УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт, тодруулга авах үеэр МАН-ын хоёр ч гишүүн “Ц.Туваан тэргүүтэй АН-ынхан АНУ-ын лобби бүлэгтэй 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан” үүнийгээ тайлбарла хэмээн асуулт асуув. Тэд энэхүү лобби бүлэг нь нөлөөлөл үзүүлдэг, сонгууль будлантуулах гэсэн оролдлого хэмээн МАН-ын гишүүд онцлов.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Сонгууль будлиулах ажлыг Ардчилсан нам хийж байна. Энэ дээр Ц.Туваан гишүүнээс тодруулга авмаар байна. АНУ-ын лобби буюу нөлөөллиийн бүлэгтэй 50 мянган ам.долларын гэрээг сонгуулийн хугацаанд байгуулжээ. Энэ ямар учиртай гэрээ вэ. Энийгээ тайлбарлаач. Хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу” гэсэн асуултад Ц.Туваан “50 мянган ам.доллар битгий хэл 50 ам.доллар ч хүнд төлөөгүй гэдгийг АН-ын зүгээс хариуцлагатайгаар хэлье. Манайх тийм баян нам биш. Ц.Мөнх-Оргил гишүүн андуурсан байх” гэсэн тайлбарыг өглөө.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль хоёр сарын дараа болно. Одоогоор намууд сонгуулийн бэлтгэлдээ орж, дотоод зохион байгуулалтын ажилдаа ороод буй. Мөн хуулийн хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах хугацаа болоогүй ч Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд хэнийг дэвшүүлэх вэ гэдэг асуудал анхаарлын төвд буй. Чухам ийм цаг үед УИХ-ын гишүүд нь чуулганы индер дээрээс ийн мэдэгдэж байгаа нь улстөржилт үү эсвэл үнэхээр Ц.Туваан тэргүүтэй АН сонгууль будлиантуулахаар АНУ-ын лобби бүлэгтэй гэрээ байгуулсан гэдэг нь эргэлзээ дагуулав. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед УИХ-ын гишүүд нь үнэн, худал эсэхийг нь нягтлаагүй мэдээллийг чуулганы индер дээрээс чулуудаж суух нь хэр зохистой вэ.
Хэрэв Ц.Туваан тэргүүтэй АН-ынхан гэрээ байгуулаагүй бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг нар мэдээллээ ил болгож, үнэн худлыг дэнслэх учиртай.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ