Реал Мадрид багийн ерөнхийлөгч Флорентино Перезийн Испанийн "El Chirirnguito" телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр саяхан шуугиан дэгдээсэн Европын Супер лигийн анхны ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа юм.
-Яагаад Европын Супер лигийг зохион байгуулах болов ?
-Англи, Испани, Италийн том багууд өнөөгийн хөлбөмбөгт тулгараад буй таагүй нөхцөл байдлыг шийдвэрлэх шийдлийг олох хэрэгтэй болсон. Ийнхүү бид хэлэлцээд УЕФА Аваргуудын лигийн оронд Европын Супер лигт оролцож, цар тахлын улмаас алдсан орлогоо нөхөх боломжтой гэх дүгнэлтэнд хүрсэн. Илүү өрсөлдөөнтэй тоглолтууд зохион байгуулж л ашиг олох ёстой шүү дээ. Телевизийн шууд дамжуулалтын гэрээний мөнгөнөөс өөр орлогогүй болсон учир бид дэлхий даяарх хөлбөмбөгийн фэнүүдийг татахын тулд Европын том багуудыг хооронд нь тоглуулж, илүү сонирхолтой, ашиг олох шийдлийг олсон. Реал Мадрид санхүүгийн тал дээр үнэхээр хүнд байдалд байгаа. Хоёр улирлын дотор 400 гаруй сая еврогийн алдагдалд орчлоо. Реал Мадрид шүү дээ.
-Европын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллаж болохгүй байсан юм уу?
-Хөлбөмбөг сонирхолгүй болж, үзэгчдийн тоо цөөрч, телевизийн шууд дамжуулалтын эрх ч үнэ цэнээ алдаж эхэлсэн. Энэ үйл явцыг цар тахал улам хурдасгасан. Өөрчлөлт хийхгүй бол бид сүйрнэ. 16-24 насныхан хөлбөмбөгийг сонирхохгүй байна. Залуучуудын 40 хувь нь хөлбөмбөгийн чанаргүй, уйтгартай тоглолтоос болж энэ спортыг сонирхохгүй байна. Энэ бүгдийг статистик, судалгаанаас харж болно. Өнөө үед хүүхдүүд хөлбөмбөг гэхээсээ илүү видео тоглоомонд донтож байна. Бид заавал ямар нэгэн зүйл хийж байж, тэднийг эргэн авчрах шаардлагатай. Одоогийн үүсээд буй нөхцөл байдалтай адил зүйл 1950-аад оны үед ч гэсэн болж байсан. Тэр үед Европын хөлбөмбөгийн холбоо(УЕФА), олон улсын хөлбөмбөгийн холбоо(ФИФА) хоёулаа л Сантъяго Бернабеугийн Европын цомын санааг эсэргүүцэж байсан. Гэтэл тэр нь өнөөгийн УЕФА Аваргуудын лигийн эхлэл болсон юм шүү дээ. Харин одоо УЕФА Аваргуудын лигийн шөвгийн 16-ын шатнаас л эхэлж хүмүүс энэ тэмцээнийг үзэж байна. Хүмүүсийг юу татдаг гээч? Гайхалтай, уран тансаг тоглолтууд. Бид энэ спортыг хөгжүүлэхийн тулд чадах бүхнээ л хийж байна.
УЕФА Аваргуудын лиг хүмүүсийг сонирхлыг татахаа больсон учир бид хөлбөмбөгийг аврахын тулд Европын Супер лигийг үүсгэн байгуулсан юм.
Бид энэ спортыг дэлхийн түвшинд олны анхаарлын төвд оруулахын тулд өөрчлөлт хийх хэрэгтэй. Үүнийг л Бернабеу 1950-аад оны үед хийсэн юм. Телевизийн эрхүүд биднийг мөнгөтэй болгодог. Тэр мөнгө хүн бүхэнд зориулагдсан. Том багууд мөнгөтэй болвол бусдад л зарцуулдаг. Учир нь бид бусад багуудаас тоглогчдыг нь худалдан авч, тэдэнд хөрөнгө оруулалт хийдэг. Үүний ачаар л бид эв нэгдэлтэй байгаа юм. Хэн ч УЕФА Аваргуудын лигийн шинэ форматыг ойлгохгүй байгаа. УЕФА-ийн хийж буй шинэчлэлт хөлбөмбөгийг аврахгүй. Би Реал Мадридыг эзэмшдэггүй. 2000 онд энэ багт анх орж, санхүүгийн хэцүү байдлаас нь гаргахын тулд ажиллаж байлаа. Харин одоо хөлбөмбөгийг хэцүү байдлаас нь гаргахаар ажиллаж байна. Бид шинэ зүйлсийг туршиж үзэх хэрэгтэй.
-Европын Супер лигт оролцсон тамирчдыг ирэх Катар улсад зохион байгуулагдах дэлхийн аваргад оролцуулахгүй гэсэн. Энд тамирчдын эрх зөрчигдөж байгаа юм биш үү?
-Тийм зүйл болохгүй ээ. Европын Супер лигт оролцсон тоглогч бүр эх орныхоо төлөө шигшээ багтаа тоглож, дэлхийн аварга, Европын аварга гээд олон улсын тэмцээнд оролцож болно. Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн заналхийлэл үү? Тэр тэгэж л байна биз. Реал Мадрид ч УЕФА Аваргуудын лигээс хөөгдөхгүй. Би үүнийг 100 хувь баталгаатай хэлж чадна. Биднийг хэн ч аваргуудын лигээс гаргаж чадахгүй. УЕФА-ийн зүгээс аваргуудын лигийн шинэ форматыг 2024 оноос эхлэн хэрэгжүүлэх гэж байгаа. 2024 он гэхэд бид үхчихсэн байна. Бид УЕФА-ийн өмч биш. Тэд биднийг захирахгүй. УЕФА-ийн ноёрхол дуусгавар болсон. Шинэ эрин эхэлж байна.
-УЕФА-ийн ерөнхийлөгч багуудын эздийг ихээхэн шүүмжилсэн. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Тэр Ювентусын ерөнхийлөгч Агнеллиг үл хүндэтгэж, ихээхэн шүүмжилж байгаа нь хүлээн зөвшөөрч болохгүй үйлдэл. УЕФА өөрчлөгдөх ёстой. Европын томоохон багийн эзнийг УЕФА-ийн ерөнхийлөгч элдвээр хэлж, доромжилж байгаа нь ёс бус үйлдэл. Хөлбөмбөгт ийм төрлийн хүмүүс хэрэггүй. Үл хүндэтгэсэн, хүлээн зөвшөөрч болохгүй үйлдэл.
-Европын Супер лиг эхэлвэл Испанийн Ла лиг үнэ цэнээ алдах юм биш үү? Реал Мадрид, Барселона зэрэг том багууд дотоодын лигтээ анхаарал хандуулахгүй, гол тоглогчдоо тоглуулахгүй бол юу болох юм бэ?
-Манай Реал Мадридын сагсны баг дотоодын лигтээ ч, Евро лигт ч тоглодог. Хөлбөмбөгийн баг маань нь ч гэсэн үүнийг төгс зохицуулж чадна.
-Одоогоор Европын Супер лигт оролцох 12 баг байгаа гэж сонссон. Гэхдээ дандаа Англи, Испани, Италийн багууд байна. Герман, Францын багууд оролцох уу?
-Бид лигтээ Францын ПСЖ-ийг хараахан уриагүй байна. Мөн Германы багууд руу ч урилга явуулаагүй. ПСЖ, Байерн Мюнхенгүй Европын Супер лиг явдгаараа явна. Үүнд эргэлзээд байх зүйл үгүй. Манай лиг үүсгэн байгуулагч 15 багтай. Үүн дээр таван баг урилгаар орно. Хаалттай лиг гэсэн үг биш шүү. Улирал бүр таван баг оролцоно. Дахин хэлье, Европын Супер лиг бол хаалттай лиг биш. Сайн, амжилттай яваа ямар ч баг нэрнээсээ үл хамааран оролцох боломжтой нээлттэй лиг. Аваргуудын лигт түрүүлсэн баг 120-130 сая еврогийн шагналыг УЕФА-аас авдаг. Харин манай лигт үүнээс ихийг олох боложтой. Сүүлд л гэхэд Севилья манай лигт орох гэж байна.
Европын Супер лиг бол баячуудын тэмцээн биш. Энэ бол хөлбөмбөгийг аврах гэсэн эв нэгдлийн тэмцээн.
-Европын Супер лиг яг хэзээ эхлэх юм бэ?
-Бид аль болох хурдан эхлэхийг л хичээж байна. Бид юуны өмнө Европын хөлбөмбөгийн холбоо болон олон улсын хөлбөмбөгийн холбоотой хэлэлцээ хийх хэрэгтэй байна. Том багууд үзэгч, хөгжөөн дэмжигч ихтэй учир мөнгө сайн олдог. Мэдэхгүй, сураггүй багаа хүмүүс хараад хөлбөмбөгт татагдана гэж бодохгүй байна. Манай Супер лигийн шүүгч, VAR гээд бүх зүйл сайжирсан байх болно. Европын Супер лиг байхгүй бол хөлбөмбөг 2024 оноос өмнө мөхнө. Том, жижиг багууд ялгаагүй сүйрнэ.
-Үүсгэн байгуулагч гээд байгаа 12 багийн тань нэг нь лигээсээ гарлаа гэвэл яах вэ?
-Тийм зүйл болохгүй ээ. Өнгөрөгч Бямба гаригт бид бүгд гэрээндээ гарын үсгээ зурсан. Барселона санхүүгийн хувьд хүнд байгаа учир Лапорта шууд нөхцөл байдлыг мэдэрч, гэрээнд гарын үсгээ зурсан. Бусад том багууд ч гэсэн тэгсэн. Энэ лиг дэлхийн хөлбөмбөгийг аврах болно. Хоан Лапорта багийнхаа болон фэнүүдийнхээ өмнө хариуцлага үүрдэг учир түүнтэй ойлголцох хэцүү байгаагүй.
-Та сүүлийн жилүүдэд УЕФА-ийн ерөнхийлөгчийг их л шүүмжилж байгаа харагдах юм. Юу таныг ингэж их бухимдуулав?
-Хүн бүхэн Леброн Жэймсийн цалинг мэддэг. Энэ бол олон нийтэд нээлттэй байдаг мэдээлэл. Харин хэн ч УЕФА-ийн ерөнхийлөгчийн цалинг мэдэхгүй. Яагаад? УЕФА ер нь үеийн үед муу нэртэй байж ирсэн. Одоо тэд шилэн, ил тод байх хэрэгтэй. Цар тахлын үед би цалингаа тодорхой хэмжээгээр хассан. Гэтэл УЕФА эвсэл Ла лигийн ерөнхийлөгч цалингаа хассан гэж бодохгүй байна. Манай баг ивээн тэтгэгчидтэйгээ хүртэл асуудалтай байсан. "Adidas", "Emirates" зэрэг манай ивээн тэтгэгчид санхүүгийн хувьд асуудалтай байсан учир бид тэдэнтэй эв найрамдалтай байхыг хичээсэн. Цар тахлаас хойш юу ч болоогүй, өөрчлөгдөөгүй гэж боддог хэсэг хүмүүс байна. Энэ бол мөнгөний төлөө бус хөлбөмбөгийн төлөөх тулаан. Бид хөлбөмбөгөө аврахын тулд тэмцэж байхад зарим нэг ашиг харсан хүмүүс үүнд анхаарал тавихгүй байна. Хэнийг хэлээд байгааг ойлгож байгаа биз дээ.
-Танай лигийг УЕФА болон ФИФА-ийн зүгээс зөвшөөрөхгүй бол яах вэ? Нөөц төлөвлөгөө бий юу?
-Бид УЕФА болон ФИФА-тай зөвшилцөхийн тулд боломжтой бүхнийг л хийнэ. Хэрэв бид зөвшилцөлд хүрч чадахгүй бол бууж өгөхгүй ээ. Урт хугацаа шаардах байсан ч бид ажлаа үргэлжлүүлэх болно. Хэрэв бид зөвшилцөлд хүрч чадвал фэнүүд долоо хоног бүрийн хоёр өдөр дэлхийн хамгийн шилдэг багуудын тоглолтууд үзэх боломжтой болно. Гол нь бид Премьер лиг, Ла лиг зэрэг дотоодын лигүүдэд хохирол, дарамт учруулахгүй байхыг хичээнэ.
-Европын Супер лигийн талаарх гол асуултуудаа асуучлаа. Харин одоо Реал Мадрид багтай холбоотой хэдэн асуулт асууя. Мбаппегийн тал дээр танай баг ямар байр суурьтай байна ? Саяхан Мбаппе ПСЖ-тэй гэрээгээ сунгахгүй гэдгээ мэдэгдчихлээ.
-Ойрын үед наад асуулт чинь надад их ирж байгаа. Хэн ч намайг танихгүй байх гээд масктай гудамжаар явж байхад л хаанаас ч юм хэн нэгэн “Прези, Мбаппе багтаа ав” гээд л орилно. Би тэдэнд “Тайван, хүлээцтэй бай” л гэдэг. Яагаад тэдэнд худлаа хэлэх ёстой гэж ? Мадридад өөрчлөлт хэрэгтэй. Бид хөгжих шаардлагатай. Бид олон цомд түрүүлсэн. Одоо харин бодит байдалтайгаа эвлэрч, тэмцэхийн төлөөх хүсэл эрмэлзлээр дахин буцлах хэрэгтэй байна.
Тэгвэл Холандын талаар яриач. Түүний агент Райола болон аав нь саяхан тантай уулзсан гэсэн?
-Холандын аав нь манай багийн музейгээр зочилсон юм. Сэтгэгдэл өндөртэй буцсан шүү.
-Шууд асууя. Кристиано Роналдо Мадридад буцаж ирэх үү?
-Кристиано Мадридад эргэн ирэхгүй ээ. Тэр энэ багийн төлөө их зүйл хийсэн. Тэр буцаж ирнэ гэдэг утгагүй. Би түүнд дуртай. Тэглээ гээд дахин түүнийг авчирна гэсэн үг биш. Тэр одоо Ювентусын тоглогч.
-Яагаад Реал Мадрид баг тамирчдынхаа цалинг хассан юм бэ?
-Йович, Одегард хоёр багаас явахаас өмнө тэдний цалинг багасгасан. Цар тахлын үед багтаа дэмжлэг үзүүлэхийг хүссэн олон тоглогч байсан. Өнгөрсөн жил Рамос өөрийн хүсэлтээр цалингийнхаа 10 хувийг хассан. Харин энэ жил тэр цалингаа дахин хасахыг хүсээгүй. Би Рамост хайртай. Түүнийг багаас явах талаар яриа гарсан. Би энэ талаар нэг их юм яримааргүй байна. Юу ч тохиолдож болно. Юу болохыг улирлын төгсөлд харцгаая. Гэхдээ Реал Мадрид санхүүгийн хувьд хүнд байдалд байна. Хэн ч багт хөрөнгө оруулалт хийхгүй байна.
-Зиданы талаар сүүлийн үед янз бүрийн зүйл дуулдах боллоо. Та Зиданыг ирэх улирал Реал Мадридыг дасгалжуулна гэдэг баталгаа өгч чадах уу? Саяхан Жозе Моуриньо мөн ажлаасаа халагдчихлаа.
-Зидан бол бидэнд урьд өмнө нь байгаагүй шилдэг дасгажуулагч. Түүнийг энэ улирлын төгсгөлд өөрийн хүсэлтээр багийг орхино гэж бодож байна уу? Би мэдэхгүй байна. Хэн ч Зиданы шийдвэрийг таамаглаж чадахгүй. Моуриньо халагдсан гэв үү? Моуриньо манай багийн тэмцэх чадварыг нэмсэн хүн. Түүний ачаар л манай баг УЕФА Аваргуудын лигийн сүүлийн 11 улирлын 9-д нь хагас шигшээд шалгарсан юм. Би түүнд үргэлж талархаж явдаг.
-Реал Мадридын цэнгэлдэхийн сэргээн босголт ямар шатандаа явж байна. Хэзээ ашиглалтанд орох вэ?
-Шинэ Бернабеу ирэх оны намар гэхэд ашиглалтанд орно.
Флорентино Перезийн энэхүү ярилцлага гарснаас ердөө нэг өдрийн дараа буюу өнөөдөр/2021.04.21/ Европын Супер лигт оролцоно гэж байсан Английн топ зургаан баг хөгжөөн дэмжигчдийнхээ нөлөөгөөр Супер лигт оролцохгүй гэдгээ мэдэгдэж, нэрээ татаж авсан юм.
Холбоотой мэдээ