Covid-19-өөс шалтгаалан эрүүл мэндийн байдал нь хүндэрч, уушги нь үрэвссэн нэгэнд хүчилтөрөгч хамгийн чухал. Хүчилтөрөгчийн нөөц дууссанаас үүдэн Энэтхэгт гэхэд 22 хүн нас бараад байгаа. Тиймээс Монгол Улсад хүчилтөрөгчийн нөөц, хангамж хэр байгаа талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.
-Монгол Улсын томоохон эмнэлгүүд хүчилтөрөгчийн өөрийн үйлдвэртэй байдаг. Өнөөдрийн байдлаар хэдэн газар хүчилтөрөгч үйлдвэрлэж байна вэ?
-Улаанбаатар хотод хүчилтөрөгч үйлдвэрлэгч гурван компани байдаг. Өдөрт 1500 орчим баллоныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн улсын хэмжээнд 13 эмнэлэг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй. Эдгээр бэсрэг үйлдвэрүүд нь өөрсдийн эмнэлгийн хэрэгцээг хангадаг.
-Орон нутаг болон хүчилтөрөгч үйлдвэрлэх боломжгүй байгаа газруудад хүчилтөрөгчийг хэрхэн түгээж байна вэ?
-Одоогоор Улаанбаатар хотын найм, орон нутгийн таван эмнэлэгт бэсрэг үйлдвэр байдаг. Бусад нь Улаанбаатар хотоос хүчилтөрөгчөө татаж байгаа. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр тендер зарлагдсан. Зургадугаар сарын 15 гэхэд нэмэлтээр 16 аймагт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулна. Ингэснээр орон нутгийн эмнэлгүүд өөрсдийн хүчилтөрөгчийг хангах боломжтой болно.
-Covid-19 гарснаас хойш хүчилтөрөгчийн хэрэглээ энгийн үеийнхээс хэдэн хувиар өссөн бэ?
-Халдварын тархалтын эхний үед хүчилтөрөгчийн хэрэглээ харьцангуй бага байсан. Харин хоёрдугаар сарын 23-нд хөл хорио тавигдсанаас хойш халдварын тархалт эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд, халдварын шинэ тохиолдол 1000 гаруйгаар нэмэгдэж байна. Үүнийг дагаад хүндэвтэр, хүнд, нэн хүнд хүний тоо нэмэгдсэн. Covid-19-ийн онцлог нь уушги гэмтээж, хүчилтөрөгчийн дутмагшилд оруулдаг.
Хүнд, нэн хүнд, хүндэвтэр хүний тоог өмнөх сартай харьцуулахад 8-20 дахин нэмэгдсэн. Хүчилтөрөгч хэрэгтэй хүний тоо энэ хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Тухайлбал, нэг сарын өмнө Цэргийн төв эмнэлэгт хоногт 30-32 баллон хүчилтөрөгч хэрэглэдэг байсан бол одоо хоногт 110-115 баллон хүчилтөрөгч ашиглаж байна. Нэг эмнэлгийн хүчилтөрөгчийн хэрэглээ 3.5 дахин нэмэгдсэн байна гэсэн үг.
-Хүчилтөрөгчийн нийлүүлэлт тасрахгүй гэх баталгаа байна уу. Ер нь эрэлтийг бүрэн хангаж чадаж байна уу?
-Одоогоор үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын нийлүүлэлтээс харахад хүчилтөрөгчийн хэрэгцээг одоо ч, цаашид ч таслалгүй нийлүүлэх бүрэн боломжтой.
-Хүчилтөрөгчтэй зэрэгцээд амьсгалын аппарат шаардлагатай болдог. Одоогоор Covid-19-ийн үед ашиглах амьсгалын аппарат хангалттай байж чадаж байна уу?
-Улсын хэмжээнд 1000 орчим амьсгалын аппарат бий. Зөөврийн эмнэлгүүдэд 137, төрөлжсөн болон төв эмнэлгүүдэд 500 гаруй нь, нийслэлийн эрүүл мэндийн харъяа байгууллагуудад 230 гаруй, орон нутагт 250 гаруй амьсгалын аппарат бий. Улсын хэмжээнд амьсгалын аппарат хангалттай хэмжээнд бий. Үүнд санаа зоволтгүй. ЭМЯ-наас хүчилтөрөгчийн баллонуудыг үе шаттайгаар нэмж байна. Саяхан 450 ширхэг баллон, 170 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг эмнэлгүүдэд тараасан.
-Нэгэнт уушги нь хүчилтөрөгч хүлээж авах чадваргүй болсон тохиолдолд ашиглах ЭКМО аппарат хэд байгаа вэ. Магадгүй хэд байх шаардлагатай вэ?
-Монгол Улсад ЭКМО аппарат гурав бий. Ихэвчлэн халдвар авсан хүн хавсарсан байдлаар өвдөж, ЭКМО аппаратад орох төвшинд хүрэлгүйгээр бусад өвчний хүндрэлээр нас барах тохиолдлууд гарч байгаа. Уушги амьсгалаа өгч чадахгүй болсон тохиолдолд ЭКМО аппарат ашиглаж байгаа. Одоогийн байдлаар ЭКМО аппаратад орохоор дараалал үүсээгүй. Covid-19-ийн тохиолдол өдөр бүр нэмэгдэж байгаа ч өнөөдрийг хүртэл хоёр хүнийг ЭКМО аппаратаар эмчилсэн байна.
-ЭКМО аппаратад орсон тохиолдолд төлбөр нь маш өндөр гардаг гэсэн. Ямар төлбөртэй байдаг вэ?
-Бид хоёр тохиолдол дээр л ашигласан гэж дээр дурдсан. Эхний тохиолдлын тухайд зөвхөн хэрэглэгдэхүүний зардал нь 35 сая төгрөг гарсан. ЭКМО аппаратыг 5-6 хүн ажиллуулдаг, тэр хүмүүсийн хэрэглэж байгаа, хувцас хэрэглэл, цалин мөнгийг оруулаагүй. Нийт 36 хоног эмчлүүлээд гарахад 86 сая төгрөгийн зардал гарсан. Тиймээс ЭКМО аппаратад ортлоо биеийн байдлаа хүндрүүлэхгүй байх, халдвар авахгүй байх тал дээр анхаарах шаардлагатай байна.
Холбоотой мэдээ