Монголын загвар өмсөгчдөөс хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунуудад оролцож, амжилт гаргасан загвар өмсөгч бол Ж.Энэрэл. Түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.
-Хөл хорионы улмаас урлаг, спорт, загвар гээд бүхий л салбарынхан нам гүм байна. Загвар өмсөгч Ж.Энэрэлийн хувьд энэ өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Би гэр бүлдээ цаг зарцуулах гэх эх орондоо ирсэн. Тийм учраас хөл хорионы өдрүүдэд гэртээ хайртай хүмүүстэйгээ хамт бужигнаад л байж байна. Монголдоо ирээд 14 хоног тусгаарлагдаж, одоо нэг сар болж байна даа.
-Хөл хорионы өмнөхөн утсаар холбогдоход “Ойрын өдрүүдэд тун завгүй явна” гэж байсан. Нууц биш бол ямар ажил гэдгийг сонирхож болох уу?
-Хувийн ажил юм. Монголд Аргентины мате цайг импортолж оруулж ирж байгаа юм. Би өөрөө энэ цайг хэрэглээд жил болж байна. Кофе шиг маш сайхан амттай, эрч хүч сэргээдэг цай юм.
-Хувийн бизнесээ эхлүүлэх нь ээ?
-Тийм. Би анх энэ цайг хэрэглээд маш их гайхширсан. Яагаад ийм гоё амттай цай Монголд байдаггүй юм бэ гэж бодсон. Тэгээд л эх орондоо оруулж ирэхээр шийдсэн юм.
“ДЭЛХИЙН АЛБАН ЁСНЫ МЭРГЭЖЛИЙН МОДЕЛЬ БОЛСОН”
-Цар тахлын улмаас Германд гацсан хэдий ч тэнд чамгүй олон ажил амжуулж, карьераа ахиулсан гэж дуулсан. Тэнд ямар ажлуудыг амжуулав?
-Ерөнхийдөө 2020 онд Берлинд очоод удаагүй байтал цар тахал эхэлж, тэндээ гацсан. Эх орондоо буцаж ирж чадахааргүй болсон учраас цагийг ашиглаж, карьертаа анхаарч эхэлсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрийн карьераа нэлээд ахиулж, амжилттай явж байгаад ирлээ.
Миний нэр мөрөөддөг байсан Models.com сайтад орсон. Ингэснээр дэлхийн албан ёсны мэргэжлийн модель болсон гэсэн үг. Өөрийнхөө хүндэлдэг дизайнер, алдартай брэндүүдтэй хамтарч ажилласан. Мэргэжлийн карьерын хувьд нэлээд ахицтай жил байлаа.
–“Mercedes-Benz” брэндийн нүүр царай болж, зураг авалтад оролцсон. Алдартай брэндтэй хамтран ажиллах болсон тухайгаа ярихгүй юу?
-Миний хувьд Германд амьдардаг болохоор сонгон шалгаруулалтад оролцож, нүүр царайгаар ажиллахаар болсон. Би өмнө нь автомашины нүүр царай болж байгаагүй. Ерөнхийдөө бүх брэндүүдийн зураг авалт төстэй. Тухайн брэндийн нүүр царайгаар сонгогдсондоо баяртай байна.
Намайг Германы “Vogue” сэтгүүл дээр гарсны дараахан тус сэтгүүлийн өсч буй моделиор тодруулсан. Тэр цагаас моделийн карьер маань өссөн гэж хэлж болно.
-Одоо ямар агентлагт харъяалагдаж байна вэ?
-Одоо Германы “Mirrrs” агентлагаас гадна Англи, Парис, Милан, Нью-Йорк хотын агентлагтай хамтран ажиллаж байгаа. Сая Нью-Йорк, Парис, Милан дахь агентлагаа сольж шинэ агентлагуудтай гэрээ хийсэн. Хугацааны хувьд харилцан адилгүй.
-Эх орондоо байх хугацаандаа монгол брэндүүдтэй хамтран ажиллах уу?
-Одоогоор Монголд зураг авалтад оролцоогүй байгаа. Би карьераа дээшлүүлж байгаа учраас хамаагүй зураг авалтад орж болохгүй. Дизайнерууд маань хамтарч ажиллах санал тавьж байгаа. Тэр саналуудыг нь агентлагууд руугаа явуулж, ярилцаж байж шийддэг юм.
“МОДЕЛЬ БОЛООГҮЙ БАЙСАН БОЛ ЭДИЙН ЗАСАГЧ БОЛОХ БАЙСАН”
-Модель болоогүй байсан бол эдийн засагч болох байсан гэж үнэн үү?
-Үнэн./инээв/ Би ер нь математикийн хичээлдээ их сонирхолтой хүүхэд байсан учраас тэр чиглэлийн мэргэжил сонгох байсан байх.
-Багаасаа гадаад хэл сурч, нэгдүгээр ангиасаа шууд дөрөвдүгээр ангид элсэн суралцсан гэж сонссон?
-Нэгдүгээр ангидаа монгол сургуульд сурч байгаад хоёрдугаар ангиасаа орос сургуулийн дөрөвдүгээр ангид элсэн суралцсан. Замын-Үүдийн орос сургуульд орж, хичээлээ орос хэл дээр үзэж, орос хэлийг сурч эхэлсэн. Дараа нь Плехановын нэрэмжит Улаанбаатар лицейд суралцаж байгаад аравдугаар ангиасаа БНХАУ-ын Харбин хотноо нэг жил хэлний бэлтгэл явсан. Багасаа гадаадад аялж, моделиор ажиллаж эхэлсэн болохоор гадаад хэл хурдан сайжирсан.
-Анх 14 настайдаа “Торго” загварын агентлагт элссэн. Бусад загвар өмсөгчид бас л энэ насандаа загварын тайзнаа алхсан гэдэг. Ер нь дэлхийн загварын ертөнцөд насны хязгаар бий юу?
-Гадаадад монгол шиг загварын дугуйлан гэж байхгүй. Агентлагууд бэлэн модель авч, хөгжүүлэлт хийж ажилладаг. Сургаж ажилд авдаг зүйл байхгүй. Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүүхдийг моделиор ажиллуулахаа больсон.
Намайг 14 настай байхад ээж маань “Торго” загварын агентлагт элсүүлсэн. Тухайн үед загварын ертөнцийн талаар ямар ч мэдлэггүй байлаа. Ээж маань намайг биеэ авч явах соёлд сургахыг хүссэн байх л даа. Тэр үед “Торго” агентлагийн багш, менежерүүд “Чи би ерөнхийдөө гайгүй загвар өмсөгч болох юм байна” гэж хэлж байсан. Тэр цагаас хойш загварын ертөнцтэй танилцаж, эргэлт буцалтгүй энэ салбар руу орохоор шийдсэн.
-Загварын салбарт хөл тавьснаас хойш есөн жил өнгөрчээ. Анхнаасаа л дэлхийд гарна гэсэн зорилготой эхэлж байсан тухайгаа инстаграмм хуудаснаа бичсэн байсан. Энэ хугацаанд шантрах үе олон байсан биз?
-Тухайн үед загвараар явна гэдгээ сонгож, энэ замаар тууштай явахыг хүссэн. Тэрнээс биш өөр мэргэжлээр их сургуульд сурах өөр зам байсан. Гэхдээ өөрийнхөө хүсэл мөрөөдөлд үнэнч үлдсэн. Шантрах үе их гарна. Анх дэлхийн од болчих юм шиг амархан зүйл боддог байлаа. Тэр нь бүтэхгүй болохоор амархан шантарна.
Эхний жилүүдэд ажил олдохгүй, сонгон шалгаруулалтад тэнцэхгүй, дандаа үгүй гэсэн хариултыг сонсоно. Өөрийгөө голно. Эх орноосоо ганцаараа, гадаад хэл сайн мэдэхгүй, гадаадын соёлтой танилцаж амжаагүй эцэг, эхээсээ хол, танихгүй ертөнцтэй “тулаанд” орж байсан үе маш хэцүү байсан. Тэр бүхэнд шантрахгүйгээр тууштай явж өдийг хүрсэнд баяртай байдаг. Би өөрийгөө тамирчин гэж боддог. Өдөр тутам бэлтгэл хийнэ. Нарийн зүйл их бий.
Модель болохын тулд агентлагуудын вэб сайтууд руу зургаа явуулж, захиа бичих хэрэгтэй. Би анх ийш тийшээ байнга зургаа явуулж, зурагчин найзуудаасаа зураг аваад өгөөч гээд л их хичээдэг байсан. Одоо залуус бэлэн зөвлөгөө аваад л модель болчих юм шиг боддог. Модель гэдэг үг өөрөө үлгэр жишээ гэсэн үг шүү дээ. Тийм болохоор амьдрал дээр хүчтэй хувь хүн байж, дэлхийн загварын ертөнцөд ажиллана. Зөвхөн царай зүс, сайхан бие хангалтгүй. Залуус өөрсдийгөө хөгжүүлэх нь маш чухал.
"ЖИЛИЙН 365 ХОНОГИЙН 200-Г НЬ ЗУРАГ АВАЛТТАЙ ӨНГӨРҮҮЛСЭН"
-Монголын загварын салбар хэр хөгжиж байна вэ?
-Биднийг анх гарч ирж байхад сайхан үе байсан. Загвар өмсөгч Б.Ялгуун, Т.Оюун-Эрдэнэ, Т.Батцэцэг байна. Бид нэгдмэл байж энд тэндхийн загварын шоу, тэмцээнд оролцож, өөрсдийгөө сорьдог байлаа. Одоо Монголын загварын ертөнцөд хүч түрэн гарч буй модель харагдахгүй байгаа. Тиймээс залуус өөрсдөө хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй.
-Дэлхийн улс орноор аялж буй монголчуудтай Ж.Энэрэлийн зурагтай сурталчилгааны самбар цөөнгүй таардаг тухай сонсч байлаа. Хэчнээн брэндтэй хамтран ажилласан байдаг юм бол?
-Миний хувьд олон брэндтэй хамтарч ажилласан учраас тэр болгоныг тоолж барахгүй байх. Өнгөрсөн 2020 онд өдөр болгон зураг авалттай байсан. Багаар бодоход, жилийн 365 хоногийн 200 хоногийг зураг авалттай өнгөрүүлсэн.
Ер нь шахуу цагийн хуваарьтай. Нэг зураг авалт өглөө 08.00 цагаас эхэлж, оройн 18.00 цагт дуусдаг. Ямар зураг авалтаас шалтгаалан 10 цаг тасралтгүй өсгийтэй гуталтай зогсч, 18.00 цагаас ажил тарна. Хааяа шууд нисэх буудал руу явж дараагийн хотод зураг авалтад оролцоно.
–Сонирхолтой санагдлаа. Ер нь загварын тайзны ард юу болдог юм бэ?
-Бид ажлаа л хийж байгаа хүмүүс шүү дээ. Цагийн дагуу нүүрээ будуулж, үс, хумсаа янзлуулна. Хувцсаа өмсч тааруулаад тайз руу гарах цаг болдог. Моделиуд хамтарч ажилласны дараа найзууд болж чаддаг. “Би Монгол Улсаас ирсэн модель” гэхээр сонирхож хүлээж авдаг. Намайг бусдаас содон болгож өгдөг. Надаас монгол орны тухай танин мэдэхүйн асуултууд асууна. Миний хувьд эх орнынхоо тухай ярихаар Монголд очих хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг.
"ЗАРИМ ХҮМҮҮС “ХҮҮХДЭЭ ОРХИОД ГАДААД ЯВЖ, ЗУГААЛДАГ” ГЭЖ ШҮҮМЖЛЭХ НЬ БИЙ"
-Зорьсон зорилго өмнө нь байгаа хэдий ч гэрээсээ, хүүгээсээ хол ажиллана гэдэг амаргүй. Энэ их ажлын хажуугаар хүүдээ хэрхэн цаг зав гаргадаг вэ?
-Миний хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд цар тахлын улмаас гадаадад гацсан. Өмнө нь хоёр сар болчихоод л эх орондоо эргэж ирдэг байлаа. Одоо бол ажлаа хийх ёстой. Загварын карьераа босгох замдаа явж байгаа учраас тасалдуулж болохгүй.
Тодорхой хугацааны дараа өөрийн байр сууриа олж, хүүгээ өөр дээрээ авч амьдрах төлөвлөгөөтэй байгаа. Модель бол залуу насны ажил. Амьдралын холын зорилгоо харж амьдрахыг хүсч байна. Зарим хүмүүс намайг “Хүүхдээ орхиод гадаад явж, зугаалдаг” гэж шүүмжлэх нь бий.
-Хүүгээ төрүүлсний дараа 26 кг жин нэмсэн гэсэн. Ер нь тогтмол дасгал хөдөлгөөн хийж, дэглэм барьдаг загвар өмсөгчдийн хувьд амархан жин хаядаг уу?
-Би амьдралдаа анх удаа тэгж их жин нэмсэн. Бараг 26 килограмм. Төрсний дараа шууд д жингээ хасчихдаг байх гэсэн тэгсэнгүй. Хүүгээ гурван сар хүргээд л дасгал хөдөлгөөн хийж, бэлтгэлдээ орсон. Би жирэмсэн байх хугацаандаа загварын салбартаа хайртай гэдгээ илүү ойлгож, камер, тайзаа маш их санасан. Тийм учраас хор шар гозойж, маш хүчтэй босч ирсэн.
-Ж.Энэрэлийн хувьд ирээдүйн зорилгоо хэрхэн тодорхойлж байгаа бол. Өөр салбарт хүч үзэх үү?
-Загварын карьераа илүү өсгөж, супер модель болох зорилготой. Цаашдаа Холливудад хөл тавьж, жүжигчнээр ажиллах мөрөөдөлтэй. Монголдоо “Залхуус” гээд уран сайхны кинонд тоглосон боловч цар тахлын улмаас нээлтээ хийгээгүй байгаа.
Цаашдаа кино урлагт хүч үзнэ. Өөрийнхөө киног хийх байх. Мөн Монголдоо эрүүл хооллолт, бүтээгдэхүүний соёлыг танилцуулах зорилготой байгаа. Энэ чиглэлэээр ажил хийх байх.
Холбоотой мэдээ