"У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид дэвшүүлбэл МАН тарах нөхцөл бүрдэнэ"

Хуучирсан мэдээ: 2021.04.23-нд нийтлэгдсэн

"У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид дэвшүүлбэл МАН тарах нөхцөл бүрдэнэ"

"У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид дэвшүүлбэл МАН тарах нөхцөл бүрдэнэ"

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа.


-АН өнөөдөр бараг гурав хуваагдсан дүр зурагтай байна. Нэг хэсэг нь "Бодь" дээр, нөгөө хэсэг нь "Шонхор" дээр. Гурав дахь нь гудамжид байгаа юм биш үү. Та яг аль талд нь байна вэ?

-За үнэхээр тэгж хуваагдаад байгаа бол би гудамжид байгаад нь харъяалагдах болчих гээд байна.

-Анзаараад байхад, та намынхаа асуудлыг гаднаас нь харж байгаа хүмүүсийн нэг нь юм шиг. Асуудлыг шийдвэрлэхэд дотор нь ороод явах бодолгүй байгаа юм уу, шалтгаан нь юу вэ?

-Оролцож байгаа. Би хувьдаа Ардчилсан намын суурь үзэл баримтлалыг хамгаалан зогсдог намынхаа нөхдийг үргэлж дэмждэг, хамтарч ажилладаг. Тийм үйл ажиллагаанд нь оролцоод явж байна. Ойрын үед намынхаа дунд шатанд байгаа асуудлуудад илүү анхаарал хандуулж байна. Учир нь сонгуулийн дараа Ардчилсан намын дүрмийн шинэчлэл хийгдэнэ. Дүрмийн шинэчлэлийг өмнөх шиг явцуу хүрээнд хийж болохгүй. Ер нь манай нам нэг дарга дээр биш, бүх гишүүн нь хүлээн зөвшөөрч дагадаг нэг дүрэм дээрээ л нэгдэнэ. Дүрмийн шинэчлэл бол Ардчилсан нам дараагийн арванд институцийнхээ хувьд бэхжих үндэс суурь болно. Тийм ч учраас дүрмийн шинэчлэлд илүү анхаарч ажиллаж байна.

-Танай намын хуваагдал шүүхийн шийдвэрээр эцэслэгдэх боллоо. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Хоёр талд хоёр ч намын дарга тодорчихлоо. Яг хэн нь АН-ын жинхэнэ дарга юм бэ?

-Харамсалтай нь улс төрийн тогоонд олон жил нөхөрлөж явсан хүмүүсийн хуваагдал Ардчилсан намын хуваагдмал байдлыг бий болгож, улмаар хоёр тусдаа сонгууль зохион байгуулахад хүргэчихлээ. Гэхдээ хоёр талын сонгуулийн аль алинд шинэ хүмүүс гарч ирсэн нь олзуурхууштай. Цаашдаа шинээр сонгогдсон дарга нарын хандлага, харилцан буулт хийх чадвараас намын эв нэгдэл хамаарна. Хамгийн гол нь Ардчилсан намын дарга намын үзэл баримтлалыг өөртөө тээж, түүнийг үйл хэргээрээ өнгөлөн тодотгож, хамгаалж явах ёстой. Ингэж чадсан хүн л шинэ байж чадна, ингэж чадсан даргыг л намынхан хүрээлэн дэмжих нь дамжиггүй.

-Сонгуулиас өмнө АН нэгдэж, нягтрах болов уу. Ер нь яагаад нэгдэж чадахгүй байна вэ?

-Манай нам Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө нэгдэж чадах эсэх нь шинээр сонгогдсон намын дарга нарын манлайллаас шалтгаална. Хэрэв нэгдэн нийлээд, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж чадахгүй бол цаашдаа намын нийт гишүүдэд хүлээн зөвшөөрөгдөх хэцүү болов уу гэж харж байна.

-АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дотоод сонгуулиараа удахгүй тодруулна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид АН-аас тавигдах шалгуурын төслийг боловсруулсан байна лээ. Төсөлд тусгагдсан зарчмын саналуудтай санал нийлж байгаа юу?

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлага бол хуульчлагдсан зүйл. Улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулахдаа нэг л шалгуур нэмж тавих ёстой. Энэ бол намынхаа үзэл баримтлалыг тээгч, тууштай хамгаалагч байх явдал. Тухайлбал, ХҮН санал асуулгаар хамгийн олон санал авсан хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж байгаа нь нам нь тогтсон үзэл баримтлалгүйг харуулж байгаа хэрэг. Сонгуульд л ялж байвал хэн байх нь хамаагүй гэдэг бол популизм.

Ерөнхийлөгчийн сонгуульд танай намаас хэд хэдэн хүн горилж байна. Одоогоор Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар өрсөлдөхөө ил тод зарлачихлаа. Таны хувьд хэнийг нэр дэвшээсэй гэж хүсч байна вэ?

-Манай намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тавигдах хуулийн шаардлагыг хангасан олон хүн бий. Гэхдээ улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, нийгмийн шаардлагыг харгалзвал арай цөөрөх биз. Би хувьдаа Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин гурвын аль нэг нь өрсөлдөөсэй гэж хүсч байгаа. Энэ хүмүүс Ардчилсан намын үзэл баримтлалыг өөрсдийн улс төрийн замналаараа тууштай хамгаалж ирсэн туршлагатай улстөрчид. Тэр ч утгаараа төрийн дээр сандайлсан нэг намын дарангуйллын эсрэг зогсож чадна гэж итгэж байна.

"МОНГОЛЫН ТӨРД ХУУЛИЙН ДЭЭР АМЬДАРДАГ БҮХЭЛ БҮТЭН НИЙГМИЙН БҮЛЭГ НЭГЭНТ ҮҮСЧЭЭ"

-Эрх барьж байгаа МАН өнөөдөр үнэхээр ард түмний итгэлийг алдлаа. Гэтэл сөрөг хүчин АН хаана байгаа нь мэдэгдэхгүй таг чиг. Танай нам сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй байгаа шалтгааныг юу гэж үзэж байна вэ?

-Өнөөгийн эрх баригчид өөрсдөдөө ашигтай сонгуулийн хууль баталж, тоглоомын намуудыг дэмжиж, сонгуулийг будлиантуулж, сонгуульд ялсан. Парламентад 62 суудалтай ч нийт сонгогчдын тал хүрэхгүй хувийн саналаар сонгогдсон. Тодруулбал, ард түмний хүсэл эрмэлзлэлийн эсрэг сонгууль хийж, цөөнхийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан. Гэсэн хэдий ч сонгуулиар амласан шигээ шударга ёсыг хамгаалах үүргээс чөлөөлөгдөхгүй. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаад нь сөрөг хүчнийг буруутгах нь учир зүйн хувьд буруу гэж бодож байна.

Нөгөө талаас, манай нам сөрөг хүчний үүргээ хангалттай сайн биелүүлж чадахгүй байгааг ч хүлээн зөвшөөрөх ёстой. Чадахгүй байгаа шалтгаан нь нөгөөх л хуваагдмал байдал. Гэхдээ удахгүй хуваагдмал байдал өөрчлөгдөж, нам нэгдмэл болно гэдэгт итгэлтэй байна.

Засгийн газраас цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд хэр оновчтой байна гэж дүгнэх вэ?

Засгийн газар, Улсын онцгой комисс цар тахлын эсрэг үр нөлөөтэй ямар ч арга хэмжээ авч чадсангүй. Гамшгийн үед байтугай энгийн үед ч засаглах чадамжгүй гэдгээ тод харууллаа. Ер нь Монголын төрд хуулийн дээр амьдардаг бүхэл бүтэн нийгмийн бүлэг нэгэнт үүсчээ. Тэдний дураар авирлах хэрээс хэтэрснийг цар тахал ил болгож байна. Тэр ч байтугай цар тахлыг хөрөнгө мөнгө олох, албан тушаалаа бэхжүүлэх хэрэгсэл болгож байгаа нь бүр ч гутамшигтай. Цар тахлыг далимдуулан эрх мэдлээ бэхжүүлэх гэсэн буурай орнуудын шинэ үеийн дарангуйлагчдын талаар дэлхий нийтээрээ ярьж байна. Манайх ч эдгээр улсуудын дунд толгой цохиж явна. УИХ-аас баталсан Цар тахлын хуульд хүний заяагдмал эрхийг хязгаарлах эрхийг Засгийн газарт олгосон нь Үндсэн хуулийн суурь зарчимд нийцэхгүй. Энэ бол эрх зүйт ёсыг гажуудуулах, эрх баригчдын дураар авирлах нөхцлийг бүрдүүлсэн хэрэг юм. Түүнчлэн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь шинжлэх ухаанч бус, чадваргүй, мэдлэггүй хүмүүсийн шийдвэрээр явж байгаа учраас иргэдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлд орж, эдийн засаг ч бүхэлдээ сүйрч байна.

Үр дүнд нь монголчуудын төрд итгэх итгэл суларч, улс төр, нийгмийн тогтворгүй байдал үүсэх нөхцөл бүрдчихлээ. Үүнээс зайлсхийх ганц арга бол энэ чадваргүй Засгийн газрыг, увайгүй Улсын онцгой комиссын даргыг нэн даруй огцруулах явдал болж байна.

-Ерөнхийлөгч МАН-ыг тараах захирамж гаргасан. Өнөөдөр дахин ард түмэнд хандан илгээлт гаргалаа. Танай намаас сонгогдсон Ерөнхийлөгчийн үйлдэл Монголын ардчилалд заналхийлж байна гэсэн шүүмжлэл дагуулж байна? 

-Эрх зүйн талаасаа бол захирамжилсан шийдвэр гаргасан нь шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого шиг харагдаж байгаа нь үнэн. Гэхдээ юу хэлж, сануулж байгааг нь анхаарах ёстой. Хоёр жилийн өмнө МАН-ын дарга, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэний нийгмийн байгууллагын нэрийн дор, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхээр халхавчлан, улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор цэрэгжсэн бүтэц байгуулсан нь баримт. Энэ бол Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг үйлдэл.

Монгол Улсын Үндсэн хууль “Монголын ард түмэн бид” гэж эхлээд, “Мэдэхтүн, сахигтун” гэж төгсдөг. Энэ завсар дахь Үндсэн хуулийн үзэл санааны амин сүнс нь иргэний ардчилсан нийгэм. Тийм ч учраас Монголын ард түмний хүсэл зориг иргэний ардчилсан нийгэм байгуулах хэмээн Үндсэн хуульдаа тунхагласан явдал юм. Бид цэрэгжсэн, цагдаажсан улс байгуулах гээгүй. Бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах гэж яваа улс. Харамсалтай нь У.Хүрэлсүх иргэний ардчилсан төр, нийгмийн тогтолцооны эсрэг бүтэц буй болгосон. Энэ нь өөрөө Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд, МАН-ын даргаар ажиллаж байхдаа даргаар нь сонгогдсон, уг байгууллагынхаа бүтцийг засаг захиргааны нэгжийг дагуулан байгуулж, түүнийхээ удирдлагаар МАН-ын гишүүн, аймгийн Засаг дарга нарыг томилсон зэргээр нотлогддог. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд тус байгууллагыг татан оролцуулсаныг ч үгүйсгэх аргагүй. Энэ бол Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгалын ялалт, түүний үр дүнд буй болсон ардчилсан Үндсэн хууль, эрх зүйт ёсыг үгүйсгэж, ардчилсан тогтолцоонд заналхийлсэн балмад үйлдэл мөн. Ийм явдлыг өөгшүүлбэл ардчилсан тогтолцоо ганхаж, цэрэг, иргэний харилцаанд цөв суулгах уршигтай. Цаашилбал улс орны бүрэн эрхэт байдал, тусгаар тогтнол хэврэгшинэ.

Хууль ёсыг дээдэлдэг ардчилсан улс оронд ийм үйлдэл хийсэн улстөрчийг нэн даруй улс төрийн албан тушаалаас огцруулах ёстой. Ийм даргатай улс төрийн намыг татан буулгах нь ч зүйд нийцнэ. Харамсалтай нь МАН-ын дэвшилтэт үзэлтэй ганц нэг гишүүн УИХ-ын чуулганы танхимд цөөн үг унагаснаас өөр арга хэмжээ авалгүй өнөөг хүрлээ. Зүй ёсоороо бол У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татаж, шүүхэд хандах ёстой. МАН "Манай намд цэрэгжсэн бүтэц байхгүй" гэж мэлзэж байна лээ. Намынх нь дүрэм журамд үгүй байж болох ч, даргынх нь үйл хөдлөл, үг хэл, ажил нь цэрэгжсэн байгааг нь илэрхийлээд байна.

Чуулганы танхимд цэрэг ёсолгоо хийдэг, буу шийдэм агсаж, танк жолоодож чөлөөт цагаа өнгөрөөдөг, цэргийн албан хаагчдыг улс төрд татан оролцуулдаг, төрийн бүтцийн хажуугаар цэрэгжсэн бүтэц байгуулдаг хүн ардчилсан төрд байж болохгүй. Энэ бол Үндсэн хуулийн үнэт зүйл, зарчим.

Хэрэв МАН У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлбэл улс төрийн намынхаа хувьд цэрэгжсэн бүтцийг хүлээн зөвшөөрсөн, дэмжсэн гэдгийн нотолгоо болж, татан буугдах эрх зүйн үндэслэл болно.

Үүнийг Ардчилсан нам ч, Монголын ард түмэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч МАН цэрэгжсэн бүтэц байгуулаагүй гэж мэлзсэнээ У.Хүрэлсүхийг намын даргаасаа огцруулж нотлох ёстой. Үүнийг Монголын ард түмэн хүлээж байгаа.

"МАН  АСУУДЛЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ РҮҮ ТҮЛХЭЖ, ХҮНИЙ ГАРААР МОГОЙ БАРИУЛЛАА"

-Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Ерөнхийлөгчтэй холбоотой Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв гэж үзсэн. Анхнаасаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй, өнөөдөр дахин өөрчлөлт оруулах нөхцөл үүсч байх шиг байна. Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг цаг хугацааны хувьд урагшуулсан нь тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдтой холбоотой гэсэн тайлбарыг эрх баригч нам өгч байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байх үед энэ асуудал тодорхой байсан. Тийм ч учраас хэрэгжих хугацааг нь хойшлуулахаар төсөлд тусгасан байсан гэж ойлгож байгаа. Харин хэрэгжих хугацааг чухам ямар шалтгаанаар наашлуулсныг нь ойлгохгүй байгаа юм. Нэгэнт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр батлагдсан, хэрэгжих хугацаа нь тодорхой учраас хууль зүйн үр дагавар нь ч тодорхой байх ёстой. Хэрэгжих ч ёстой гэдэгтэй санал нэг байгаа.

Гэхдээ бид болж буй үйл явдалд дүгнэлт хийх ёстой. Юуны өмнө УИХ, бүр тодруулбал МАН парламентын танхимд хэлэлцээд шийдэх асуудлыг Үндсэн хуулийн Цэц рүү түлхэж, хүний гараар могой бариулж байна. Товчхондоо, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгах ёстой заалтыг санаатайгаар орхигдуулан тодорхойгүй байдал үүсгэж, цагийг нь тулгаж байгаад Цэцийг улс төрийн маргаанд татан оролцуулж байгаа нь өөрөө эрх зүйт ёсонд харш үйлдэл.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны шийдвэр гарсан эсэх, завсарласан эсэх нь тодорхойгүйгээр дунд суудлын хуралдааныг зарласан нь процессийн алдаа гэж үзэж байна. Гуравдугаарт, Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэхдээ парламентад суудалтай жижиг намыг ашиглаж байгаа нь улс төрийн соёлын хувьд дульхан юм. Монгол Улсад олон ургалч үзэл хөгжиж, олон намын систем бүрэлдэн тогтох нь ардчиллын дархлаа. Харамсалтай нь Хөдөлмөрийн үндэсний нам бүхэлдээ эрх баригчдын урьдаас дэглэсэн тоглоомд татагдан орж байгаа нь МАН-ын дагуул нам, тэдний эрх ашгийг хамгаалагч болгон харагдуулж байна. Энэ нь цаашдаа гуравдагч хүчинд итгэх түмний итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг мөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ТэнэглэлТэнэглэл
46
ЗөвЗөв
8
ХахаХаха
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж