Путин барууны орнуудыг “улаан шугам” давахгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2021.04.22-нд нийтлэгдсэн

Путин барууны орнуудыг “улаан шугам” давахгүй байхыг анхааруулав

Путин барууны орнуудыг “улаан шугам” давахгүй байхыг анхааруулав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2021.04.21/ Холбооны хурал буюу парламентдаа жил тутмын илтгэлээ тавьсан байна. Тус улсын Үндсэн хуулийн дагуу ОХУ-ын төрийн тэргүүн жил бүр Холбооны хуралд улс орны байдал, дотоод, гадаад бодлогын үндсэн чиглэлүүдийн талаар илтгэдэг билээ. Энэ удаагийн илтгэл нэг цаг 18 минут үргэлжилжээ. Ингээд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины гол мэдэгдлүүдийг хүргэе.

COVID-19 ЦАР ТАХЛЫН ТУХАЙД

Цар тахлын эхэн үе туйлын эргэлзээтэй байсан боловч ОХУ-ын Ерөнхийлөгч сорилтыг даван туулна гэдэгт хэзээ ч эргэлзэж байгаагүй гэв. ОХУ-ын иргэд болоод нийгэм, төр засаг нь хариуцлагатай, эв санааны нэгдэлтэй ажиллаж, цар тахалтай шуурхай, үр дүнтэй тэмцэж ажиллаж байгааг тэр онцолжээ. Мөн Оросын эрдэмтдийн бүтээсэн гурван вакцин бол тус улсын шинжлэх ухаан, технологийн чадавхи улам бүр нэмэгдэж байгааг харуулсан явдал байлаа гэжээ.

ОЛОН УЛСЫН АШИГ СОНИРХОЛ БОЛОН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Олон улсын улс төрд Москва бусад орон илт бүдүүлэг хандаж байгааг үл харгалзан "дээд зэргээр хүлээцтэй" байдаг. Бүх улстай сайн харилцаатай байхыг эрмэлздэг бөгөөд “гарц гүүрүүдийг галдан шатаах гээгүй”.  Гэхдээ зайлшгүй шаардлагатай үед хариу  “яг адилхан, хурдан бөгөөд хатуу" арга хэмжээг авах болно. Үүний зэрэгцээ Орос улс бусад улстай харилцах улаан шугамыг тохиолдол бүрт өөрөө тодорхойлно. Харин барууны орнууд энэ улаан шугамыг давах хэрэггүй. ОХУ Зэвсэгт хүчнээ бэхжүүлсээр байх бай “цөмийн гурвал”-д орчин үеийн технологийн эзлэх хувь 2021 оны эцэс гэхэд 90 хувьд ойртоно.

 ХҮН АМ ЗҮЙН ТУХАЙД

ОХУ-ын хүн амын салбарт онцгой байдал үүссэн. Хүн амыг дахин тогтвортой өсгөж, 2030 он гэхэд дундаж наслалтыг 78-д хүргэх шаардлагатай байна. Мөн зүрх судасны өвчин гэх мэт нас баралтын гол шалтгаан болсон өвчнүүдтэй тэмцэх нэмэлт арга хэмжээг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Ирэх долдугаар сарын 1-нээс бүх насны иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хүүхдүүдээ зусланд амрааж байгаа эцэг, эхчүүдэд зардлын талыг нь буцааж өгөх, оюутны аялал жуулчлалын системийг зохион байгуулах зэрэг ажлыг хийнэ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО, ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ

Дэлхийн эрүүл мэндийн систем хувьсгалын ирмэг дээр байгаа бөгөөд Орос улс үүнийг харалгүй өнгөрч болохгүй. Дотоодын анагаах ухааныг шинэ технологийн бааз дээр тулгуурлах байгуулах хэрэгтэй. Мөн 2021-2023 онд дахин таван мянган түргэн тусламжийн машиныг хөдөө орон нутагт илгээнэ.

Долдугаар сарын 1-ний дотор хүүхэдтэй гэр бүлийг дэмжих цогц тогтолцоог бий болгож, 8-16 насны хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд сард 5650 рублийн тэтгэмж олгоно. Хүнд хэцүү нөхцөлд буй жирэмсэн эмэгтэйчүүдэд сард 6350 рубль байх бөгөөд жирэмсний зургаа дахь долоо хоногийн дараагаас олгоно. Түүнчлэн сургуулийн насны бүх хүүхэд болон нэгдүгээр ангид орох хүүхдүүдэд энэ жилдээ 10 мянган рубль олгоно.

БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ТУХАЙД

Цар тахал дэлхий даяар хүмүүсийн аж амьдралд нөлөөлсөн. Энэ нь Орос төдийгүй бүх улс орны хувьд хүнд сорилт болж байна. Эрх баригчдын гол үүрэг бол иргэдийн орлогыг бодитоор нэмэгдүүлэх юм. Ялангуяа үнэ өсөхийн хэрээр орлого буурдаг. Үүнийг зах зээлийн аргаар зохицуулах нь Засгийн газрын үүрэг билээ. Засгийн газар 2021 оны эцэс гэхэд хөдөлмөрийн зах зээлийг сэргээж, нэг сарын дотор жижиг, дунд бизнесийг дэмжих шинэ арга хэмжээгээ танилцуулах ёстой. Энэ бүх арга хэмжээ нь бизнесийн ашгийг хөрөнгө оруулалт болгон хувиргах ёстой. Эрх баригчид ногдол ашгаа буцааж авах бус хөрөнгө оруулсан хүмүүсийг урамшуулна.

БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТУХАЙ

ОХУ нэмж 1300 сургууль барина. Үүнээс гадна  сургуулийн автобус худалдаж авахад нэмэлт хөрөнгө хуваарилна. Техникийн  коллежийн кураторуудад олгодог нэмэгдлийн хэмжээг 5000 рубль болгоно. Ирэх хоёр жилд их дээд сургуулиудад төсвөөс санхүүждэг 45 мянган орон тоог нэмж бий болгох бөгөөд үүний 70 хувийг бүс нутгуудад бий болгоно. Мөн 2021-2024 онд бүс нутгуудад доод тал нь 100 их сургуулийг хөгжүүлэхэд 116.2 тэрбум рубль хуваарилна. Соёлын санаачилгыг дэмжих Ерөнхийлөгчийн сан байгуулж, урлаг, уран бүтээлийн төслүүдэд буцалтгүй тусламж олгоно. 2021 онд энэхүү сангаар дамжуулан 3.5 тэрбум рублийн буцалтгүй тусламжийг олгоно.

БҮС НУТГУУДЫГ ДЭМЖИХ ТАЛААР

Засгийн газар зургадугаар сарын 1-ний дотор бүс нутгуудын санхүүгийн байдлыг урт хугацаанд хэрхэн тогтвортой байлгах талаар саналаа ирүүлэх ёстой. Орлогынх нь 25 хувиас давсан арилжааны өрийг 2029 он хүртэл барагдуулах хугацаатай төсвийн зээлээр солино. Хугацаа нь дуусч байгаа төсвийн зээлийг сунгана. Түүнчлэн бүс нутгуудад 500 хүртэлх тэрбум рублийн дэд бүтцийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай олгоно. Бүс нутгийн өр бага байх тусам илүү их хэмжээний зээл авах боломжтой.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
99
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
9
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж