Чуулган: Гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн салбарууд хөгждөггүй

Хуучирсан мэдээ: 2021.04.23-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн салбарууд хөгждөггүй

Чуулган: Гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн салбарууд хөгждөггүй
12 : 24
2021-4-23

Засгийн газар амаараа ярих биш бүтээлч бай!

Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан дараах гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Газар тариалан, мал аж ахуйн салбар хөгжихгүй байгаагийн гол шалтгааныг салбарын сайд нь юу гэж харж байна вэ? Яагаад өрсөлдөх чадваргүй байгаад байна вэ. НӨАТ, гаалиас чөлөөлсний үр дүнд буцаад нөгөө салбарууддаа ямар шаардлага тавих вэ?

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний өртөг шингэсэн сүлжээг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд санаачлаад хийж байна. Хамгийн түрүүнд хийх бодлогын ажил бол цахим хөдөө аж ахуй буюу салбарын цахим шилжилт юм. Цахим шилжилтийн үр дүнг бид хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэж тодорхойлж болно. Энэ цахим шинэчлэл нь мал аж ахуй болон газар тариалангийн салбарыг мөшгих, чанарын удирдлагын систем, арилжааны буюу биржийн систем, төлөвлөлт, хяналт, мониторингийн системийн цогц сүлжээ юм. Цахим бүрэн шилжсэнээр хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, бүтээмж, өгөөжийг нэмэгдүүлэх, цаашид экспортын гарц нэмэгдүүлэхэд хамгийн том түлхэц болно.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Бүх зүйлийг хөнгөлөх тусам тухайн салбар улам л унана. Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг сүүлийн 12 жил хөнгөлж чөлөөлсөн. Гэтэл салбар нь яг хэвэндээ. Салбарын хөгжил гэдэгт зөвхөн бүтээгдэхүүн бус, тэр бүтээгдэхүүнийг гаргахад оролцож байгаа бүх зүйл хамаарна. Тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, химийн бодис, бордоо, савлагаа зэрэг бүх зүйлс багтана.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Бяслагны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд чөлөөлөгдөж байгаа юу?

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Сүү боловсруулах чиглэлийн үйлдвэрүүдэд бодлогын арга хэмжээ аваад явж байна. Үүнтэй холбоотойгоор Энэтхэг улстай хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр эхний байдлаар 2-3 уулзалт хийсэн. Үр дүн сайтай байна. Жижиг, дунд үйлвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийн ангилал дотроо маш олон. Үүн дээр бяслагны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд орж ирээгүй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Тодорхой 1-2 зүйлийг барьж аваад, зорилго тавиад зүтгэ. Монгол үнээний сүү органик учраас бяслаг, хуурай сүү хийж болж байна. Бид 10 мянган тонн бяслаг үйлдвэрлэхэд дэлхийд ноолуур шигээ тоглогч болох боломжтой. Ийм зорилго тавь л даа. Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүсээс зорилго, зүтгэл ерөөсөө харагдахгүй юм. Засгийн газар амаараа ярих биш, бүтээлч бай.

Дээрх хуулиуд батлагдсанаар 2025 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл үйлчлэх юм.

Ийнхүү УИХ-ын Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

11 : 40
2021-4-23

"Гааль, татвараас чөлөөлөх нь оносон шийдвэр биш"

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Н.Алтанхуяг гишүүний хэлж байгаатай санал нэг байна. Бид олон жил ХАА-н салбарт хөнгөлөлт чөлөөлөлт хийж байна. Тиймээс бид шинэлэгээр зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлмээр байна. ХАА-н салбарт олон жижиг дунд үйлдвэр хөгжих бүрэн боломжтой. Улс орнууд импортын татварыг нэмэх чиглэлээр өрсөлдөж байхад бид бусад орны үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого бариад байгаа учраас сүүлийн 10 жил энэ салбар хөгжсөнгүй. Хүлэмжийн аж ахуй, шинэ технологи хөгжүүлэх тал дээр ХХААХҮ сайд ажиллах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

-ХАА-н зориулалттай тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-ын татвараас чөлөөлөх хууль 2008 онд батлагдаад, 2016 он хүртэл гааль, 2020 он хүртэл НӨАТ-аас чөлөөлсөн. Энэ хугацаанд нийтдээ 281 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлсөн нь тариалан эрхлэгчдэд үүсэх татварын дарамтыг багасгасан. Дээрх шийдвэрийн үр дүнд ХАА-н салбарын техникийн шинэчлэл 65 хувьд хүрсэн хэдий ч хүнсний ногооны тоног төхөөрөмж хангалтгүй хэвээр байна. Мөн цар тахлын улмаас газар тариалангийн салбарт хэрэглэдэг импортын тоног төхөөрөмж, бордоо зэрэг бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Банкны зээлийн хүү өндөр байгаагаас техник, тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийгдээгүй байгаа энэ үед хуулийн төсөл дэмжлэг болж чадна гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Өнөөдрийн байдлаар ХАА-н салбарын хөгжил бусад орнуудтай харьцуулахад маш доогуур түвшинд байна. Мал аж ахуй, газар тариалан аль аль нь адилхан. Хуулийн төслийг дэмжиж байна. Засгийн газар болон ХХААХҮЯ-аас төслийг оруулж ирж байгаад талархаж байна. Зөвхөн тариалалт эрхлэх хугацаанд биш, 5-10 жилийн ХАА-н салбарын хөгжлийг хараад, түүндээ нийцүүлэн хөнгөлөлт, чөлөөлөлт олгох асуудлыг оруулж ирэх нь зүйтэй. Зөвхөн цаг хугацааны үед биш ерөнхийд нь төлөвлөлт хийх хэрэгтэйг хэлэх нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

-Байнгын хорооноос хугацааг богиносгож байгаа тал дээр санал нийлэхгүй байна. Аливаа бодлого тууштай байх ёстой. Хугацаа тогтвортой байх нь зөв. 1990 онд Монгол Улс 100 мянга хүрэхгүй га талбайд тариалалт хийдэг байсан. 2008 оны Атрын гуравдугаар аяны ачаар 400 хүртэлх мянган тонн улаан буудайг хурааж авч чадсан. Энэ бол дэмжлэгийн үр дүн. Дотооддоо үйлдвэрлэж чадахгүй байгаа бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө хөнгөлөлттэй үнээр оруулж ирээд, 4-5 жил тогтвортой дэмжиж байж хүнсний асуудлаа бүрэн хангаж чадна. Монголчууд ер нь уйдамтгай зантай. Овоо хэдэн жил дэмжиж явж байгаад яасан их дэмжлэг авдаг юм бэ гээд голоос нь хаячихдаг. Тэгж хайнга хандаж болохгүй. Хөл хорионы үед "Барс" худалдааны төвийн лангуу ногоогүй болсон. Тиймээс бид тууштай 30-40 жил дэмжлэг үзүүлж байж хүнсний аюулгүй байдал хангагдана. Тиймээс байнгын хорооны хугацаа богиносгох саналыг дэмжихгүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Гааль, НӨАТ-аас чөлөөлсөн салбарууд хөгждөггүй. Гол шалтгааныг нь мэдэхгүй байна. Чөлөөлөх тусам асуудлууд гарч ирээд байдаг. Чөлөөт өрсөлдөөн бий болдоггүй. Хөрөнгө оруулалт ордоггүй. Төрийн бодлого ойлгомжгүй учраас хүмүүс дөлдөг юм шиг байгаа юм. Би Т.Аубакир гишүүнтэй санал нэг байна. Дэмжвэл урт хугацаанд дэмжих хэрэгтэй.

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.

Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

10:40
2021-4-23

НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар С.Одонтуяа гишүүн Ерөнхий сайд, УОК-ын удирдлагуудыг байлцуулан цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл сонсох санал гаргасан.

Түүний саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч, чуулганы үдээс хойших хуралдаанд цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсохоор товлосон юм.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас "Цар тахлын нөхцөл байдлыг УОК-оос өдөр бүр тогтсон цагт олон нийтэд хүргэж, Засгийн газар долоо хоног бүр ээлжит хуралдаанаар авч хэлэлцэн, шаардлагатай шийдвэр гарган ажиллаж байгаа бөгөөд саяхан УИХ-д холбогдох сайд нар мэдээлэл хийсэн. Иймд цар тахлын асуудлаар дараагийн долоо хоногт мэдээлэл өгөх саналтай байна" гэсэн санал ирүүлсэн учраас дээрх мэдээллийг сонсохыг хойшлуулав.

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас/ НӨАТ/ чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөхөөр тусгасан.

Хэлэлцэх асуудлыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Тэрбээр “УИХ-д өргөн мэдүүлсэн НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ дөрөвдүгээр сарын 22-нд хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Төсвийн байнгын хороо хуралдаж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед хүлэмжийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг төсөлд нэмж тусгах, хуулийн үйлчилж эхлэх хугацааг Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй нийцүүлэн ердийн журмаар дагаж мөрдөхөөр санал гаргасан. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн” гэлээ.

УИХ-ын гишүүд НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Хуулийн хэрэгжих хугацааг 2025 оны нэгдүгээр сар хүртэл сунгах санал гаргасан. Монгол Улс олон жил хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, химийн бодис бордооны татварыг чөлөөлж ирсэн. Энэ нь бусад орны үйлдвэрлэгчдийг дэмжээд, Монголд зөвхөн худалдааг дэмжээд байна. Хөдөө аж ахуйн салбар жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой салбар. Ажлын байр ихээр бий болгох боломжтой. Тоног төхөөрөмжүүдийг дотооддоо үйлдвэрлэдэггүй юм гэхэд угсардаг болмоор байна. Төрөл бүрийн химийн бодис бордоог Монголд үйлдвэрлэдэг болох чиглэлд бодлого гаргах хэрэгтэй. Дэлхийн улс орнууд хоорондоо энэ төрлийн татварыг нэмэх чиглэлээр худалдааны дайн хийхдээ хүртэл тулж байна. Бид зөвхөн худалдааг дэмжих чиглэлээр бодлого явуулах нь буруу. Тиймээс энэ хуулийн үйлчлэлийг зөвхөн нэг жилээр байхаар тогтох нь зөв болов уу гэх асуудал яригдсан.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

-Төслийг дэмжиж байна. Өчигдрөөс хойш асууж байгаа зүйл бол хүртээмжийг илүү бодолцмоор байна. Зөвхөн газар тариалангийн бүсүүдэд тариалалт хийх асуудал биш бөгөөд говь, хээрийн бүс нутагт хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийг нэмэх нь зүйтэй. Бид жил бүр НӨАТ-ыг чөлөөлдөг, гэхдээ хамгийн гол нь дэмжлэг, бодлого хэрэгтэй байна. Хүлэмжийн аж ахуйн талаарх судалгаа, төлөвлөгөө, төсөв байна уу?

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Хуулийг баталснаар хүртээмж улс орон даяар үйлчилнэ. Навчит ургамлын 1/4-ийг дотоодоос хангаж байна. Дотооддоо тарьдаг болох асуудал дээр бодлого гарган ажиллаж байна. Голландын Засгийн газартай хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх талаар санал солилцож байна. Ер нь энэ хуулийн үйлчлэл нь газар тариалангийн шинэ тоног төхөөрөмжийг дэмжих чиглэл рүү хандсан. Шинэ тоног төхөөрөмжийг дагаж, шинэ технологи нэвтэрнэ гэсэн үг.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Гааль, татвараас чөлөөлөх нь оносон шийдвэр бол биш. Ургамал хамгааллын бодис, бордоо гэдэгт эргэлзээд байна. Сайдын хариултаас харахад мөрдөн мөшгилт хийнэ гэж байсан. Тэр үлгэр л дээ. Ногоочид намар ногоогоо хураах үед цагдаа, мэргэжлийн хяналт дарамтлахгүй байвал нийслэлд ногоогоо хямд үнээр зарах боломжтой гэж байсан. Зоорийн аж ахуйг дэмжих хэрэгтэй байна гэж хэлдэг. Бид зөв системээр хураан авч, шинжилдэг баймаар байна. Япон улс шиг хөгжих талаар хөөрхөн юм ярьж байна лээ. Хөдөө аж ахуйн салбарт үүнийг хэрэгжүүлмээр байна. Тогтолцоог өөрчлөх тал дээр ажлын хэсэг гаргаж, баталгаатай хүнс идмээр байх юм. Гаднаас баталгаагүй хүнс оруулж ирдэг дээр нь дотоодын бүтээгдэхүүн ч баталгаагүй болж байна шүү.

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

09 : 00
2021-4-23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай

Улсын их хурал (УИХ)-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2021.04.23) 10.00 цагт эхэлнэ. Энэ өдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

1. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/,

2. Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

3. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

4. Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж