“Хүүхдийн тоглоомын талбайд хамгаалалт гаргаж, хяналт тавина”

Хуучирсан мэдээ: 2021.04.21-нд нийтлэгдсэн

COVID-19

“Хүүхдийн тоглоомын талбайд хамгаалалт гаргаж, хяналт тавина”

“Хүүхдийн тоглоомын талбайд хамгаалалт гаргаж, хяналт тавина”

Цар тахлын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж буйтай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосноос хойш арав хоног өнгөрчээ. Хатуу хөл хорио тогтоосон дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад Covid-19-ийн 9390 тохиолдол шинээр бүртгэгдэж, 30 хүн хорвоог орхижээ.

Манай улсад халдварын оргил үе нь тавдугаар сарын эхэн буюу хоёр дахь долоо хоногт таарч, энэ үед батлагдсан тохиолдлын тоо 60-70 мянгад хүрч, өдөрт бүртгэгдэх тохиолдол 3,000 ба түүнээс дээш гарна гэх судалгаа бий талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлж байсан. Иймээс Засгийн газар хуралдаж, Covid-19-ийн эрсдэлийг хоёроос гурав дахин бууруулахын тулд хатуу хөл хорио тогтоох шийдэлд хүрсэн. Гэвч нийслэлд “хатуу хөл хорио” нэртэй боловч явган зорчигчийн болон автомашины хөл хөдөлгөөн их байгаа дүр зураг нүдэнд илт. Иргэдийн хөл хөдөлгөөн их байгаа нь хөл хорионы үр дүнг бууруулах эрсдэлтэй гэдгийг ЭМЯ-аас мэдээлсээр буй.

Иймээс УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан өчигдөр /2021.04.19/ УОК-ын дэргэдэх Шуурхай штабт ажиллах үеэрээ хөл хориотой байгаа энэ үед явган зорчигчийн хөл хөдөлгөөнийг үе шаттайгаар хязгаарлах арга хэмжээ авахыг мэдэгдсэн юм. Түүний хэлснээр эхний ээлжид хүүхдийн тоглоомын талбай болон олон хүн цугладаг байршлуудад хамгаалалт гаргаж, хяналт тавих аж.

Явган зорчигчийн хөл хөдөлгөөнд хязгаарлахын тулд ямар зохицуулалт хийх талаар УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзоригоос тодруулахад “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмийг сахих тун чухал. Гэвч явган зорчигчийн хөдөлгөөн их байгаа талаар иргэд хэлж байна. Иймд иргэдийг гадуур сэлгүүцэх, дүүргийн нутаг дэвсгэр дамжин нэгнийдээ зочилж очих зэрэг хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахын тулд дүүрэг бүрт ажиллаж байгаа эргүүл, хяналтын алба хаагчдад хяналт шалгалтыг эрчимжүүлж, чангатган ажиллах чиглэлийг хүргүүлсэн.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, төв талбай зэрэг иргэд нэг дор олноор бөөгнөрч болзошгүй байршлуудад дүүргүүдийн Онцгой комиссийн ажилчид болон цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагчдаас бүрдсэн эргүүлийн баг тогтмол хяналт тавин ажиллаж байна. Мөн Туул гол орчимд хяналтын баг эргүүлд гарч, ажилласаар байгаа. Нэг дор бөөгнөрсөн зөрчил илэрвэл тухай бүрт нь шаардлага тавьж, хариуцлага тооцож байна.

Зайлшгүй шалтгаанаар орон нутаг руу зорчих иргэдээс шинжилгээ авч байгаа. Харин сайн дурын шинжилгээг хөл хорио дуустал авах боломжгүй. Халдварын тархалт нэмэгдэж буй энэ үед иргэд олноор шинжилгээ өгөх нь шинжилгээний цэгүүд ачааллаа дийлэхгүй байх, цаашилбал PCR шинжилгээний нөөцөө зохистой ашиглаж чадахгүйд хүрэх учраас ДЭМБ-аас шинж тэмдэг илрээгүй иргэдийг гэртээ биеийн байдлаа хянах зөвлөмжийг гаргаад байгаа юм. PCR шинжилгээ вакцин биш. Иймээс хөл хорио тогтоосон хоногуудад тандалтын хариу арга хэмжээний баг ойрын хавьтлуудаас гэрээр очиж шинжилгээ авч байгаа юм” гэлээ.  Мөн тэрбээр “Хөл хорионы дүрэм журмыг мөрдөж, гэр гэртээ байх нь иргэдийн ухамсраас шалтгаалсан асуудал болчхоод байгаа юм. Гэхдээ урин дулааны цагт тогтоосон хөл хорио учраас иргэдийг гэрээс нь огт гаргахгүй байх боломжгүй. Иймд иргэдийг гэрийн ойролцоо салхилахыг зөвшөөрсөн. Гол нь бөөгнөрөл үүсгэхгүй байх, хүн хоорондын зайг баримтлах чухал” гэдгийг онцолсон юм.

Хөл хорионы дараа өдөрт бүртгэгдэх халдварын тоо өсөх тооцоотой байгаа тул ЭМЯ-аас хатуу хөл хорионы хугацааг сунгах саналтай байгаагаа илэрхийлсэн. Харин ЭМЯ-ны зүгээс гаргасан саналыг энэ долоо хоногт УОК-ын хурлаар авч хэлэлцэх аж.

Хөл хориотой үед иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор агаар салхинд гарахыг зөвшөөрсөн байдаг. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед дүрэм журмыг сахиулах нь мэргэжлийн байгууллагын үүрэг боловч нөгөө талдаа иргэд ч хариуцлагатай байх чухал юм.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж