"Миний нүүр тэмдэглэлийн дэвтрийн хуудас" | News.MN

"Миний нүүр тэмдэглэлийн дэвтрийн хуудас"

"Миний нүүр тэмдэглэлийн дэвтрийн хуудас"

"Миний нүүр тэмдэглэлийн дэвтрийн хуудас"

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа Өмнөд Солонгосын нүүр хувиргагч, артист Юн Даиныг онцолж байна. Орчин цагт бараг бүх л эмэгтэйчүүд нүүр будалтыг бараг хувцас шиг чухалд тооцож, өдөр тутамдаа нүүрээ буддаг болсон. Харин зарим нь үүнийг урлаг болтол нь хөгжүүлж байгаагийн нэг жишээ бол Юн Даин. Нүүр будалтын чиглэлээр маш олон эмэгтэйчүүд, тэр ч байтугай эрчүүд ч мэргэшиж байна. Харин Юн Даины хувьд хүмүүсийг төөрөгдтөл яг л бодит мэт, тухайн орон зайдаа уусан алга болсон мэт харагдтал будаж чаддагаараа онцлог.

Өдгөө 28 настай тэрбээр 1993 оны есдүгээр сарын 2-нд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо төржээ. Зураачдын гэр бүлд төрж, өссөн тэр багаасаа л уран зурагт дурласан байна. Эцэг, эх нь ч өөрсдийнх нь мэргэжлийг өвлөн авч буй охиноо үргэлж дэмжиж, улсынхаа хамгийн сайн гэсэн урлагийн сургуулиудад сургажээ.

Даин 2009 онд Йевоны урлагийн дунд сургуульд элсэн орж, тус сургуулийн шилдэг төгсөгч болж байв. Дараа нь 2012 онд Сөүлийн урлагийн ахлах сургуулийг мөн амжилттай төгсөж, шилдэг төгсөгч болжээ. Ингээд 2017 онд Өмнөд Солонгосын үндэсний урлагийн их сургуулийг Тайзны дизайн, нүүр хувиргагч мэргэжлээр төгссөн байна.

Тэр “Art Palm Springs 2018”, “Art Busan 2019” зэрэг маш олон урлагийн үзэсгэлэнгүүдэд оролцож байсан. Мөн улсын хэмжээнд болдог урлаг соёл, загварын салбарын бараг бүхий л томоохон арга хэмжээнүүдэд түүнгүйгээр болдоггүй гэж хэлж болно. Түүнчлэн маш олон оронд очиж, өөрийн туршлагаасаа хуваалцан, мэргэжил нэгтнүүддээ хичээл зааж байжээ.

Тэр анх 2015 онд өөрийн чадвараа харуулсан нүүр будалтын зургаа цахим сүлжээнд нийтэлсэн байна. Энэ нь түүнийг дэлхий дахинд таниулжээ. Одоо түүний инстаграмыг 617 мянган хүн дагадаг бол фэйсбүүк хуудсыг 80 мянган хүн дагадаг байна.

Өнгөрөгөч 2017 онд тэр алдарт Эллен ДеЖенересийг ток шоунд оролцсоноор дэлхий дахинд бүр ч илүү танигджээ. Уг шоунд оролцохдоо тэр өөрийн нүүрэн дээрээ дахин өөрийнхөө нүүрийг зурж, хумсан дээрээ ч мөн өөрийн “бяцхан хувилбарууд”-ыг урласан байсан нь үзэгчдийг алмайруулж байв.

Дараа жил нь BBC-д ярилцлага өгч, түүний талаар богино хэмжээний нэвтрүүлэг цацагдсан. Тэр энэ үеэр “Би өөрийнхөө нүүрийг тэмдэглэлийн дэвтрийн хуудас гэж боддог” хэмээн ярьж байжээ. Мөн тэр жилээ буюу 2018 онд Италийн алдарт “Vogue” сэтгүүл түүний урьж, сэтгүүлийнхээ хуудсуудыг Даины бүтээлээр чимж байсан юм.

Даин 2018 онд “Snapchat”-тай хамтарч ажилласан бөгөөд “Snapchat”-ийн хэд хэдэн филтерүүдийг тэр зуржээ. Мөн энэ үеэр “Apple” компаниас ажлын санал ирж, “iPhone X” гар утасны сурталчилгаанд тоглосон байна. Үүний дараагаас “BMW”, “MAC Cosmetics”, “Estee Lauder”, “Paramount”, “20th Century Fox” зэрэг дэлхийн нэр хүндтэй олон компаниудтай хамтран ажиллах болжээ. Тэрбээр 2015 оноос хойш өрөийн бие даасан үзэсгэлэнгээ ч хэд хэдэн удаа гаргаад амжсан байна.

Будалт хийхдээ тэр зөвхөн нүүр гэлтгүй биеийн бусад хэсгүүдээ ч буддаг. Энгийн нүүрний будгуудаас эхлээд зотон, акрил, гуаш гээд уран зурагт ашиглагддаг бүхий л будаг хэрэгслүүдийг ашигладаг байна. Түүний будалт багадаа гурван цаг, заримдаа 12 цаг хүртэл үргэлжлэх нь ч бий. Хэн нэгний тусламжгүйгээр, зөвхөн толины тусгалын тусламжтайгаар тэр өөрийгөө урлагийн бүтээл болгон хувиргадаг.

Тэр өөрөө маш дотогшоо, хаагдмал хүн бөгөөд зургаар дамжуулж өөрийн дотоод сэтгэлээ илэрхийлдэг гэдгээ ярьж байв. “Миний хувьд тийм амжилтад хүрээд зогсох юмсан гэх эцсийн зорилго гэж байхгүй, улам цаашаа хөгжсөөр байх болно. Би бяцхан охин байхаасаа л зураг зурахаас өөр зүйл хийхийг огт хүсдэггүй, зураад л сууж байдаг хүүхэд байсан. Одоо ч өөрчлөгдсөн зүйл алга” хэмээн Даин ярьжээ. Түүнээс яагаад ихэвчлэн бодит бус, хийсвэр, хүмүүсийг төөрөгдүүлэм зүйлсийг өөр дээрээ зурдаг тухай асуухад “Хүн бүр баг өмсч, хуурмаг дүрээр амьдардаг гэж би боддог. Гэхдээ эцсийн эцэст тухайн хүний жинхэнэ мөн чанар нь оршиж л байдаг. Би үүнийг л илэрхийлэхийг хүсдэг” гэжээ.

Даины бүтээлүүд дэлхийн өнцөг булан бүрт томоохон үзэсгэлэнгүүдэд тавигдаж байсан тэр интернет, цахим сүлжээ бол түүний хувьд хамгийн том бас амьдралд чухал нөлөө үзүүлсэн галерей гэж үздэг. Түүний өдийг хүртэл гаргасан амжилтыг интернет, цахим сүлжээгүйгээр төсөөлдөггүй гэж тэр ярьжээ. Цахим ертөнц хөгжсөн энэ эрин зуунд хэн ч байсан хуруугаараа хэдхэн товчлуур дараад өөрийн уран бүтээл, авъяас чадвараа олон нийтэд таниулах боломжтойг тэр онцолсон байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

РАВДАН 2021-04-22 66.181.161.87

ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДСАН АЛМАС ВЭ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж