Ө.Шижир: Ерөнхийлөгч хөл хорионы дараа тайлбараа хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.23-нд нийтлэгдсэн

Ө.Шижир: Ерөнхийлөгч хөл хорионы дараа тайлбараа хийнэ

Ө.Шижир: Ерөнхийлөгч хөл хорионы дараа тайлбараа хийнэ

НЭМЭЛТ: 12.30 ЦАГ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын МАН-ыг тараах тухай захирамжийг өнөөдөр Улсын дээд шүүхийн бичигт хэрэгт хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.ШИЖИР:

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МАН-ыг тараах тухай захирамж гаргасан. Тус захирамжийн хүрээнд нийт иргэддээ хандаж илгээлт хүргүүлсэн юм. Энэхүү илгээлтийн хүрээнд өнөөдөр Улсын дээд шүүх дээр өөрийн биеэр хүрэлцэн ирж, холбогдох нотлох бичиг баримт, материалыг хүргүүлэх ёстой байсан. Гэвч Covid-19 цар тахлын улмаас шүүгчдийн бүрэлдэхүүн цуглах боломжгүйг хүндэтгэн үзэж, өөрийн биеэр хүрэлцэн ирсэнгүй.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн гаргасан захирамж, ард түмэнд хандан гаргасан илгээлтийн талаарх Улсын дээд шүүхэд өгөх байсан бичиг баримт материалыг цар тахлын улмаас бичиг хэргээр хүргүүлж байна. Мөн өөрсдийн веб сайт болох тамгын газрын веб сайт дээр энэхүү бичиг баримтыг оруулах болно.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын дээд шүүхэд ирж байгаа нь өөрөө Улсын дээд шүүх, шүүхийн шүүн таслах үйл ажиллагаанд нөлөөлж байгаа нөлөөллийн үйл явц биш юм. Энэ бол захиргааны үйл явц гэдгийг тодотгон хэлэх нь зүйтэй байх. Дээд шүүхэд хөндлөнгөөс нөлөөлсөн гэсэн үг биш. Мэдээж Ерөнхийлөгч хөл хорио зогссоны дараа хүргүүлсэн бичиг баримтаа Улсын дээд шүүхэд тайлбарлаж, уулзалт хийх болно.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮСЭЛТИЙГ ШУУДАНГААР ХҮЛЭЭН АВНА ГЭВ

НЭМЭЛТ: 09:10 ЦАГ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд хүрэлцэн ирж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө гэх асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын дээд шүүхэд хандсаны дагуу Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцжээ.

Улсын дээд шүүхийн байранд Covid-19-ийн тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 16-наас 23-ны өдрийг дуусталх хугацаанд тус шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан. Зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа хэдий ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчид дөрөвдүгээр сарын 23-ны өдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт уламжиллаа.

Түүнчлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Улсын дээд шүүх нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон олон нийтэд дахин мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.

ЕРӨНХИЙЛӨГЧ МАН-ЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛЭЭ ШҮҮГЧДЭД ТАНИЛЦУУЛНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2021.04.23) 11.00 цагт Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө. 

Гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт улс төрийн намын бүртгэлийг хөтлөх нь Улсын Дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан тул Монгол ардын намыг тараах асуудлыг тус шүүх нийт шүүгчийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх аж.

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр (2021.04.22) мэдэгдэл хийж, “Улс төрийн намыг бүртгэх, бүртгэлээс хасах, тараах шийдвэр гаргах нь Улсын Дээд шүүхэд харъяалуулсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаа, төрийн тэргүүн өөрийн үйл ажиллагааны хүрээнд тогтоож, нотлон хүргүүлж байгаа баримт, материалыг Улсын дээд шүүх нэн хариуцлагатайгаар хүлээн авч, шийдвэрлэнэ” гэж найдаж байгаагаа илэрхийлсэн.

Мөн тэрбээр Монгол ардын намыг тараах шийдвэр гаргах нь Улсын Дээд шүүхэд хуулиар хүлээлгэсэн үүрэг тул Үндсэн хуулиар хамгаалсан, хэн ч хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр хуульчилсан шүүх эрх мэдлийн “шүүн таслах” үйл ажиллагаатай холбож мушгих шаардлагагүй, тийм боломж ч байхгүйг онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
9
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж