“Apple” шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2021.04.21-нд нийтлэгдсэн

“Apple” шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

“Apple” шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

“Apple” компани өчигдөр /2021.04.20/ 2021 оны анхны шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулах “Spring Loaded” нэртэй арга хэмжээг зохион байгууллаа. Энэ удаа тус компани шинэ iPad Pro, шинэ iMac, шинэ өнгөтэй iPhone 12, AirTag, шинэ Apple TV 4K зэрэг бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд танилцуулсан байна. Ингээд “Apple”-ийн шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцацгаая.

M1 чиптэй, шинэ iPad Pro

“Apple компани” өнгөрсөн оноос өөрийн зохион бүтээсэн M1 чипээр  бүтээгдэхүүнүүдээ тоноглож эхэлсэн билээ. Тэгвэл энэ удаа iPad Pro бүтээгдэхүүн нь M1 чиптэй болж байгаа ба өчигдрийн арга хэмжээн дээр 11 ба 12.9 инчийн хоёр iPad Pro танилцуулсан юм. 12.9 инчийн загвар нь 10,000 Mini LED гэрэлтүүлэгч ашигласан Liquid Retina XDR шинэ технологийн дэлгэцтэйгээрээ онцлог болсон байна. Дээрх хоёр загвар хоёулаа 12 мегапикселийн хэт өргөн өнцгийн камертай болсон ба энэ нь  видео дуудлага хийх үед хүний хөдөлгөөнийг дагадаг технологитой юм байна. Шинэ iPad Pro-гийн урьдчилсан захиалга дөрөвдүгээр сарын 30-наас эхлэх бөгөөд тавдугаар сарын сүүлийн хагаст худалдаанд гарах аж. Үнийн хувьд 11 инч загвар нь 799 ам.доллар, 12.9 инч загвар нь 1099 ам.доллар байх гэнэ.

M1 чиптэй, шинэ iMac

“Apple” компанийн таницлуулсан өөр нэгэн шинэ бүтээгдэхүүн бол гадна дизайныг нь бүрэн өөрчилсөн iMac дэсктоп компьютер байв. Маш нимгэн, 24 инчийн хэмжээтэй уг загвар нь мөн л M1 чипээр тоноглогджээ. Энэ загварын хувьд 1080p-ийн FaceTime камертай, долоон өнгөний сонголттой, Touch ID хурууны хээ уншигчтай аж. Үнийн хувьд дөрвөн өнгөний сонголттой энгийн хувилбар нь 1299 ам.доллар бол өндөр үзүүлэлттэй нь долоон өнгөний сонголтоой, 1499 ам.долларын үнээр худалдаалагдах юм байна. Урьдчилсан захиалга нь дөрөвдүгээр сарын 30-нд эхэлж, тавдугаар сарын сүүлийн хагаст худалдаанд гарна.

Эд зүйлсээ олоход туслах AirTag

“Find My” аппликейшн ашиглан эд зүйлсээ хайж олоход тус болох АirTag төхөөрөмж бол “Apple”-ийн бас нэгэн шинэ бүтээгдэхүүн байлаа. Түлхүүр, түрийвч, цүнх гээд юунд ч зүүж хэрэглэж болох AirTag-таа тухайн хэрэглэгч өөр өөр төрлийн эможи оноож, ялган таних боломжтой. Нэг бүр нь 29 ам.доллараар худалдаалагдах энэ бүтээгдэхүүний урьдчилсан захиалга Баасан гаригаас /2021.04.23/ эхлэх бөгөөд дөрөвдүгээр сарын 30-нд худалдаанд гарахаар болжээ. Дөрвөн ширхэгээр нь багцалсан үнэ 99 ам.доллар байх гэнэ.

A12 Bionic чиптэй Apple TV 4K

Дараагийн бүтээгдэхүүн бол шинэ Apple TV 4K бокс. Энэ нь A12 Bionic чипээр тоноглогдсон бөгөөд HDR болон өндөр давтамжтай видео дүрсийг үзэх боломжтой болж байна. Хөнгөн цагаан материал, хурууны даралт мэдрэгч пад, Siri товчтой шинэ удирдлагатай зэргээрээ онцлог болсон байна. Хамгийн бага хувилбар нь 32GB багтаамжтай байх ба 179 ам.доллараар худалдаалагдана. Урьдчилсан захиалга нь дөрөвдүгээр сарын 30-нд эхэлж, тавдугаар сарын сүүлийн хагаст худалдаалагдаж эхэлнэ.

Нил ягаан iPhone 12

Өнгөрсөн онд зах зээлд гаргасан iPhone 12, iPhone 12 mini загваруудаа энэ удаа нил ягаан өнгөтэй болгохоор шийджээ. Шинэ өнгөтэй iPhone-уудын урьдчилсан захиалга энэ сарын 23-наас эхэлж, дөрөвдүгээр сарын 30-наас 799 ам.доллараас эхэлсэн үнэтэйгээр худалдаанд гарах ажээ.

 “Apple card” үйлчилгээний шинэчлэл

“Apple” компани хоёр жилийн өмнө өөрсдийн гэсэн кредит картыг гаргаж, дэлхийн хаана ч “Apple Pay” үйлчилгээ нэвтэрсэн үед тус картыг ашиглах боломжийг олгосон. Тэгвэл одоо энэ картыг гэр бүлээрээ ашиглах боломжтой болгон шинэчилжээ. Өөрөөр хэлбэл, эхнэр нөхрүүд зээлийн картынхаа эрхийг нэгтгэж, хамтдаа ашиглах боломжтой болсон гэсэн үг юм. Мөн энэхүү зээлийн картыг ашиглах насны хязгаар доод тал нь 18 байсныг 13 болгосон байна.

Эх сурвалж: CNN, CNET

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж