Газар өмчлөхдөө хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн бол дахин газар олгогдохгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Газар өмчлөхдөө хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн бол дахин газар олгогдохгүй

Газар өмчлөлийг явуулахдаа анх гэр бүлийн хэрэгцээнд нь зориулан олгож байсан. Тэр үед газар өмчлөлийн гэрчилгээн дээрээ гэр бүлээрээ, өөрөөр хэлбэл ам бүлийнхээ бүх гишүүдийг бичүүлсэн байх нь олонтаа. Гэтэл 2005 оноос эхлэн газрыг иргэн нэг бүрт газар өмчлүүлэх тухай хууль батлагдан гарсан юм. Өмнөх хуулийн дагуу газраа өмчлөхдөө гэр бүлийн гишүүдээ бичүүлсэн тохиолдолд тухайн өрхийн гишүүн бүр тус тусдаа газар өмчлөх эрх үүсэхгүй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй . Тиймээс бид нийслэлийн Газрын албаны газар өмчлөл хариуцсан ахлах мэргэжилтэн Ё.Энхээгээс энэ талаар тодрууллаа.
-Иргэд гэр бүлийн гишүүдээ хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн хэрнээ нөгөө хүнийхээ нэр дээр дахин газар авахаар ирдэг. Гэтэл тухайн хүнийх нь нэр газар өмчилсөн гээд бичигдсэн байдаг. Иймд хүмүүс газар өмчлөлийн гэрчилгээгээ авсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт очиж гэр бүлийн гишүүдээ хамтран эзэмшигчээс нь хасуулах ёстой. Тэндээс газар өмчлөлийн гэрчилгээг нэг хүний нэр дээр шилжүүлэх учиртай.  Мөн дүүргийнхээ  газрын албанд хандаж, нийслэлийн Засаг даргын шийдвэрийг мөн нэг хүний нэр дээр дахин гаргуулах ёстой. Ингэсний дараа өрхийн бусад гишүүдэд газар өмчлөх эрх үүснэ. Ингэж хасуулаагүй тохиолдолд хамтран эзэмшигч нарт газар өмчлөх эрх үүсэхгүй гэдгийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй байна гэлээ.
Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж