Нэмэгдсэн өртгийн албан татварын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтыг өнөөдрөөс /2021.04.21/ иргэдийн дансанд олгож эхэлжээ. Энэ талаар Татвар хураалтын удирдлага арга зүйн газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалагаас тодрууллаа.
-НӨАТ-ын буцаан олголтыг хэчнээн иргэнд хэдэн төгрөгийн санхүүжилттэй олгохоор болсон бэ?
-Өнгөрсөн оноос эхлээд НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог болсон. Тухайлбал, Татварын ерөнхий газраас 2020 оны дөрөвдүгээр улирлын худалдан авалтаар нэг сая 18 мянга 314 иргэнд 43.7 тэрбум төгрөг буцаан олгосон. Харин 2021 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтоор 1.023235 албан татвар төлөгч иргэнд 40.6 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно. Өнөөдрийн байдлаар НӨАТ-ын тухай хуулийн нөхцөл шаардлага хангасан иргэдэд урамшууллыг олгож эхлээд байна.
-Бүх арилжааны банкуудад буцаан олголтыг олгосон уу?
-Төрийн сангаас бичилт, шилжүүлэг хийгдэж арилжааны банкууд гүйлгээ хийж эхэлж байна. “Ebarimt” системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу шилжүүлэх журамтай байдаг. Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгдөг. Үүний дараа Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлж эхэлж байгаа. Сангийн сайдын баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 6.11.2 дугаар заалтад “Хувийн мэдээллээ залруулаагүйгээс болон энэ журмын 4.6-д заасан хугацаанд төлбөрийн баримтаа бүртгүүлээгүйгээс тухайн улиралд өссөн дүнгээр, тухайн жилд олгогдоогүй урамшууллыг дараа жилийн эхний хагаст багтаан олгоно” гэж тусгасан байдаг.
Энэ журмын дагуу нэг, хоёр, гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөв, долоо, аравдугаар сард иргэдийн дансанд шилжүүлнэ. Харин оны дөрөвдүгээр улирлын буюу жилийн эцсийн урамшууллыг дараа жилийн эхний хагаст багтаан олгодог. Тэгэхээр иргэд хувийн мэдээлэл зөрүүтэйгээс юмуу төлбөрийн баримтаа тухайн улиралдаа бүртгүүлж амжаагүй шалтгаанаар НӨАТ-ын буцаан олголтоо нэгдүгээр улиралдаа авч чадаагүй бол дараагийн улиралд өссөн дүнгээр буцаан олголтоо авах юм.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн буцаан олголтоо аваад байна вэ?
-Одоогоор буцаан олголтын урамшуулал олгож эхэлж байгаа учраас дүн мэдээг хэлэх боломжгүй.
-Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтоо аваагүй бол энэ сарын буцаан олголтын урамшуулал дээр нэмэгдэх үү?
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу зургаадугаар сарын 30-н гэхэд данс хаагдаж, журмын дагуу санхүүжилт буцаагддаг. Тэр хүртэлх хугацаанд мэдээлэл зөрүүтэй болон бусад шалтгаанаар буцаан олголт нь буцсан иргэдийн мэдээллийг засварлуулж, буцаан олголтыг олгох ажил хийгдэнэ. Хэрэв мэдээллээ засаагүй тохиолдолд иргэдэд буцаалтын урамшуулал олгох боломгүй юм.
-Албан татвар төлөгчдөд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголттой холбоотой ямар асуудал үүсч байна?
–Албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй байхаар тусгасан.
–НӨАТ-ын сугалааны IT ажилтан 36 удаа азтан болсон, татвар болоод бусад холбогдох газрын ажилтнуудын хамаарал бүхий хүмүүс сугалаанд давтамжтай хожсон гэх мэдээлэл гараад байсан. Энэ асуудал дээр ямар шийд гарсан бэ?
-Гааль, татвар, санхүү, мэдээллийн технологийн газрын өмнө ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа 47 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа нийтдээ 3,838,000 төгрөг хожсон. Тэдний гэр бүлийн хамаарлын хүмүүс дунд зөвхөн нэг тохиолдолд 40 сая төгрөг хожсон гэх мэдээлэл гараад байсан. Энэ асуудал ШӨХТГ-аас хяналт шалгалтын ажил хийгдэж, тийм асуудал байхгүй гэдэг дүгнэлт гаргаж өгсөн. Хамаарал бүхий этгээдүүд азтан болсон гэдэгтэй холбоотойгоор ажилчид болоод хамаатнуудыг нь шалгаж ташаа мэдээлэл байжээ гэдэг дүгнэлт хийсэн байгаа.
–Олон нийтийн зүгээс НӨАТ-ын сугалааг болиулж, буцаан олголтын хувийг нэмэх нь зөв гэдэг хүсэлтээ илэрхийлж байна. Энэ тал дээр танай байгууллага ямар байр суурьтай байна вэ?
-Саналын түвшинд яригдаж байгаа. Гэхдээ бид хуулийг хэрэгжүүлдэг учраас хуульд өөрчлөлт ороогүй тохиолдолд энэ тал дээр тайлбар хэлэх, өөрчлөлт оруулах эрх байхгүй. Түүнээс албан ёсоор хуульд оруулахаар төсөл боловсруулагдсан зүйл одоогоор байхгүй байна.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ