Чуулган: Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2021.04.22-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхгүй боллоо

Чуулган: Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхгүй боллоо
17 : 34
2021-4-22

Чуулган: Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй боллоо

УИХ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээж авах нь зөв гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөв.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийн заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулсан юм.

1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувийн саналаар дэмжигдэв.

2.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн  80.9  хувийн саналаар дэмжигдэв.

3.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар дэмжигдэв.

4.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад  хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар уг санал дэмжигдэв.

5.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувийн саналаар дэмжигдэв.

6.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар дэмжигдэв. 

Үүгээр тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад 82.4 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.

16 : 19
2021-4-22

Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудалд АН-ын бүлэг дахин нэг цагийн завсарлага авлаа

Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулахын өмнө АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах санал гаргасан ч УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн 16:00 цаг хүртэл завсарлага өгсөн юм. Уг завсарлагын хугацаа  дуусч Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулах гэсэн боловч “Дээрх завсарлагын хугацааг сунгаж, гурав хоногоор хойшуулж өгнө үү”  гэсэн хүсэлтийг УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат дахин гаргалаа.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн дагуу  уг саналыг хүлээж авах эсэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй зөвшилцөөд АН-д нэг цагийн завсарлага өглөө.

Ингэснээр 17:16 минутад чуулган дахин хуралдаж, Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж хоёрдугаар дүгнэлт гаргасан.

Энэ дүгнэлтээр тус хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүлсэн. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн юм. Цэцийн уг дүгнэлтийг хүлээж авах нь зөв гэж УИХ-ын байнгын хороод дэмжээд байгаа билээ.

15 : 39
2021-4-22

Газар тариалангийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлнө

УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан  танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Атрын IV аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийн хөгжлийг хангаж, бүтээгдэхүүнийг экспортлох, боловсруулах хүчин чадал, таримлын сэлгээ, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих замаар хүн амын хүнсний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилтыг” дэвшүүлсэн.

Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын тархалттай холбоотойгоор газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглагддаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, технологийн ажилбаруудыг цаг хугацаанд нь хийх боломж багасахын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болгоод байгааг дурдав. 

Мөн хөдөө аж ахуйн салбарт техник технологийн шинэчлэлт бүрэн хийгдээгүй цар тахлын энэ үед тариаланч, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, төмс, хүнсний ногооны механикжуулалтын түвшин хангалтгүй байгаагаас тарих, хураах, сортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байгаа нь хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг бууруулж байна.

Иймд цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн татварыг хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ.

14 : 42
2021-4-22

Нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгт үйлчилгээний хураамж төлнө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал  хурааж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай төслийн талаарх ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм.

Барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа бүрэн цахимжсантай холбогдуулан барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, мэдүүлэгт шүүлт хийх, бүртгэлд бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, нийтлэх зэрэг үйл ажиллагааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, хэлэлцээр, гэрээ зэрэг олон улсын гэрээнд хэлэлцээрт нийцүүлэх, давамгайлах огнооны эрхийн зохицуулалт, барааны тэмдэг, газар зүйн заалтыг ашиглах хугацаанаас хамааруулан хүчингүй болгох, мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах нөхцөлийг тодорхойлох зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах шаардлага үүссэн байна. Түүнчлэн хууль хооронд зөрчил, хийдэл, давхардал үүсгэхгүй байх үүднээс төслийг боловсруулжээ.

Барааны тэмдэг эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлжээ. Мөн газар зүйн заалтын хэрэглэгч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн, эсхүл эрхээ шилжүүлсэн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган газар зүйн заалтын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлсэн зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө уг барааны тэмдэгтэй адил тэмдгийг адил бараа, үйлчилгээнд шударгаар хэрэглэж байсан этгээдийн хувьд үйлчлэх онцгой эрхийн зохицуулалт болон барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцоход үйлчилгээний хураамж төлөхөөр төсөлд тусгажээ. 

Төслийн талаар гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Монгол Улсад бүртгэгдсэн эсэхээс үл хамааран нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг гэж байгаа. Үүнийг юу гэж ойлгож байгаа вэ. Жагсаалт гаргаж баталдаг юм уу? Эсвэл бараа, барааны тэмдэгтийг хуурамчаар хийхийг энэ хууль зохицуулж байгаа гэж ойлгож байна. Харин энэ барааг зарж болно, энийг болохгүй гэдэг зүйлийг тусгасан уу.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг гэдэг нь тодорхой хугацааны турш хэрэглэгдсэн буюу дэлхий нийтээр тухайн бараа бүтээгдэхүүнийг аль компанийнх гэдгийг нь мэддэг болсон тэмдгийг хэлж байгаа. Монгол Улсын хувьд нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг хэрэглэхэд хууль зүйн хувьд ямар нэгэн зөрчил гарахгүй. Харин шинээр бүртгүүлсэн барааны тэмдэг, газар зүйн заалтыг дараагийн этгээд өөрийн мэт хэрэглэх тохиолдолд хуулийн зохицуулалт үүсээд явж байна. Барааны тэмдэгтийн тухай хуульд оруулсан гол өөрчлөлт нь дэлхийн оюуны өмчийн байгууллагаас манайд хандаж тодорхой зөвлөмжүүд өгсөн. Бараа бүтээгдэхүүн, газар зүйн заалтын тухай хуулиудыг олон улсын оюуны өмчийн тухай хэлэлцээрт нийцүүлэх зөвлөмж ирсэн. Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдэг газар зүйн заалтыг өөрийн эрхийн дагуу хуулиар хамгаалуулах ёстой. Үүнд хуулийн гол заалт чиглэж байгаа.

13 : 25
2021-4-22

Зохиогчийн эрхийн тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дуусснаар чуулган түр завсарлалаа.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох, цахим болон харилцаа холбооны бусад сүлжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулагч, дуу хөгжим, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, зохиогч, эрх эзэмшигчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөлийг нарийвчлан тодорхойлох шаардлага үүссэн хэмээн үзэж төслийг боловсруулан, дараах шинэлэг зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, нэр томъёоны тодорхойлолтыг нэмж, зарим нэр томъёог өөрчлөн найруулжээ.

Зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааны хувьд гэрэл зураг болон хавсарга уран бүтээлийг ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн 25 жилийн хугацаанд, кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд, бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээгээр хуулийн этгээдэд шилжүүлэх тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээл нийтлэгдсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд тус тус хамгаалагдахаар төсөлд тусгажээ.

Мөн зарим бүтээлийн зохиогчийн эрхийн онцлогийг, бүтээл ашиглах онцгой эрхийг шилжүүлэх, эсхүл бүтээл ашиглах онцгой эрхийг лиценз олгох замаар бусдад бүтээл ашиглуулах үндсэн арга хэлбэрийг тодорхойлж, бүтээл ашиглах эрх шилжүүлэх гэрээ болон лицензийн гэрээний үндсзн нөхцөлийг нарийвчлан тусгасан байна.

Зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөлийг нарийвчлан тодорхойлж, бүтээлийг төлбөргүйгээр болон зөвшөөрөлгүйгээр ашиглах “шударга ашиглалт”-ын нөхцөлийг тодорхойлон төсөлд тусгажээ.

Түүнчлэн дүрслэх урлагийн бүтээлийн зохиогчийн эрхийн талаар, хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг тусгай хэрэгцээт хүмүүст зориулан хэвлэх, хуулбарлах, хуулбарыг хил дамнуулан солилцох, нийтэд түгээх болон нийтийн хүртээл болгоход зохиогчийн эрхийг хязгаарлахтай холбоотой зохицуулалтыг нэмж тусгасан байна.

Цахим орчноос гадна харилцаа холбооны бусад сүлжээнд зохиогчийн эрхийг хамгаалах, бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахаас урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээний талаар мөн төсөлд нэмж тусгажээ.

Түүнчлэн бүтээл ашиглалтын тарифыг хянаж батлах, бүтээл ашиглах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх, маргаан бүхий талуудыг эвлэрүүлэн зуучлах чиг үүрэг бүхий Зохиогчийн эрхийн зөвлөлийг байгуулах эрх зүйн үндэслэлийг төсөлд тусгасан аж.

11 : 53
2021-4-22

Т.Доржханд: АН-д Х.Баттулгаас өөр зоригтой чадалтай хүн алга уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн 2021.04.22 нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.          

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Бид Үндсэн хуулиа л дагах ёстой. Үндсэн хуульд Цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих түүний заалт зөрчсөн тухай дүгнэлт гаргах, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн гэж заасан байдаг. Тийм учраас бид Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлага, шалгуурыг маш тодорхой заасан. Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж хуульчилсан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд энэ заалтыг орхигдуулж өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс дахин нэр дэвших эрх нь нээлттэй мэтээр орхисон нь буруу. Сүүлийн үед Цэцийн шийдвэрийг улстөржүүлэх боллоо. Хариуцлагагүй мэдэгдлүүд хүртэл хийлээ. АН Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж АНУ-ын лобби бүлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Хуулиа сахиж байж бид Монголын ардчиллыг авч явна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

Болж буй үйл явц бидэнд сургамж өгч байна. Үндсэн хууль тэнгэрийн цааз гэдгийг бидэнд сануулж байна. Үндсэн хуулийн цэг, таслал бүр хууль, бид дагаж мөрдөх үүрэгтэй. Гэтэл өнөөдөр бүхэл бүтэн сонгуультай холбоотой заалтыг тойрч гарах гэж оролдоод бүтэлгүйтлээ. Үндсэн хууль өөрийнхөө хүчийг бидэнд харуулж байгаа учраас Цэцийн шийдвэрийг хүлээж авах нь зөв. Сонгуулийг хуулийг сонгууль болохоос өмнө нэг жилийн өмнө өөрчилж болохгүй гэдэг нь зөв. УИХ-аар Үндсэн хуульд сонгуультай холботой тусгасан заалтыг Сонгуулийн хуулиараа өөрчлөх гэж оролдоод бүтэлгүйтлээ. Тухайн үед гаргах байсан шийдвэрийг одоо гаргахаас өөр гарцгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид өөрчлөх гэж бүтэлгүйтээд өмнө нөхцөл байдал сэргэлээ. Хүний эрхийн асуудал яригдаж байгаа. Төрийн өндөр албан тушаалтанд шалгуурууд заавал тавигдах ёстой.Хувь, төр гэлтгүй бүх албан тушаалд шаардлага, шалгуур тавигдаж, түүнийг хангасан хүн тухайн албан тушаалд очно.Энэ нь хүний эрхийг зөрчихгүй, харин ч нийцнэ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-ХҮН намын залуучуудыг МАН-ын өмнөөс ажиллаад байна гэсэн шүүмжлэл гарах боллоо.Тийм зүйл байхгүй. Бид та нар шиг наймаалцаж үнэт зүйлээ худалдахгүй. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр хайр сэтгэлтэй байсан тэр үед бид энэ асуудлыг бид хөндөж байсан шүү. Оны өмнө Ерөнхиийлөгчийн сонгуулийн хуулийг батлахдаа зориуд орхигдуулсан нь парламентын алдаа, МАН-ын алдаа.  Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж хуульчилсан атал сүүлийн өгүүлбэрийг нь орхигдуулчихсан. Яагаад та нар өмнө нь Ерөнхийлөгч байсан таван хүний асуудлыг урдаа тавиад байгаа юм бэ. Энэ асуудлыг чинь ХҮН гаргаж ирсэн шүү. Өнөөдөр улсын эрх ашгаас намын эрх ашиг чухал юм уу. Улсын эрх ашиг чухал үед АН, МАН, чөтгөр байсан ч бид нэгдэнэ. АН-ынхан та нарт Х.Баттулгаас өөр зоригтой чадалтай хүн алга уу, байхгүй бол манай намын нэр дэвшигчийг дэмж.

Үүгээр гишүүд үг хэлж дууслаа. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат уг асуудлаар тав хоногийн завсарлага авахыг хүсэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр үдээс хойш 16 цаг хүртэл завсарлага өглөө.

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Зохиогчийн эрхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

10 : 44
2021-4-22

“Ц.Туваан АНУ-ын лобби бүлэгтэй 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан байна”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж хоёрдугаар дүгнэлт гаргасан.

Энэ дүгнэлтээр тус хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүлсэн. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн юм.

Цэцийн уг дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв гэж үзсэн.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Өнөөдөр Монголын парламентад олон намын тогтолцоо нэвтэрснээс хойш 30 жил өнгөрч байна. Төрт ёсны сүүлийн 30 жилд байгаагүй ийм улс төрийн шийдвэр бүхий Цэцийн дүгнэлтийг шийдвэрлэх гэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлын баталгаа, хууль дээдлэх зарчим, хүний эрх, эрх чөлөө, сонгох, сонгогдох эрхийн баталгаа болсон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлаад жил гаруй болж байна. Монгол улсын Үндсэн хууль бол монголын ард түмний Үндэсний зөвшлийн тунхаг юм. Үүний үр дагаврыг анх удаа хэлэлцэж. Монголчууд бид Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэж хүндлэн биширч, хуулиа дээдэлж ирсэн. Гэтэл өнөөдөр Монгол улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ үүргийг Цэц өнөөдөр ямар байдалд хүргэснийг та бид харж байна. Цэц хууль тогтоогчоос гаргасан хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргадаг төрийн том институци. Гэтэл өнөөдөр Цэц УИХ-д үүрэг болгодог байгууллага боллоо. Энэ нь Үндсэн хуулийг зөрчиж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын гишүүдийн нэрсийг хэлье. Д.Одбаяр даргалагчаар ажилласан Д.Солонго, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган, Г.Туулхүү гэсэн ийм бүрэлдэхүүнтэй хуралдсан. Үндсэн хуулийн цэцийн гишүүд удс төрийн золиос болж УИХ-ын гаргаагүй хуульд маргаан үүсгэж дүгнэлт гаргаж, Үндсэн хуулийн хямрал уруу түлхсэн.Үндсэн хуулийн 66-2,1-т тодорхой заасан. Үндсэн хуулийн цэц нь дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж, УИХ-д оруулна гэж тодорхой заасан. Үүнд хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн болон бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол улсын гэрээ үндсэн хуульд нийцэж байгаа эсэх. Харамсалтай нь УИХ-аар гараагүй шийдвэрт дүгнэлт гаргаж байгаад харамсаж байна.Үндсэн хуулийг зөрчиж сонгууль хийх зүйл гаргаж байна. Энэ нь яваандаа хууль бус сонгууль болох ийм асуудал уруу түлхэж байна. Өнөөдөр Монгол улсын төрийн тэргүүнийг хууль бусаар булаан авахаар дүгнэлт гаргаж байгаа Цэцийн гишүүд УИХ-ын хууль тогтоох эрхийг булаасан үйлдэл гаргалаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв. Анх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 62 гишүүн өргөн барихдаа Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2025 оноос хэрэгжүүлэхээр тусгасан ч журмын тухай хуулиар өөрчилсөн. Хэрэв 2025 оноос хэрэгжихээр баталсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байх байсан. Хоёрдугаарт, Сонгууль будлиулах ажлыг Ардчилсан нам хийж байна. Энэ дээр Ц.Туваан гишүүнээс тодруулга авмаар байна. АНУ-ын лобби буюу нөлөөллиийн бүлэгтэй 50 мянган ам.долларын гэрээг сонгуулийн хугацаанд байгуулжээ. Энэ ямар учиртай гэрээ вэ. Энийгээ тайлбарлаач. Хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Монгол Улсад нэг намын дарангуйлал тогтлоо. Цэцийн хуралдаанаас гарсан шийдвэр үүнийг баталж байна  гэдгийг ард түмэндээ хэлье. Хууль бус асуудлыг хэлэлцүүлж байгааг буруушааж байна. Нөгөө бага суудлын хуралдааны шийдвэр хааччихсан бэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зөвхөн таван хүний дэвших эрхийг хасах зорилготой байсан уу. Өнөөдрийн хэлэлцэж буй асуудал бас л тохиолдол уу. Үндсэн хуулийн цэц ямар хурдан шийдвэрээ гаргадаг болсон юм бэ. Монгол Улсад зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч байгаа юм уу. 50 мянган ам.доллар битгий хэл 50 ам.доллар ч хүнд төлөөгүй гэдгийг АН-ын зүгээс хариуцлагатайгаар хэлье. Манайх тийм баян нам биш. Ц.Мөнх-Оргил гишүүн андуурсан байх.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Цэцийн дүгнэлт УИХ дээр ирсэн бол ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэх хуулийн хугацаатай. Хуулиа л бид нар хэрэгжүүлнэ. Өмнө нь хугацааг нь заагаагүй байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх гэж  бид 20 жил ярьсан. Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тэгш хуваарилах асуудал үүссэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурван толгойтой болсон. Үүнээс болж хамтарч ажиллаж чадахгүй байнга Засгийн газраа огцруулдаг асуудал үүсдэг. Үүнийг засахын тулд Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтийг баталсан. Ерөнхийлөгч нар  хоёр дахь удаагаа сонгогдохын тулд зөндөө олон асуудал болдог туршлага бий. Өмнөх  энэ алдааг давтахгүй нь тулд Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгодог болгох заалтыг оруулсан. Энэ заалт маань хэрэгжиж эхлэх гэж байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Зургаан жил Ерөнхийлөгчөөр ажилласан тохиолдол байхгүй. Цэц хууль бусаар хуралдаагүй. Хуулийн дагуу л бүх зүйл явагдсан.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-АН-ынхан сүүлийн үед нэг намын дарангуйлал тогтлоо гэж ярих боллоо.Ерөнхийлөгчтэй холбоотой заалт Үндсэн хууль зөрчсөн талаар ХҮН-ээс Цэцэд гомдол гаргасан.Энэ асуудлаар Т.Доржханд гишүүн байр сууриа илэрхийлэх нь зөв байх. Хоёрдугаарт, Ц.Туваан гишүүний нэртэй гэрээг АНУ-ын лобби бүлэгтэй 50 мянган ам.доллараар байгуулсан байна. Гарын үсэгтэй баримт нь байна. Гадны лобби бүлгийг сонгуульд оролцуулж өнгөт хувьсгал хийх гээд байгаа юм уу. Ерөнхийлөгч нь Цэц дээр мөн ЗХЖШ дээр очдог ийм байдал гарах боллоо. Цар тахалтай үед асуудлыг ингэж улстөржүүлмээргүй байна. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд хоёр сарын гэрээ байгуулж, зөвлөх үйлчилгээ авсан АНУ-ын лобби бүлэгтэй хийсэн гэрээг шалгах шаардлагатай.

10 : 04
2021-4-22

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
 
1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлт;
2.Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
4.Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
5.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
6.Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
7.Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж