“Жи тайм”-ын хэргийг давж заалдах шатны шүүх рүү буцаав

Хуучирсан мэдээ: 2021.04.23-нд нийтлэгдсэн

“Жи тайм”-ын хэргийг давж заалдах шатны шүүх рүү буцаав

“Жи тайм”-ын хэргийг давж заалдах шатны шүүх рүү буцаав

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Э.Оюунчимэгт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчид болон иргэний хариуцагчид, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.

Дээд шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хохирогч, иргэний хариуцагчдын нэрс, иргэний хариуцагчдаас гаргасан төлбөрийн хэмжээг зөвтгүүлэхээр хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг долдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд, Э.Оюунчимэгийг зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял оногдуулсан юм.

Мөн Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 гаруй сая төгрөг гаргуулж, нэр бүхий хохирогчдод олгуулах, нэр дурдсан 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 800 гаруй сая төгрөг гаргуулж, хохирогчдод олгуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь тусгай дансанд байршуулсан 7 тэрбум гаруй төгрөгийг нэр бүхий 11352 хохирогчид тус тус хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг арванхоёрдугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Э.Оюунчимэгээс 5 тэрбум 950 гаруй сая төгрөг гаргуулж, нэр бүхий хохирогчдод олгуулах, нэр дурдсан иргэний хариуцагчдаас 6 тэрбум 810 гаруй сая төгрөг гаргуулж хохирогчдод олгуулах, Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь тусгай дансанд байршуулсан 7 тэрбум гаруй төгрөгийг нэр бүхий 11350 хохирогчид тус тус хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэж, зарим иргэний хариуцагчдаас гаргуулж хохирогчдод олгох хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ.

ДЭЭД ШҮҮХ "ЖИ ТАЙМ”-ЫН ХЭРГИЙГ ӨНӨӨДӨР ХЯНАН ХЭЛЭЛЦЭНЭ

Улсын дээд шүүх “Жи тайм”-ын гэх, иргэн Э.Оюунчимэгт холбогдох 591 хавтаст хэргийг өнөөдөр (2021.04.23) хянан хэлэлцэнэ. Тус шүүхийн байранд Covid-19-ийн сэжигтэй тохиолдол илэрч, үйл ажиллагааг нь түр хязгаарласан ч зарим шүүх хуралдааныг товлосон ёсоор хийхээр болсон байна. Шүүх хуралдааныг Zoom технологи ашиглан зайнаас явуулах аж.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт олгуулах, 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөг гаргуулж, хохирогч нарт олгуулах, мөн Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулах, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн зургаан автомашиныг худалдан борлуулж, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн. 

Нийт 906 иргэний хариуцагч гэдэг нь “Жи тайм” сүлжээний хөтөлбөрт хамрагдаж, сүлжээнд оруулсан мөнгө болон урамшуулал авсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, өгсөн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан хүмүүс бөгөөд тэднээс уг 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн билээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж