АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотын тангарагтны шүүхэд өнгөт арьст эрэгтэй Жорж Флойдын амь насыг хохироосон хэргийн хурал болж өндөрлөлөө. Шүүхээс цагдаагийн офицер асан Дерек Шовиныг хоёр ба гуравдугаар зэргийн хүн амины хэрэгт, өөрөөр хэлбэл санамсаргүй байдлаар хүний амь хөнөөсөн, түүнчлэн хоёрдугаар зэргийн хайхрамжгүй байдлын улмаас Флойдыг үхэлд хүргэсэн гэм буруутайд тооцжээ. Хамгийн хүнд зүйлчлэл нь хоёрдугаар зэргийн хүн амины хэрэг бөгөөд ялын дээд хэмжээ нь 40 жил шоронд хорих юм.
Шүүх хурлын үеэр Дерек Шовин шүүхийн шийдвэрийг тайван хүлээж авсан байна. Улмаар найман долоо хоногийн дараа хэрэгтнийг шийтгэх тогтоол гарах бөгөөд тэр хүртэл Шовиныг үргэлжлүүлэн хорих юм байна. АНУ даяар чих тавин хүлээсэн энэхүү шүүх хурал гуравдугаар сарын 8-нд эхэлж өчигдөр /2021.04.20/ өндөрлөжээ.
Дерек Шовин өнгөрсөн оны тавдугаар сард өнгөт арьст эр Жорж Флойдыг баривчлах үедээ хүзүүн дээр нь удаан өвдөглөснөөс болж Флойдын амьсгал боогдож нас барсан юм. Флойдыг нас барсны дараа АНУ даяар арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг олныг хамаарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эмх замбараагүй байдал дэгдсэн билээ. Энэ хөдөлгөөн цаашлаад дэлхийн бусад улс орнуудад ч өрнөсөн билээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ