ОХУ-ын арми бие бүрэлдэхүүн, зэвсэг, техникээ Украины хил дээр төвлөрүүлэх ажлаа зогсолтгүй үргэлжлүүлсээр байна. Улмаар өдгөө хил дагуу 2014 онд Крым хойгийг булаан эзэлсэн үеийнхээс ч илүү цэрэг цугларсан байна.
Энэ талаар Пентагон ихэд санаа зовниж, хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “Украины хил дээр 2014 оныхоос ч их цэрэг цуглараад байна. Бид энэ цэргийн идэвхжилтийг цаашид ч маш нарийн ажиглах болно. Байдал улам ноцтой болж байна” хэмээн ярьжээ.
Гэсэн хэдий ч Пентагоноос Украины хил дээр чухам хэд орчим орос цэрэг цуглараад буй талаар тагнуулын мэдээллээ хуваалцахаас татгалзсан юм. Харин Европын холбооны эх сурвалжийн мэдээлснээр хил дээр бөөгнөрсөн орос цэргүүдийн тоо 100 мянга давсан гэнэ.
Европын холбооны төлөөлөгч Хосеп Борреллын мэдээлснээр энэ бол Оросын талаас хэзээ ч төвлөрүүлж байгаагүй хамгийн том цэргийн төвлөрөл бөгөөд нөхцөл байдлаас харахад цаашид элдэв зэвсэгт мөргөлдөөн, тулаан болох эрсдэл маш өндөр байгаа гэнэ.
Харин ОХУ-ын зүгээс цэргүүдээ ийнхүү олноор цуглуулж байгаагаа NATO-ын заналхийллийн эсрэг цэргийн сургуулилалт хэмээн тайлбарлажээ. Тэгвэл Пентагон дээрх тайлбарт үл итгэж байна. Кирби энэ талаар “ОХУ цэргүүдээ сургуулилалтын зорилгоор цуглуулсан гэж байгаа ч жинхэнэ зорилго нь тодорхой болоогүй л байна. Тиймээс бид ажиглалтаа үргэлжлүүлэх бөгөөд Оросын талыг илүү нээлттэй байхыг хүсч байна” хэмээн хэлжээ.
Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба энэ талаар “Хэдхэн долоо хоногийн дотор Оросын цэргийн тоо эрс олширч, тулааны бэлэн байдал хангаж байна. Манай тагнуулын мэдээгээр хил дээр дор хаяж 120 мянган цэрэг цугларсан байна. Бид чухам хэзээ Путин хил нэвтрэн дайрч орж ирэхийг мэдэхгүй байна. Гэхдээ тэд өнөөдөр, маргааш дайрахад ч бэлэн байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн аж.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ