Facebook Монгол зэрэг орнуудын хуурамч хаягтай тэмцдэггүй

Хуучирсан мэдээ: 2021.04.22-нд нийтлэгдсэн

Facebook Монгол зэрэг орнуудын хуурамч хаягтай тэмцдэггүй

Facebook Монгол зэрэг орнуудын хуурамч хаягтай тэмцдэггүй

Нийгмийн цахим харилцааны платформ фэйсбүүкээр дамжуулан олон орны улстөрчид олон нийтийг хууран мэхлэх, өрсөлдөгчөө дарамтлах, харлуулах, тэгсэн ч сүүлд нь буруу хэрэг хийсэн гэх нотлох баримтгүй цэвэрхэн үлдэх зэрэг бусармаг үйлдлийг удаа дараа хийсээр иржээ.

Тэгвэл энэ талаар "The Guardian" сэтгүүл шүгэл үлээгч Софи Жаны мэдээллийг судлан, Fecebook нийт 25 оронд тохиолдсон 30 гаруй улс төртэй холбоотой хуурамч хаягийн хэргийг хэрхэн шийдсэн талаар бичиг баримтуудыг ил болгожээ.

Тайлбар: Шүгэл үлээгч Софи Жан

Баримт бичгүүдээс харахад, "Facebook" компани чинээлэг орнуудын цахим хэрэглээг хатуу хянаж, гарсан зөрчил бүрийг даруй шийддэг ч дорнын жижиг, буурай орнуудад улстөрчид хэрхэн нийгмийн цахим сүлжээг ашиглан олон нийтийг хуурч мэхлэхийг зүгээр хараад суудаг байж.

Өөрөөр хэлбэл, "Facebook" компанийнхан АНУ, Тайвань, БНСУ, Польш зэрэг орнуудад гарч буй улс төртэй холбоотой цахим орчны буруу хэрэглээг түргэн шуурхай илрүүлэн яаралтай арга хэмжээ авч, таслан зогсоодог хэдий ч Монгол, Афганистан, Ирак, Мексик, Латин Америкийн улсуудын зөрчлийг маш бага, заримдаа огт шалгадаггүй нь ил болжээ.

Энэ талаар мэдээллийг анх "Facebook" компанид ажиллаж байсан Софи Жан нийтэд ил болгосон бөгөөд түүнийхээ төлөө өнгөрсөн оны есдүгээр сард ажлаасаа халагдсан байна. Тэрбээр ажлаасаа халагдсан өдрийнхөө өмнө олон улсын улстөрчид ард иргэдээ хууран мэхлэхийн тулд платформыг хэрхэн буруугаар ашигладгийг болон түүнийг нь компанийн удирдлагууд зүгээр хараад суудгийг олж мэдсэн, баримт цуглуулсан талаараа 7800 үгтэй нийтлэл бичжээ.

Жан анх 2018 оны нэгдүгээр сард "Facebook" компанийн тухайн үедээ байгуулагдаад удаагүй байсан баталгаагүй, хуурамч хаягуудын нийтлэл, реакт, сэтгэгдэл, түгээлт зэрэг хуурамч үйлдлүүдтэй тэмцэх багт ажилд орж байжээ. Ойролцоогоор 2.8 тэрбум байнгын хэрэглэгчтэй энэ платформ дэлхийн бараг бүх улс төртэй холбоотой яриа, хэлэлцүүлгүүдэд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

Гэвч тус платформын дутагдалтай талууд зарим улстөрчид олон нийтийг хуурч мэхлэх ажлаа эрчимтэй хийх боломж олгодог аж.

Хамгийн тод жишээ бол Хондурасын ерөнхийлөгч Хуан Орландо Эрнандес юм. Тухайлбал, 2018 оны наймдугаар сард бүртгэгдсэн Хондурасын бүх хуурамч хаягуудын 90 хувь нь түүний мэдлийнх байв. Тухайн үед Жаны олж мэдсэнээр Эрнандесийн ажилтнууд хуурамч хаягуудыг ашиглан түүний албан ёсны хуудас, хуудас дээрх түүнийг дэмжсэн элдэв мэдээлэлд хандаж, хэдэн зуун мянган сэтгэгдэл, хандалт үзүүлдэг байжээ. Тэдгээр ажилчдын нэг нь л гэхэд жинхэнэ хүнийхээс ялгагдахгүй ижилхэн нээсэн хэдэн зуун хаяг удирддаг байж. Тийнхүү Эрнандесийн хүмүүс түүний бичлэгүүдэд хуурамч хандалт цуглуулан хэдэн мянган хүний өмнө илтгэл тавьсны дайтай харагдуулдаг байсан гэнэ.

Тайлбар: Хондурасын Ерөнхийлөгч Хуан Орландо Эрнандесын ашиглаж байсан хуурамч хаягнууд

Энэ мэт зөрчлүүд одоо ч хэвээрээ бөгөөд өөр нэг жишээ дурдвал, энэ аргыг Азербайжаны эрх баригч нам өргөнөөр хэрэглэн, асар олон хуурамч хаяг ашиглан мэдээллийн хэрэгслүүдийн нийтлэл доор сөрөг хүчнийхнээ муулсан сая сая сэтгэгдэл бичиж байв.

Компанийн зүгээс Хондурасын хэргийг шийдэж, хуурамч хаягуудыг устгахад нэг жил, Азербайжаны хэргийг шийдэхэд 14 сар зарцуулсан аж. Гэвч цаашдын зөрчлөөс сэргийлэх тал дээр дутуу ажилласнаас болж дээрх хоёр улсын хуурамч хаягууд богино хугацаанд эргэн сэргэж, ажлаа хийж эхэлсэн байна.

Шүгэл үлээгч Жан "Facebook" компанийн удирдлагуудад Албани, Мексик, Аргентин, Итали, Филиппин, Афганистан, Өмнөд Солонгос, Боливи, Эквадор, Ирак, Тунис, Турк, Тайвань, Парагвай, Эль Сальвадор, Энэтхэг, Доминикан, Индонез, Украин, Польш, Монгол улсуудын улс төрийн зорилготой хуурамч хаягуудын идэвхжилтийг анзаарч, холбогдох албан тушаалтнуудад удаа дараа өргөдөл гаргасан ч дорвитой хариу хүлээж аваагүй аж. Тэдгээрээс зөвхөн Өмнөд Солонгос, Тайвань, Украин, Итали, Польш зэрэг орнуудын зөрчлийг судлан илрүүлж, зохих арга хэмжээ авчээ.

Гэвч бусад улсын хувьд "Facebook" шалгалтаа хэдэн сараар сунжруулж, зарим тохиолдолд огт сөхөж хараагүй аж. Түүнчлэн Жан 2019 оны аравдугаар сард Филиппиний улс төртэй холбоотой хуурамч хаягийн сүлжээг илрүүлсэн ч компанийн удирдлагууд үл тоосон гэнэ. Гэтэл тухайн хаягууд нь 2020 оны хоёрдугаар сараас эхлэн Дональд Трампын хуудсанд хандаж эхэлмэгц компанийн удирдлагууд шуурхай ажиллан бүгдийг нь устгажээ.

Түүнээс гадна Боливийн 2019 оны аравдугаар сард болсон сонгуулийн үеэр идэвхжсэн хуурамч хаягуудыг компанийн удирдлагууд зүгээр хараад суусан байна. Энэ байдал Жанг халагдах хүртэл үргэлжилсээр байсан гэнэ. Мөн Монгол, Тунис улсуудын хувьд Facebook компани огт хяналт тавьдаггүйгээс болж сонгууль будлиантаж, иргэдийн дунд хүндхэн хямралууд нүүрлэх болжээ.

Монгол Улсын хувьд сонгууль болон улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан хуурамч хаягууд идэвхжих нь их байдаг. Гэвч "Facebook" компани үүнд төдийлөн анхаарал хандуулдаггүй гэдгийг шүгэл үлээгч Жан онцолжээ. Ялангуяа одоо нийгмийн сүлжээнд хамгийн их өрнөж буй улс төрийн сэдэв, асуудалтай холбоотойгоор иргэдийг буруу зүйлд турхирсан, санаатайгаар худал хуурмаг мэдээллийг дэмжсэн, зөвхөн ашиг хонжоо буюу мөнгө олох зорилготой хуурамч хаягууд олон байгаа ч үүнд төдийлөн анхаарлаа хандуулахгүй байсаар байна. Харин Жан эдгээр хуурамч хаягуудад "Facebook" компани өөрөө анхаарал хандуулж, шалгаж тогтоогоод буруутай бол шууд устгах боломж бийг ч тэр сануулжээ.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж