Францын Ерөнхий сайд Жан Кастекс энэ долоо хоногт илгээмжээр олон тооны дотуур хувцас хүлээн авчээ. Гэхдээ энэ нь ямар нэг скандал бус, хөл хорионоос болж хаалгаа барьсан дэлгүүрүүдийн илэрхийлж буй эсэргүүцэл аж.
Тухайлбал, Францын өнцөг булан бүрээс хувцас худалддаг жижиг дэлгүүрүүд хөл хорионы үед ажиллахгүй байх шаардлагыг эсэргүүцэн, жижиг бизнесүүдээ дэмжихийг шаардаж Ерөнхий сайддаа дотоож илгээх болжээ. Францын засгийн газрын баталсан журмын дагуу хөл хорионы үеэр ахуйн хэрэглээний нэн чухал барааны дэлгүүрүүдээс бусад нь ажиллахгүй байх учиртай. Харин худалдаачид нэн чухал хэрэгцээт барааны тоонд дотуур хувцас багтах ёстой хэмээн үзжээ.
Худалдаачид ийнхүү Ерөнхий сайддаа дотуур хувцас илгээхийнхээ өмнө дотуур хувцас болон хавсаргасан ил захидлынхаа зургийг авч, цахим орчинд тавьдаг гэнэ. Жишээлбэл, нэгэн бизнес эрхлэгч “Би бол нэн чухал бараа” хэмээх бичигтэй хоёр дотоож илгээх гэж буй зургаа нийтэлсэн байна.
Эх сурвалж: RT.COM