн үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрийн өдөрт гаргаж буй хүчилтөрөгчийн хэмжээ өнөөдрийн өвчтөнүүдэд хангалттай хүрэлцэж байна. Улсын хэмжээнд 13 эмнэлэг дэргэдээ хүчилтөрөгчийн үйлдвэртэй. Зөвхөн нэг эмнэлэг тухайлбал, Цэргийн төв эмнэлэгт өмнөх сартай харьцуулахад хүчилтөрөгчийн хэрэгцээ 3-3.5 дахин нэмэгдсэн байна. Хүний тоо өсөх хэрээр хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэж байна.

Уушги орлуулах аппарат улсын хэмжээнд гурав байна. Нэгийг нь удахгүй ашиглаж эхэлнэ. Энэ аппарат олон байлаа гээд асуудал шийдэгдэхгүй. Хүндэрсэн хүмүүс эмнэлэгт хандмааргүй байна.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Thursday, April 22, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж