НЭМГ: Сайн дурын шинжилгээ хийхгүй байх санал гаргасан

Хуучирсан мэдээ: 2021.04.22-нд нийтлэгдсэн

НЭМГ: Сайн дурын шинжилгээ хийхгүй байх санал гаргасан

НЭМГ: Сайн дурын шинжилгээ хийхгүй байх санал гаргасан

Эмнэлгээр үйлчлүүлэх,  хэвтэн эмчлүүлэх, хөдөө орон нутаг руу зорчих, буяны ажилд оролцох мэтчилэн алхам тутамд PCR шинжилгээ шаардаж буй. Өөрөөр хэлбэл, уг шинжилгээний хариу бидний хувьд нэвтрэх эрхийн бичиг шиг чухал ач холбогдолтой гэхэд хилсдэхгүй. Гэвч шинжилгээний төвүүдийн гадна хүмүүс өдөржин урт дараалалд зогсдог дүр зураг хэвийн үзэгдэл болов. Өмнө нь  шинжилгээ авах цэгүүдээр иргэд урьдчилан цаг авч үйлчлүүлдэг байсан бол өнөөдрийн байдлаар урт дараалалд зогсохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ. Өнгөрсөн нэгдүгээр сард есөн дүүрэгт байнгын үйл ажиллагаа явуулах 30 цэг ажиллаж  байсан. Харин  өнөөдрийн байдлаар

  • Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль,
  • Баянгол дүүргийн 13 дугаар сургууль,
  • Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа спортын ордон,
  • Сонгинохайрхан дүүрэг Таван шарын Номин агуулахын гадна талбай,
  • Баянзүрх дүүрэг “Тэнгэр” плаза гадна талбай зэрэг таван газарт PCR шинжилгээг авч байна.

Баянгол дүүргийн 13 дугаар сургууль дээр өчигдөр /2021.04.21/ 15.00 цагийн үед очиход олон цаг гадаа зогссондоо бухимдацгаасан хүмүүс угтав. Тэдний дунд хөдөө орон нутгаас эмнэлгийн үйлчилгээ авахаар нийслэлд түр хугацаанд ирсэн,  ажлаас нь PCR шинжилгээ шаардсан болон сайн дурын үндсэн дээр шинжилгээ өгөхөөр ирсэн хүмүүс ч бий. Харин орон нутаг руу буцах иргэд  дээрх цэгүүдэд бус Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Авто худалдааны зогсоол, “Буянт-Ухаа” спортын ордон, Баянзүрх дүүргийн наймдугаар хороо “Баянзүрх” авто оношилгооны төв гэсэн гурван цэгт  шинжилгээ өгнө. Энэ талаарх мэдээллийг иргэд аваагүй бололтой дээрх үндсэн шинжилгээний цэг дээр дугаарлаж ачаалал үүсгэж байсан юм.

Товчхондоо иргэдийн зүгээс PCR шинжилгээ авах цэг дүүрэг бүрт ганц байгаа нь  бөөгнөрөл  үүсгэж байгааг шүүмжилж байлаа. Зарим нь шинжилгээний цэгийн гадна машиндаа хонон өнжин дугаарлаж буйгаа ч хэлэв.

Улмаар дугаарлаж буй хүмүүсийг аль болох хүн хоорондын зай бариулахаар цагдаа нар зохицуулалт хийх аж. Гэсэн ч бүгчим халуун байна гэх шалтгаанаар  амны хаалтаа эрүүн дороо тохсон залуусын харахад эндээс халдвар авахгүй гэсэн баталгаа алга.  Мөн өдөржин дугаарласан  ч сорьц дууссан гэх шалтгаанаар “хоосон” буцах тохиолдол ч байгаа юм. Тиймээс цаашид шинжилгээний цэгүүдийг нэмэх эсэх талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаагаас тодруулсан юм.

ШИНЖИЛГЭЭНИЙ БАГЦ ДУНДААС ИЛРЭХ ХАЛДВАРТАЙ ХҮНИЙ СОРЬЦ  ИХЭССЭН

Тэрбээр “Цөөн тооны шинжилгээний цэгт нэн шаардлагатай хүмүүс буюу зайлшгүй шаардлагаар хөдөө орон нутаг руу явах, буяны ажилд оролцох, эмнэлэгт хэвтэх гэж байгаа хүмүүс шинжилгээ өгч байна. Өөр бусад шалтгаантай хүмүүс PCR шинжилгээ өгөх шаардлаггүй. Албан байгууллагын зүгээс ажилчдаасаа 72 цагийн дотор шинжилгээ шаардах ёсгүй. Гэвч  сүүлийн үед Covid-19-ийн өдөрт  батлагдах халдварын тоо, нас баралт эрс  нэмэгдэж  байгаа учраас голомт дагасан өргөтгөсөн тандалт судалгаа, шинжилгээ илүү хийх шаардлагатай байна. Яг одоо шинжилгээний цэгүүдээс илэрсэн батлагдсан тохиолдлын тооноос халдварын голомтоос илэрсэн тохиолдлын тоо өндөр байгаа. Тиймээс шинжилгээний цэгийн тоог нэмэхээс илүү голомт дагасан шинжилгээгээ хийх нь үр дүнтэй. Өдөрт батлагдах халдварын  тоо нэмэгдэхээр тэр хэмжээгээр ойрын хавьтлаас авах шинжилгээ нэмэгдэнэ гэсэн үг.

Хэдийгээр шинжилгээний цэгүүдийг нэмж  болох ч шинжилгээний лабораториудын хүчин чадал нь дийлэхгүй.

Өмнө нь халдварын батлагдсан тохиолдлын тоо цөөхөн байхад иргэдээс авах шинжилгээний цэгүүд маш олон байсан. Гэтэл одоо бол батлагдсан  болон ойрын хавьтлын тоо нэмэгдэхээр сайн дурын шинжилгээг цөөлөхгүй л бол сэжигтэй тохиолдлын шинжилгээг бид цаг хугацаанд нь гаргаж амжихгүй байна. Тиймээс цаашид шинжилгээний цэгүүдийг нэмэхгүй. Харин ч сайн дурын шинжилгээг хийхгүй байх саналыг холбогдох байгууллагуудад тавьсан. Өмнө нь шинжилгээний цэгүүдэд өгөгдсөн цагийн дагуу өдөрт 450 хүнэээс шинжилгээ авдаг  байсан. Гэхдээ   цаг  аваагүй ч  гадаа дугаарласан хүмүүсээс тултал нь авлаа гэхэд 600-700 хүнээс шинжилгээ авдаг байсан. Дүүрэг бүр молекуль биологийн лабораторитой болсон. Өдөрт 1000 хүний шинжилгээний хариу гаргах хүчин чадалтай. Гэхдээ шинжилгээний хариу удаж гарч байгаа  хэд, хэдэн шалтгаан байна. Тухайлбал, өмнө нь  сорьцуудыг 3-4 багцлаад хариуг нь  богино хугацаанд гаргачихдаг байсан.

Одоо бол шинжилгээний багц дундаас илрэх халдвартай хүний сорьц  ихэссэн  учраас тэр сорьцоо ахиж задлаад эерэг сорьц хаана байгааг олохын тулд цаг алдаж байна. Өнөөдөр 1000 хүний шинжилгээг гаргах хүчин чадалтай байсан лаборатори дээрх шалтгаанаас болоод өдөртөө 250-300  хүний шинжилгээг гаргаж байна.

Ачаалал эрс нэмэгдэхээр лабораториудын тоног төхөөрөмж эвдрэх зэрэг асуудлууд үүсч байгаа.  Тиймээс цэгүүдэд хийж байгаа сайн дурын шинжилгээг зогсоож зөвхөн халдварын сэжигтэй, ойрын хавьтлуудын шинжилгээг түлхүү авах шаардлага тулгарч байна" гэлээ.

ХӨСҮТ-ИЙН ЛАБОРАТОРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ ДАВСАН АЧААЛАЛ ҮҮСЭЭД БАЙНА

ХӨСҮТ-ийн вирүс судлалын гурван лаборатори нь үндэсний хэмжээнд Covid-19-ийн  оношлогооны  чанарын  хяналтыг  тавьж  ажиллах  нэгж  мөн  боловч  уг  лабораторийн ажлын ачаалал хэтэрч зай талбай, хүний нөөцийн хүчин чадлыг давсан ачаалал үүсээд байна.  Тиймээс  PCR шинжилгээний хариуг 48-72 дараа гаргах болжээ. Урд нь гурван лабораторийн нэг нь  шинжилгээний хариуг хамгийн удаандаа 31 цаг , нөгөө хоёр нь 21-23 цагийн дотор гаргаж байсан юм. Ачааллаас үүдэн  уг лабораторийн үндэсний хэмжээнд чанарын хяналт хийх чиг үүргээ хангалттай хэмжээнд биелүүлэх боломжгүй байдалд оруулах эрсдэлтэй учраас  шинжилгээний цэгт зохиомол ачаалал үүсгэхгүй байхыг иргэдэд сануулж буй. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж