МҮОХ-ны ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2021.04.21-нд нийтлэгдсэн

МҮОХ-ны ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн таалал төгсчээ

МҮОХ-ны ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн таалал төгсчээ

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн таалал төгсчээ. Тэрбээр 2001-2019 онуудын хороонд Монголын үндэсний олимпийн хороог удирдан, 2019 оны 10-р сард эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн билээ.

МҮОХ-ны ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн нь сүүлийн жилүүдэд хорт хавдартай тэмцэж, биеийн байдал нь тааруу, байнгын эмнэлгийн хяналтанд эмчилгээтэй байсан юм.

Дэмчигжавын ЗАГДСҮРЭН
(1958-2021)
Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, анагаахын ухааны доктор /PhD/, спортын эмч Дэмчигжавын Загдсүрэн нь 2021 оны дөрөвдүгээр сарын 21-нд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, Монголын Спорт-Олимпизмийн хөдөлгөөн, анагаах ухаан, нийгмийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Д.Загдсүрэн Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. 1978 онд АУДуС, 1990 онд Анагаах Ухааны Их Сургууль төгсөж Хүүхдийн халдвартын эмнэлгээс ажлын гараагаа эхэлж, улмаар Эмнэлэг, биеийн тамирын диспансерт эмч, Спортын эмнэлэг, эрдэм шинжилгээний төвийн дарга, БТСҮТ-ийн дэд дарга, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн орлогч даргаар ажиллаж, 1995 онд Словак улсад анагаах ухааны дээд курс, 1996 онд БНХАУ-ын Бээжин хотод олон улсын допингийн шинжилгээний курс, 2003 онд ХБНГУ-ын Франкфурт хотод Спортын удирдлагын курсийг тус тус дүүргэсэн спортын анагаах ухааны мэргэшсэн эмч нарын нэг байсан юм.
Тэрээр 1999 оноос Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, 2001-2020 он хүртэл Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахдаа Монгол Улсад олимпийн хөдөлгөөнийг сурталчлах, олимпийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, спортын анагаах ухааныг шинжлэх ухааны түвшинд хөгжүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан бөгөөд “Барселон-1992” олимпийн наадамд багийн эмчээр, “Сидней-2000” олимпод Монголын багийн ахлагч, “Афин-2004”, “Турин-2006”, “Бээжин-2008”, “Ванкувер-2010”, “Лондон-2012”, “Сочи-2014”, “Рио-2016” олимпийн наадамд Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр ажиллаж байв.
Мөн 1996-2005 онд Спортын эмнэлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 1997-2001 онд Зүүн Азийн наадмын холбооны эмнэлгийн комиссын гишүүн, 2001-2012 онд Монголын үндэсний олимпийн академийн Ерөнхийлөгч, 2004-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн спортын бодлогын зөвлөх, 2002-2008 онд Азийн Олимпийн зөвлөлийн эмнэлгийн комиссын гишүүн, 2015-2021 онд Азийн Олимпийн зөвлөлийн Мэдээлэл статистикийн байнгын хорооны дарга, 2015 оноос ҮОХХ-ны Шинэчлэл ба хэрэгжилтийг хянах комиссын гишүүн, 2012-2020 онд Монголын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлуудыг гүйцэтгэж байлаа.
МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа спортын төв ордонд түрээсийн өрөөнд ажиллаж байсан МҮОХ-г өөрийн байртай болгох зорилт тавьж, эрдэм шинжилгээний лаборатори, номын сан, сургалтын танхим, интернет төв, олимпийн музей бүхий “Olympic house”-ийг 2002 онд ашиглалтад оруулж, Булган аймгийн Хангал суманд олон улсын жишигт нийцсэн Олимпийн бэлтгэлийн төвийг бариулж, “Буянт-Ухаа” цогцолбор байгуулах санаачилга гарган зураг төслийг нь боловсруулан БТСГ-т хүлээлгэн өгч, “Олимпийн боловсрол сургалт сурталчилгаа” хөтөлбөр боловсруулан Монгол Улсын бүх аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдэд Олимп судлалын төв, ерөнхий боловсролын 700 гаруй сургуульд Олимп судлалын танхим, МҮОХ-ны дэргэд Спортын анагаах ухааны төв байгуулж, олимпийн наадамд бэлтгэх “Спортын төрөлжсөн сургууль”, “Олимпийн алтан медаль”, “Аваргыг аймагтаа бэлтгэе”, “Шинэ сонголт-шинэ амжилт”, “Өвлийн спортыг дэмжих”, “Залуу тамирчдыг дэмжих” зэрэг олон хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж, “Бөртэ Чоно” хөшөө дурсгалын цогцолбор, МҮОХ-ны дээд шагнал “Бөртэ Чоно” шагналыг бий болгон 2002 оноос жил бүр спортын оны шилдгүүдийг шалгаруулан “Бөртэ чоно” цом гардуулж, Үндэсний олимпийн хорооныхоо үйл ажиллагааг тогтворжуулж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй байгууллага болгосон түүхэн гавьяатан билээ.
Тэрээр спортын анагаах ухаан, Монгол дахь олимпизмийн үйл хэргийн талаар “Спортын анагаах ухаан” /1996, 2008/, “Спортын анагаах ухааны судалгаа, анализ” /2021/, “Олимпийн хөдөлгөөнд түрлэг нэмсэн он жилүүд” /2021/ зэрэг бүтээл туурвисан ном эрдмийн хүн байлаа.
Д.Загдсүрэнгийн спортын анагаах ухаан, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд оруулсан нөр их хөдөлмөр, гавьяа зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж, 2008 онд Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнасан билээ.
Олимпийн хөдөлгөөний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүтгэлтний хувьд түүнийг 2003 онд Азийн олимпийн зөвлөл (OCA) нь өөрийн тэргүүн дээд шагнал “Merit order” одон,Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC) нь 2006 онд өөрийн дээд шагнал “ANOC Merit order” одонгоороо тус тус энгэрийг нь мялаасан юм.
Монголын Спорт-Олимпизмийн хөдөлгөөн, анагаах ухаан, нийгмийн гарамгай зүтгэлтэн, шилдэг удирдагч Д.Загдсүрэнгийн төлөв даруу, хүнлэг, нөхөрсөг зан, ухаалаг, бүтээлч, хөдөлмөрч чанар, хийж бүтээсэн гэгээн үйлс нь Спорт-Олимийн их гэр бүлийн гишүүдийн зүрх сэтгэлд үүрд мөнхөрч үлдэх болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
78
ЗөвЗөв
73
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
5
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж