Энэ бүсгүйг Б.Дарьсүрэн гэдэг. Тэрбээр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрүүл энхийн манаанд зогсч буй эгэл баатруудын нэг. Халдварт өвчин судлалын үндэсний төвд гурав дахь жилдээ асрагчаар ажиллаж буй түүнтэй холбогдож цөөн хором ярилцлаа.
–Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу. Хэчнээн жил эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна вэ?
-Би эрүүл мэндийн байгууллагад ес дэх жилдээ ажиллаж байна. “Гурван гал” эмнэлэгт зургаан жил ажиллаж байгаад 2018 оны зургаан сараас ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасагт ажиллаж эхэлсэн. Одоо нийт гурван жил ХӨСҮТ-д асрагчаар ажиллаж байна.
–Халдварын тархалт нэмэгдсээр байгаа энэ цаг үед эмч эмнэлгийн ажилтнууд гэртээ харих завгүй ажиллаж байна. Ажлын ачаалал хэр байна вэ?
-Цар тахал гарсантай холбоотойгоор сүүлийн нэг жил гаруй хугацаанд ХӨСҮТ-ийнхэн бүгд л бэлэн байдлын зэрэгт ажиллаж, нойр, хоолгүй зүтгэж байна. Эмчилгээнд 14 хоног ажиллана. Эмчилгээнээс гараад 14 хоног буудалд тусгаарлагдана. Өдөр 13.00 цагт хоол барьж ороод, орой 21.00 цагийн үед гарч ирнэ. Энэ бол эмч, ажилтнууд бидний хувьд бүрэн ажлын хуваарьт шилжсэн хэлбэр юм. Тусгаарлалтаас гараад гэртээ харилаа гэхэд дээд тал нь хоёр хоног л байна.
Халдварын голомтод ажиллаж байгаа учраас зайлшгүй хамгаалалтын битүү хувцас буюу ариутгал, хамгаалалтын өмсгөл өмсөнө. Өдөр бүрт тогтмол 8-10 цаг хамгаалалтын хувцас өмсөхөөр хамаг хөлс урсаад усан хулгана шиг л болчихно. Одоо нүдний минь дор маскны хүрээ тогтоод бүр удаж байна. Гэхдээ эрүүл л байвал энэ бол асуудал биш. Монгол хүн болохоор ч тэр үү, ер нь тийм барьсан хувцсанд ерөнхийдөө дасдаггүй юм шиг байгаа юм. Гэсэн ч дүрэм, журам, стандартыг мөрдөх ёстой. Би ХӨСҮТ-д өөрийн эрх ашгийг бус олон хүний эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд зүтгэж байна. Халдварын тархалт нэмэгдэж байгаа нь эмч нар болоод ажилчдын сэтгэлийг хамгийн их зовоож байна.
Одоо ажиллаж байгаа эмнэлгийнхний ачаалал хэтрээд удаж байгааг ихэнх хүмүүс мэдэж байгаа. Хамаг нөөц боломжоо шавхан ажилласаар байна. Гэтэл илүү цагийн цалин хөлс, урамшуулал хугацаандаа бодогдохгүй байх тохиолдлууд гарахад мэдээж тодорхой хэмжээнд бухимдана. Гэхдээ манай удирдлагууд болоод салбар яамны зүгээс биднийг ойлгож, дэмжиж тулгамдаж буй асуудлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэж өгдөгт талархдаг. ХӨСҮТ-ийнхэн маш тэвчээртэй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
-Голомтод ажиллахад ямар хүндрэл үүсч байна вэ. Эмч ажилтнуудын маань сэтгэл санаа хэр байна?
-Зөвхөн миний хувьд ч биш цар тахлын голомтод ажиллаж байгаа бүхий л эмч, сувилагч, ариутгагч, асрагч нар туйлдаж байгаа нь үнэн. Гэхдээ голомтод ажиллах хүн, хүчгүй болбол ямар их асуудал үүсэхийг тооцох боломжгүй шүү дээ. Бид өдөржин хамгаалалтын хувцастай, цай, хоол ч идэх завгүй шахуу бүтэн жил гаруй хугацааг ардаа үдлээ.
Өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо хэд дахин нэмэгдэж байхад ард үлдсэн гэр бүлийнхэн минь биднийг халдвар авахгүй байгаасай л гэж залбирч сууна. Тиймээс бид ард олны өмнө, гэр бүлийнхнийхээ өмнө ч өндөр үүрэг хариуцлага хүлээж байна.
Ачаалал ихэссэн үед байн байн ариун цэврийн өрөө орох боломжгүй. Хамгаалалтын хувцсыг амархан тайлах боломжгүй учраас хүндрэл байлгүй яахав. Нулимсаа залгина гэдэг шиг урсаж байгаа хөлсөө яаж ийж байгаад шингээчихээд л ажлаа үргэлжүүлнэ. Ариутгал халдваргүйтгэлийн бодис цацсаны дараа цаг тутамд тогтмол цэвэрлэхгүй бол өнгөр тогтох асуудал үүснэ. Тиймээс ээлжийн хугацаандаа ажлаа амжуулахыг л хичээнэ. Үнэндээ бол нөхцөл байдал чанга, хэцүү байгаа. Гэлээ гээд өргөсөн тангаргаасаа няцахгүй шүү гэж өөртөө амалдаг.
–Анх хэрхэн эрүүл мэндийн салбарт ажиллахаар болсон тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Хэдийгээр би туслах сувилагчийн мэргэжлээр суралцаж, эмч мэргэжлийг эзэмшээгүй ч эмнэлгийн байгууллагад зүтгэж буйдаа сэтгэл зүрхнээсээ огшиж явдаг. Анх “Гурван гал” эмнэлэгт төрөхийн тасагт ажилд орж байхад эхний өдрөө л "Ээ бурхан минь. Би энд ажиллаж чадахгүй юм байна" гэж шантарч байлаа. Тэр бодол минь эхээс дөнгөж мэндэлж буй нярайг хараад хормын төдийд үгүй болсон. "Би яагаад чадахгүй гэж. Би чинь ээж хүн, ирээдүйд охид минь ч ээж болно. Энэ сайхан ажилд заавал мэргэшнэ" гээд л өөртөө амлаж байсан санагдана. Түүнээс хойш мэргэжилдээ, ажил албандаа үнэнч байхын сайхныг л мэдэрч явна. Шантрах асуудал бол харьцангуй бага шүү дээ. Урам зориг мохоход л сэтгэл санаа хямарна уу гэхээс ажлын ачаалал их байсан ч эдгэрч байгаа хүмүүсээ хараад сэтгэл тэнийгээд л явчихдаг.
–Голомтод ажиллахаар гэрийнхэн нь санаа их зовдог байх даа?
-Тангараг өргөсөн эмч хүн учраас бидэнд шантрах эрх байхгүй. Гэртээ үр хүүхэд, хань ижлээсээ урам зориг авч, эмнэлэг дээрээ эдгэрсэн хүмүүсээ хараад баярлаад л явчихдаг.
-Хүмүүс эмч мэргэжилтнүүдийн гавьяа гэж их ярьдаг ч өвчтнийг асарч анагаахад гол үүргийг та бүхэн ч мөн гүйцэтгэдэг шүү дээ. Үйлчлүүлэгчээсээ сонсож байсан хамгийн сайхан урмын үг юу байв?
-Халдвартай хүмүүсийн хэвтэн эмчлүүлэх тоо нэмэгдэж байгаа. Түүний хэрээр эмч мэргэжилтэн, ажилтнуудын ачаалал дагаад өснө. Энэ цаг хугацаанд ажил үүргийг минь зэрэг цолоор ялгалгүй ойлгож, эмч нар шиг хүндэлж буй ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн хэлэх урмын үгсээр дахин төрж, эрч хүч авч байна.
Эмчлүүлж байсан нэг иргэн өвөл эмч нарын баярын үеэр "Та бол эмчээс ялгаагүй мэргэжилтэн. Таныг энд өчнөөн олон цаг ажиллаж байгааг хараад маш их бахархдаг" гэдэг үгийг сонсоод битүү хувцас дотроо уйлж байлаа. "Би тусгаарлалтад байгаа учраас та бүхэнд баярласан сэтгэгдлээ илэрхийлж чадахгүй байна" гээд чин сэтгэлийн үгсийг сонсоход ажлаад л баймаар санагдсан.
-Олон нийтийн сүлжээгээр эмч ажилтнуудад буруу өгөх хандлагууд гарч байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Цар тахал, өвчин зовлон хэлж ирдэггүй. Хэн ч халдвараар өвчилж, эмчлүүлж, эдгэж болно. Тэр бүрт халдварын тохиолдлын тоог эмч мэргэжилтнүүд, голомтод ажиллаж буй алба хаагчдыг зэмлэж байгаад маш их гомддог. Бид бас л гэр бүлтэй, үр хүүхэдтэй эрүүл саруул сайхан амьдрахыг хүсч байна. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс болон ажилчдын хувьд ганц бие ээж, бие муутай өвөө, эмээ, нялх хүүхэдтэй ээжүүд, туслах хамаатан садан, үр хүүхэдгүй төрөл бүрийн нөхцөл байдалтай хүмүүс байна.
Бид хэнийг ч ялгалгүй харилцаж, туслахыг зорьж ажиллаж байна. Иргэд олон нийтийн сүлжээгээр сөрөг сэтгэгдлүүд илэрхийлж байгааг хараад яг тэр бүсэд нь байгаа хүний нүдээр харахад сэтгэл минь шимширдэг. Энэ олон цагийн хөдөлмөрийг маань хэн нэгний санамсар болгоомжгүй үйлдлээс болж массаар нь унагаана гэдэг чинь утгагүй шүү дээ.
-Нэг багт хэчнээн хүн ажилладаг вэ?
-ХӨСҮТ-ийн хувьд Covid-19 тасаг руу нэг ээлжийн багт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй нэвтэрдэг. Эмч, сувилагч, асрагч, ариутгагч бид бүгд л нэг ижил зорилгын хүрээнд ажиллаж байна.
–Олон нийтэд хандаж та юу сэрэмжлүүлмээр, захирмаар байна?
-Зарим хүмүүс "Зүгээр л ханиад шүү дээ" гэж хэлж байсан. Тэр хүмүүс ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэхээр ирээд амаа барьж байгааг хараад иргэд минь сонор сэрэмжтэй байж, халдвар хамгаалалтын дүрэм журмыг сайтар дагаж мөрдөхийг л уриалмаар байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг бид бүгд хамтдаа давж сайхан цаг ирэхийг хүлээж, ажиллаж байна даа.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ