Азийн хөгжлийн банк (АХБ) Бондын зах зээлийн гарын авлагыг дотоодын бодлого боловсруулагч нар болон зах зээлд оролцогчидтой нягт зөвлөлдсөний үндсэн дээр гаргадаг. Энэ нь бонд гаргагч, хөрөнгө оруулагчид болон санхүүгийн зуучлагчдад тухайн улсын дотоодын нөхцөл байдлыг ойлгоход нь туслах, улмаар бүс нутгийн хурдацтай хөгжиж буй бондын зах зээлд илүү идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Азийн хөгжлийн банк Монголын Бондын зах зээлийн гарын авлагад Монгол дахь төгрөгийн бондын зах зээлийн талаарх цогц мэдээллийг багтаажээ. Тус гарын авлагад бондын зах зээл сайн хөгжих тусам дэд бүтцийн санхүүжилтийг дэмжиж, улмаар Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн цаашдын хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэсэн байна.
Хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулагч нарт компанийн өрийн бичиг, хувьцаа болон бондыг арилжих эрх зүйн орчныг бий болгож, зохицуулалтын тогтолцоог бүрдүүлэх нь Монгол Улсын бондын зах зээлийг хөгжүүлэхэд нэн чухал болохыг АХБ тайландаа дурджээ.
Монгол Улс Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН, Япон, БНХАУ болон БНСУ-ын хамт АСЕАН+3 Бондын зах зээлийн чуулганд 2019 оноос хойш идэвхтэй оролцож ирснийг тайланд дурдсан байна. Энэ талаар АХБ-ны ерөнхий эдийн засагчийн орлогч Жозеф Эрнест Звеглич хэлэхдээ “АХБ нь Азийн бондын зах зээлийн санаачилга (АБЗЗС)-ын хүрээнд хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хуваалцах зорилгоор АСЕАН+3 бондын зах зээлийн цуврал гарын авлагыг боловсруулж ирсэн.
Монголын Бондын зах зээлийн гарын авлагыг энэхүү цувралын хүрээнд боловсруулж, нийтийн хүртээл болгосноор Монгол Улсын төгрөгийн бондын зах зээлийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, цаашдын хөгжлийг ахиулахад түлхэц болно гэж бид найдаж байна” хэмээн хэлжээ.
Энэхүү гарын авлагыг АХБ болон Монгол Улсын Сангийн яам хамтран саяхан олон нийтэд танилцуулсан. Вебинар танилцуулгад АСЕАН+3 бондын зах зээлийн форумын гишүүд, АСЕАН+3-ын албан ёсны төлөөлөгчид, Европын хөрөнгө оруулагчид, Монголын санхүүгийн байгууллагуудын 180 орчим төлөөлөгч оролцож, Монголын төгрөгийн бондын зах зээлийн тогтолцооны талаар хэлэлцэн, Монголын санхүүгийн зах зээлийн цаашдын хөгжлийн талаар санал солилцсон юм.