БНХАУ-ын нүүрсний уурхайнуудад ослын тоо нэмэгдэж, заримынх нь үйл ажиллагааг зогсоосны улмаас нүүрсний нийлүүлэлт буураад буй. Энэ сарын 21-ний өдрийн байдлаар хүхрийн агууламж багатай коксжих нүүрсний үнэ 59 юаниар өсч, тонн нь 1613 юаньд хүрсэн байна. Энэ нь 2019 оны зургадугаар сараас хойших дээд түвшинд хүрсэн үзүүлэлт аж.
Урд хөршид өндөр чанарын коксжих нүүрсний нийлүүлэлт буурснаар үнэ нь сүүлийн 22 сарын дээд түвшинд хүрч өссөн байна. SXCoal-ийн судалгаанд хамрагдсан уурхайнуудын агуулах дахь нөөц таван долоо хоног дараалан буурч, 3.82 сая тонн болжээ.
Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 50 гаруй автомашин нэвтэрч байна. Энэ нь хязгаарлалт тогтоохоос өмнөх үеийн дүнгээс 10 дахин буурсан үзүүлэлт юм.
Хятадын тал цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн гуравдугаар сараас Монголын коксжих нүүрсийг Хятад руу нэвтрүүлэх гол гарц болох Ганцмодны боомтоор нэвтрэх ачаа тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалтаа чангатгасан билээ.
Эх сурвалж: SXCoal, S&P GLOBAL
Холбоотой мэдээ