Монголын тамирчид Токиогийн олимпод 394 саяар гангарна

Хуучирсан мэдээ: 2021.04.23-нд нийтлэгдсэн

Токио 2020

Монголын тамирчид Токиогийн олимпод 394 саяар гангарна

Монголын тамирчид Токиогийн олимпод 394 саяар гангарна

Хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд "Токио-2020" олимпийн наадамд Монголын баг, тамирчдын өмсөх хувцасны загвар гэсэн ташаа зураг, мэдээ түгсэн. Удалгүй энэхүү асуудал дээр тус бэлтгэлийн хослолыг урласан "Somo Sport Brand" тайлбар өгч, "Монголын 3х3 сагсан бөмбөгийн тамирчдаа зааланд бэлтгэл хийхдээ өмсөөрэй гээд энэхүү хослолыг үнэгүй хийж өгсөн юм. Тэрнээс биш олимпийн наадамд өмсөх хувцсыг нь Монголын үндэсний олимпийн хорооноос хийлгэдэг" гэв. Ирэх зуны Токиогийн олимпийн наадамд Монголын баг, тамирчдын өмсөх хослол, бэлтгэлийн хувцсыг хэн урлах вэ?

Токио-2020

Өнгөрсөн 2019 онд Монгол Улсын Засгийн газраас “Монгол брэнд” үүсгэх, үндэсний үйлдвэрээ дэмжих зорилгыг хэрэгжүүлэхээр 59 дүгээр тогтоол баталсан. Улмаар Монгол Улсын Үндэсний шигшээ баг, тамирчдаар дамжуулан үндэсний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө төрхийг тодорхойлохоор загварын уралдаан зарлаж, сонгон шалгаруулалт явуулсан.

Энэхүү спортын болон ёслолын хувцасны загварын уралдаанд нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлснээс “Мишээл-Амазонка” ХХК-ийн ирүүлсэн загвар шалгарсан юм. Тус компани нь олимпийн нээлт, хаалтын ёслолын болон спортын хувцас үйлдвэрлэх эрх авсан. Мөн тамирчдын өдөр тутмын бэлтгэл сургуулилалтад зориулсан спортын хувцсыг Японы "Mizuno" брэнд бүрэн хариуцахаар гэрээ байгуулсан. Ийнхүү "Токио-2020" олимп, паралимпийн наадамд оролцох баг тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардалд 394,3 сая төгрөг гаргахаар тооцоолж, “Токио олимп сан”-гаас санхүүжилтийг нь шийдвэрлэх аж.

Michel & Amazonka брэндийн хамт олон олимпийн эрх авсан тамирчдын үс засалт, нүүр будалт зэрэг дээр зөвлөгөө өгч, тамирчдаас биеийн хэмжээг нь авч тааруулан хийх ба бүрэн хэмжээгээр нь малгай, толгойн гоёл, гутал, оймс гэх мэт цогц байдлаар шийдэх юм байна.

Рио-2016

"Рио-2016" олимпийн наадамд Монголын баг тамирчдын өмссөн ёслолын хослолыг Шилмэл загвар компанийн дизайнер Д.Өнөболор урласан. Тухайн үед Ариунаа Сүри, н.Цэлмэг, Н.Үнэнбат, Д.Ариундэлгэр, Д.Өнөболор тэргүүтэй загвар зохион бүтээгчдийн дунд сонгон шалгаруулалт явагдаж, өмнө нь хоёр удаагийн олимпийн наадамд Монголын тамирчдын хувцас дээр ажилласан туршлагатай Д.Өнөболорын загвар шалгарсан юм. Мөн Японы "Asics" брэнд спорт хувцсыг хариуцан ажилласан билээ.

"Рио-2016" олимпийн наадмын ёслолын хувцасны урьдчилгаа 114,660,000 төгрөгийг Шилмэл загварт, олимпийн баг тамирчдын спортын хувцасны урьдчилгаа 135,844,580 төгрөгийг "Asics" компанид, олимпийн наадмын баг тамирчдын чемоданы 33.3 сая төгрөгийг "Мийт экспорт интернейшнл" компани руу тус тус шилжүүлжээ. Үүний дараа долдугаар сард ёслолын хослолын үлдэгдэл 39.1 сая төгрөгийг дахин "Шилмэл загвар" руу шилжүүлсэн аж.

Лондон-2012

"Лондон-2012" олимпийн наадамд Монголын баг тамирчдын өмссөн алтан шаргал хувцасны загварыг "Шилмэл загвар" компанийн дизайнер Б.Цогтгэрэл урлаж байжээ. Тухайн үед Б.Цогтгэрэл дизайнер “Алтны туяа ногоондуу шаргал өнгөтэй байдаг. Тийм учраас алтан медалийг бэлгэдэж завсрын шаргал өнгө сонгосон" гэж байв.

Б.Цогтгэрэл дизайнерын бүтээлийн нэгэн онцлог нь ороолтны загвар байсан бөгөөд төрийн далбааны улаан, цэнхэр, өнгийг хослуулсны зэрэгцээ дээр нь монгол хээ хатгасан билээ. Малгайны хувьд XX зууны эхэн үед дэлгэрч, эргээд тухайн зун моодонд орж байсан “Booter hat” загварыг сонгож байв.

Өмнө нь 11 удаа олимпийн наадамд оролцохдоо огт алтан шар хувцас өмсч үзээгүй Монголын баг, тамирчид 2008 оны Бээжингийн олимпод медалийнхаа өнгийг өөрчилнө хэмээн бэлгэдэж, шар өнгийг сонгосон. Бэлгэдэл ёсоор болж 2008 онд хос алтан медаль, ихэр мөнгөн медальтай ирсэн түүхтэй.

Улс орнууд  ч эхнээсээ "Токио-2020" олимпийн наадамд өмсөх ёслолын болон спортын хувцсаа танилцуулаад байна.

"Polo Ralph Lauren" болон "Nike"-ийн урласан АНУ-ын баг тамирчдын ёслол болон спортын хослол

"Aoki Inc" компанийн урласан Японы баг тамирчдын ёслолын хослол

Заспорт брэндийн урласан Оросын баг тамирчдын ёслол болон спортын хослол

Levi Strauss & Co компанийн урласан Канадын баг тамирчдын ёслолын хослол

Asics брэндийн урласан Австралийн баг тамирчдын спортын хослол

EA7 брэндийн урласан Италийн баг тамирчдын спортын хослол

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж