Малчдын хөдөлмөрийг эргэлтэд оруулж, эдийн засгийн оролцоог нэмье

Хуучирсан мэдээ: 2021.04.21-нд нийтлэгдсэн

Малчдын хөдөлмөрийг эргэлтэд оруулж, эдийн засгийн оролцоог нэмье

Малчдын хөдөлмөрийг эргэлтэд оруулж, эдийн засгийн оролцоог нэмье

Монголын Засаг урт хугацааныхаа бодлогыг боловсруулж, зарласан. Нэр нь “Алсын хараа-2050”.

Уг бодлогод  “хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтот зах зээл, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлж, эдийн засгийн чадамж, үр өгөөжийг сайжруулна”, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтворжуулж, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангана” зэрэг зорилтууд тусгагдсан билээ.

Бодлогыг бодит ажил болгохын тулд түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх, түүхий эдийг биржээр дамжуулан үндэсний үйлдвэрт нийлүүлэх, загвар хоршоодыг бий болгох, санхүү хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой Хоршооны тухай хуулийн төсөл УИХ-ын босгыг давсан.

Энэхүү хууль батлагдвал Монголын эдийн засагт ямар ач холбогдолтой вэ. Эхлээд энэ асуултад хариулъя.

Өнөөдөр улсын хэмжээнд 4580 хоршоод, 235 мянга гаруй гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Монголд нийтдээ  4477 хоршоо байгаа нь  нийт аж ахуйн нэгжийн  2.6 хувийг эзлэж байна. Мөн бүртгэлтэй нийт хоршоодын 61 хувь нь буюу 2732  нь үйл ажиллагаа хэвийн явуулдаг,  19 хувь нь үйл ажиллагаа эрхлээгүй, 23.6 хувь нь үйл ажиллагаа нь түр зогсчээ.  2732 хоршооны дийлэнх хувь нь буюу 88.1 хувь нь дөнгөж 9 хүртэл ажилчинтай бол 11.9 хувь нь 10 болон түүнээс дээш ажилчинтай гэсэн судалгаа ч ҮСХ-ноос гаргасан байдаг.

Тэгвэл хууль батлагдсанаар төрийн хүч хүрэхгүй ажлыг хоршоодтой хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэх аж.  Алслагдсан аймаг сум, хөдөөд ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл буурна гэж хууль санаачлагчид нь үзэж байна.  Татварын бааз суурь ч нэмэгдэнэ. Малчид ганц, ганцаараа мянган мал маллаж, уулын ам ганц нэгээрээ сахих нь бизнес биш.  Хоршиж, нэгдэж хөдөлмөрөө эргэлтэд оруулж, үнэлүүлэх цаг болсон. Бэлчээр талаасаа ч, бизнес талаасаа ч бодвол малчид зохион байгуулалтад орж, хоршоо байгуулах нь үр дүнтэй арга юм.

Тиймээс хуулийн давуу тал хөдөө аж ахуйн салбарын хувьд үнэгүйдээд буй мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нийлүүлэх, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бий болгох, малчид, газар тариалан эрхлэгчдийн аж амьдралыг сайжруулах боломж бүрдэнэ. Зээл авах, хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин нээгдэх юм.

Учир нь , Мал хамгаалах, Тариалан эрхлэлтийг дэмжих, Жижиг дунд үйлдвэрлэлийн сан гээд олон сан байгаа ч тэндээс олгогддог зээл, тусламжид ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесийн хамгийн жижиг нэгж болох хоршооллын салбарынхан хамрагдаж чаддаггүй гэсэн гомдлыг хоршоологчдын зүгээс гаргадаг.

Төсвөөс санхүүждэг сангуудын тавьдаг шаардлага шалгуурууд хэт өндөр, дээр нь баг суманд, малчид ногоочдод мэдээлэл хүрдэггүй тал байдаг. Монголын өнөөгийн нөхцөлд мэдээлэл ойрхон хүмүүс л төрийн элдвийн сангуудаас зээл авдаг нь худлаа биш.

Хоршоолол нь дэлхий дээрх хамгийн ардчилсан аж ахуйн байгууллага. Хэн хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийснээсээ үл хамаараад хоршооллын засаглал, үйл ажиллагаад оролцох эрх нь нээлттэй.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын 2019 оны 362 дугаар тогтоолоор “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III” батлагдсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс хоршоодын үйл ажиллагаа тогтвортой эсэхийг тогтоох, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо хэмжээ, хүчин чадлын талаар нарийвчилсан мэдээлэл цуглуулах, хариуцлага, дотоод хяналтыг сайжруулах зорилгоор хоршоодын хөгжлийн үнэлгээг улс орон даяар зохион байгуулсан. Одоо хууль эрх зүйн орчинг нь сайжруулах шаардлагатай болсон.

Монгол Улс одоогоор “доголон” эдийн засагтай. Уул уурхай салбараас хараат. Энэ утгаараа эдийн засгаа солонгоруулах нь үе, үеийн Засгийн газрын мөрөөдөл болсон. Засгийн газрын “Алсын хараа”-ны гол зорилго бол эдийн засгаа солонгоруулах. Энэ утгаараа Хоршооны тухай хууль нь малчид, тариаланчид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төдийгүй эдийн засагт хүлээлт үүсгээд удаж байгаа юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж