Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 9-нд орон даяар явагдана. Тиймээс Ардчилсан намын /АН/ ээлжит бус цахим үндэсний бодлогын хороо өчигдөр /2021.04.21/ хуралджээ. Хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигчид тавигдах шалгуурыг эхний байдлаар гаргасан байна.
Нэр дэвшигчид тавих шаардлагын талаар О.Магнай мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн хуулийн шаардлага хангасан хүн нэр дэвшдэг байсан бол АН хуулийн шаардлага дотор нь өөрийнхөө намын үзэл санаа, зарчмыг шингээсэн. Энэ нь монголын улс төрд шинэ соёл болно гэж харж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч нь дараах зарчмыг баримталж ажиллана. Нэгдүгээрт хувь хүний эрх, эрх чөлөөний эсрэг ямар нэгэн санал, санаачлага гаргахгүй. Хоёрдугаарт хувийн өмчийн эсрэг үг үйлдэл санал санаачлага гаргахгүй. Гуравдугаарт 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл санаа болох парламентын засаглалыг тууштай хамгаалагч байна. Дөрөвдүгээрт цаазын ялыг эргэн сэргээх санал гаргахгүй. Тавдугаарт улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолын баталгаа болсон гуравдагч хөршийн бодлогыг тууштай баримтлагч байна.
Харин нэр дэвшигчид тавих шаардлагын хувьд хууль бусаар хөрөнгөжөөгүй орлогын эх үүсвэр нь тодорхой байна. Монгол туургатны эв нэгдлийг илэрхийлэгч, монгол бичгээ эрхэмлэн дээдэлдэг, хоёроос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
- Нийгмийн сүлжээнд иргэдээ блок хийдэггүй байх.
- Өдөр тутмын ажил болон гэр бүл нь ил тод буюу шилэн байна.
- Хүний эрхийн өндөр мэдрэмжтэй хүн байна.
- Сайн дурын үйл ажиллагааг ямагт дэмжигч байна.
- Ажлын албандаа хүйсийн тэнцвэртэй байдлыг тэгш хангах зарчмыг хатуу баримтлах. Эдгээр шалгууруудыг АН өөрийн нэр дэвшигчид тавина. Энэ бол нэгдүгээрт ёс зүйн шалгуур, хоёрдугаарт хувь хүний шалгуур,гуравдугаарт боловсрол мэдлэгтэй холбоотой шалгуур юм.