Үг болон санаа ертөнцийг өөрчөлдгийн хамгийн том жишээ нь мөнгө. Хясаа, дун, явуугаас эхлээд тогтсон жин бүхий хөх тариаг шекел хэмээн нэрлэж, бараа арилжаалдаг байсан цагаас өдийг хүртэл тогтсон мөнгөний тухай ойлголт амьдралын шинэ эгэл хэв маяг, дижитал хувьсгалын үед дахин аажмаар өөрчлөгдөж байна. Цар тахлын үед электрон шилжүүлэг, гүйлгээний тоо хэзээ ч байгаагүйгээр өсөн нэмэгдэж, биткойн зэрэг цахим мөнгөний үнэ цэнэ тэнгэрт хадаж буй нь бид бүгдийг мөнгөний ирээдүйн тухай эргэцүүлэл рүү хөтөлнө. Энэ тухай бодол зөвхөн эдийн засагчдад хамаатай бус. Мөнгөний ирээдүйн тухай ярихдаа бид хувийн санхүүгээ шинэ сэргэг талаас нь бодолцож байдаг. Тиймээс судалгааны институт, эдийн засагчдын гаргасан мөнгөний тухай таамаглалууд хэн бүхэнд хамаатай юм. ХААН Банк #ШинэЭгэлд хамтдаа цувралын ээлжит нийтлэлд энэ тухай тусгаж буйн учир энэ.
Дижитал банк тогтсон хэвшил болно
Дижитал банк цаасан мөнгөөр дамжих аливаа эрсдэлийг бууруулж, цаг хугацааны үр ашгийг нэмэгдүүлдэг давуу талтайг бид сайн мэдэх болсон. Ямар ч муу зүйлд ядаж нэг давуу тал байдгийн адил Covid-19 цар тахлын улмаас банкны биет салбаруудын үйл ажиллагааг цахимаар шийдэх боломж өргөжиж, харилцагчдын зайны үйлчилгээ авах сонирхол улам бүр нэмэгдсээр байна. Нөгөө талаас банк санхүүгийн ертөнц хурдацтай автоматжиж байгаа тул мөнгөний ирээдүй энэ чиглэлд үргэлжлэх нь тодорхой юм.
Дижитал банк бол аль аль талын ялалт гэж хэлж болно. Харилцагчдын хувьд банкны салбар луу явах цаг, зардал, эрч хүчээ хэмнэх илэрхий ашгаас гадна дижитал банкны үйлчилгээгээр дамжуулан сар бүр зарцуулах, хуримтлуулах төсөв төлөвлөгөөгөө гарган хувийн санхүүгээ удирдахад улам дөхөм болж буй.
Роботууд хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгнө
Дэлхийн хэмжээнд хурдацтай өсөж байгаа цахим мөнгөний менежмент, хиймэл оюуны чиг хандлагыг урьдчилан таамаглах нь хэнд ч хэцүү зүйл биш болжээ. Тэр дундаа, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад хиймэл оюун ухаанд түшиглэсэн програм хангамжууд хэдийнэ нэвтэрч эхэлсэн бол дараагийн арвануудад робот-зөвлөхүүд хувь хүмүүст санхүүгийн зөвлөгөө өгөх нь нийтлэг үзэгдэл болно. Зах зээлийн өсөлт уналт, багахан хөдөлгөөнийг ч нарийн дагаж чадах робот зөвлөхүүд эцэс төгсгөлгүй тооцоолол хийх залхмаар хэцүү ажлыг автоматжуулах нь хамгийн том давуу тал юм.
Криптовалют зонхилж эхэлнэ
Хэдийгээр криптовалют буюу цахим мөнгө олон хүний хувьд харь хөндий ойлголт хэвээр байгаа ч сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхий нийтийн анхаарал татсан халуун сэдэв болсоор ирлээ. Биткойн, этериум зэрэг криптовалют онлайн банкны ертөнцөд төвлөрлийг сааруулах, ил тод, хувиршгүй бат байдлыг бий болгох давуу талтай гэдэг. Гэсэн ч зарим хүмүүс тэдгээрийг найдваргүй хэмээн үзэж, Засгийн газрын зохицуулалтыг шаарддаг тул бүх нийтээрээ итгэж эхлэх хүртэл тийм ч тодорхой хугацаа шаардлагатай байж магадгүй юм.
Гэхдээ хэрэглэгчид, харилцагчдад амар хялбар, ашиг тустай талууд ихтэй учраас блокчэйн дээр суурилсан цахим валют ирээдүйн мөнгөний хамгийн боломжит зам болохоор байна. Дэлхийн томоохон банкууд, Засгийн газрууд, үндэстэн дамнасан корпорациуд, технологийн аваргууд бүгдээрээ криптовалютыг өргөн цар хүрээтэйгээр судалж, зарим нь блокчэйн төслүүдэд хэдэн саяын хөрөнгө оруулалт хийж, хэрхэн зохицуулах арга замуудыг хайж эхэлсэн нь үүний дохио биш гэж үү?
Цаасан мөнгө баяртай!
Гарт баригдах бодит мөнгөгүй ертөнцөд амьдрах нь футуризм шиг сонсогдож магадгүй. Тэгвэл та хамгийн сүүлд хэзээ цаасан мөнгө хэрэглэснээ бодоод үзээрэй. Эсвэл цаасан мөнгө огт хэрэглэхгүйгээр санхүүгээ зохицуулах, хэрэглээгээ шийдэх тухай эргэцүүлээрэй. Огт ядах юмгүй байгаа биз? Дижитал төлбөрийн системийн боломжууд нээгдсээр буй ч бэлэн бус мөнгөний нийгэм рүү шилжихдээ нууцлал, хүртээмжтэй байдлыг хангаж ажиллах нь санхүүгийн хүрээний удирдагчдын анхаарах ёстой чухал асуудал юм.
Мөнгөний менежмент зорилгод суурилсан байна
Дараагийн арванд финтекийн хурдацтай хөгжлийн үрээр иргэдийн хөрөнгө оруулсан мөнгөний үнэ цэнэ улам өсөх зураглал бий. Мөн шинэ залуу үеийнхэн оруулж буй хөрөнгийн хэмжээнээс үл хамааран ёс зүйтэй, учир утгатай зүйлээс ашиг олох эрмэлзэлтэй болсон. Залуу үеийнхнээс гадна туршлагатай хөрөнгө оруулагчид ч харилцдаг банк, сангууд нь уур амьсгалын өөрчлөлт, авлига хээл хахууль, нийгэм дэх тэнцвэргүй байдал, шударга бус явдлын эсрэг ямар үзэл бодол баримталдаг хийгээд нийтийн ашиг тусын төлөө юу хийдгийг нь онцлон хардаг болжээ. Тиймээс нөлөөллийн хөрөнгө оруулалт, итгэл үнэмшил дээр суурилсан мөнгөний менежмент ирээдүйд эрчээ авах хандлагатай байна.
Эх сурвалж: World Economic Forum, OECD
Холбоотой мэдээ