Хөл хорио тогтоосон хугацаанд вакцинжуулалтыг хойшлуулснаар иргэдийн дунд хүлээлт үүсээд буй. Өнөөдрийн байдлаар хүн амын 31 хувь буюу 637415 нь вакцины эхний тунд хамрагджээ. Эхний тунгаас хойш 21-56 хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай байдаг тул иргэд “Вакцины хоёр дахь тун хойшилж, үр дүнгүй боллоо” хэмээн шүүмжлэх болсон.
Эрүүл мэндийн яам вакцинжуулалтыг энэ сарын 25-наас эхлүүлнэ гэж мэдээлсэн ч хугацааг наашлуулж, өнөөдөр (2021.04.23)-өөс дархлаажуулалт эхэллээ.
Тодруулбал, нийслэлд 120, явуулын 40 цэгээр дамжуулан иргэд вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдах нь. Ийнхүү вакцинжуулалтын цэгүүдийг өмнөхөөс гурав дахин нэмэгдүүлснээр өдөрт дунджаар 60 мянган иргэнийг вакцинд хамруулахаар УОК-оос тооцжээ. Гэхдээ хөл хорионы үед вакцины нэгдүгээр тунд эрсдэлт бүлгийн 55-иас дээш насны иргэдийг хамруулах юм.
Өөрөөр хэлбэл, хатуу хөл хорионы үед вакцинжуулалтын хоёрдугаар тунг зохион байгуулах бол нэгдүгээр тунд ахмадууд настнуудыг түлхүү хамруулах нь.
ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГААС ХОЦОРСОН 180 МЯНГАН ИРГЭНИЙГ ДАРХЛААЖУУЛНА
Одоогоор вакцины хоёрдугаар тунд хүн амын 3 хувь буюу 60 мянга гаруй иргэн хамрагджээ. Энэ талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэлэхдээ “Нийслэлд вакцины эхний тунд хамрагдсан 500 мянга, орон нутагт 140 мянга гаруй хүн байна. Вакцины хоёр дахь тунгаас 180 мянга гаруй хүн хоцорсон гэж үзсэн. Тэдний дунд вакцины 56 хоногоос өмнө давтан тунгаа хийлгэх сонирхолтой хүмүүс ч бий.
Дөрөвдүгээр сарын 10, 11, 12, 13-нд вакцины давтан тунг тариулах ёстой байсан 60-70 мянга орчим хүнийг хамруулна. Маргааш нь буюу 13-наас хойш вакцины давтан тунг тариулах байсан иргэд хамрагдах байдлаар вакцинжуулалтыг эрэмбэ дарааллаар зохион байгуулна. Товчхондоо, вакцины давтан тунд хамрагдах ёстой 28 хоногоос хэтэрсэн хүмүүсээ нэн тэргүүнд вакцинд хамруулна.
Ер нь иргэдийн хөл хөдөлгөөн, вакцины татан авалт аль аль талаас нь авч үзвэл эхний ээлжид давтан тунг зохион байгуулах нь чухал. Хэрэв нэг, хоёрдугаар тунд иргэдийг вакцинжуулбал урт дараалал үүсэх эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр вакцины татан авалт, нөөцөө тооцох ёстой ” гэлээ. Түүний хэлснээр, УОК хөл хориог дахин 7-14 хоног сунгасан ч вакцинжуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөө гаргажээ.
НИЙТ 160 ЦЭГЭЭР 59803 ИРГЭНИЙГ ДАРХЛААЖУУЛНА
Иргэдийн хувьд оршин суугаа газрынхаа ойролцоо вакцинжуулалтын цэгт вакцины хоёр дахь тунд хамрагдах боломжтой. Нийслэлийн хэмжээнд дүүрэг бүрт дунджаар 10 цэг ажиллах ба алслагсдан бүсүүдэд явуулын 40 автобус ажиллах юм. Энэ талаар өчигдөр (2021.04.22) УОК-оос мэдээлэл хийх үеэр Нийслэлийн онцгой комисс (НОК)-ын дарга Р.Чингэс хэлэхдээ “Улаанбаатарт 120 цэгээр 281 баг буюу 1890 ажилтан вакцинжуулалт хийнэ. Нийт 59803 иргэнийг дархлаажуулахад тээвэрлэх автобус гаргасан. Дүүрэг бүр дээр автобусны маршрутыг ойрын зайд гаргасан. Дархлаажуулалтын явуулын 40 автобус ажиллана. Явуулын цэгээр дархлаажуулсан хүмүүс дараа нь тодорхой хугацаанд ажиглалтын автобусанд байрлана” гэсэн юм.
Вакцины тухайд, “Синофарм” компанийн ВероСелл вакцины эхний тунг нийслэлийн хэмжээнд 500 гаруй хүн тариулжээ. Мөн “АстраЗенека” вакцины эхний тунд хамрагдсан эрүүл мэндийн салбарынхан болон төрийн албан хаагчид болон үйлчилгээний салбарын нийт 100 мянга гаруй хүн бий. Эдгээр хүмүүс өнгөрсөн долоо хоногоос вакцины давтан тунд хамрагдаж эхэлсэн юм.
Засгийн газар Хятадын “Синофарм” компаниас 900 мянган тун "ВероСелл" вакцин, ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангаас нэг сая тун "Спутник V" вакциныг худалдан авах гэрээ байгуулсан. Үүнээс 300 мянган тун "ВероСелл" вакцинаа хүлээн авсан бол 600 мянган тунг өчигдөр (2021.04.22) хүлээн авсан билээ. Мөн энэ сарын 21-нд "Covax" хөтөлбөрийн хүрээнд АстраЗенека 50.400 тун вакциныг энэ сарын 21-нд хүлээн авсан билээ.
ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ВАКЦИН ХИЙЖ ЭХЭЛСЭН ҮҮ?
Нийслэлд вакцинжуулалт эхэлсэнтэй холбогдуулан хувийн хэвшлийн эмнэлгүүдэд Covid-19-ийн эсрэг вакциныг дунджаар 110 мянган төгрөгөөр хийж байна гэх мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан “Интермед” эмнэлэгтэй холбогдоход “Вакцинжуулалт хийж эхлээгүй. Вакцин хийж эхэлбэл албан ёсоор мэдээлнэ” гэх мэдээлэл өгч байлаа.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Одоогоор хувийн хэвшил дэх тунгийн вакцинжуулалт эхлээгүй” гэсэн тайлбар өгсөн билээ. Фэйсбүүк дэх “Вакцинд хамрагдсан хүмүүсийн групп”-т иргэд "Спутник-V" вакцины хоёрдугаар тунг 110-200.000 мянган төгрөгөөр тариулсан гэх сэтгэгдлүүд хөвөрч байгаа юм.
Одоогоор вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдаагүй 500 гаруй мянган иргэн байгаа аж. Шалтгаан нь, "Спутник-V" вакцин хүлээж байгаа хүн цөөнгүй байгааг албаны хүмүүс хэлж байв. “Спутник V” нэг сая тун вакцин авахаар Монголын “Эм импекс” компанитай хийсэн гэрээний дагуу эхний ээлжинд 10000 тунг хүлээн авч байсан бол хоёр дахь ээлж нь энэ долоо хоногт багтаж ирэх юм байна.
Холбоотой мэдээ