“Саажилт таталтаас эхлээд цаг алдалгүй давтан эмчилгээнд орох ёстой хүүхдүүдийг яах гэж байгаа юм бол…” хэмээн олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн бухимджээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв (ХБХСЗХТ)-ийг чөлөөлж, Covid-19-ийн халдвар авсан хүмүүсийг хэвтүүлэн эмчлэх болсон иргэд ийнхүү бухимдаж байгаа юм. УОК-ын хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах төв нь Covid-19-ийн ор дэлгэхээр болсонтой холбогдуулан тус төвийн үндсэн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар цуцлах болсон.
ЦАР ТАХАЛТАЙ ХОЛБООТОЙГООР МАНАЙ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ХҮҮХДИЙН ТОО ЭРС БАГАССАН
Улсын хэмжээнд байгаа хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй мянган хүүхдэд сэргээн засах эмчилгээ хийдэг улсын тодотголтой ганц эмнэлэг нь ингээд “хаагдчихаар” эдгээр хүүхдүүдийн эмчилгээ орхигдох эрсдэлтэй. Тиймээс уг асуудлыг ХБХСЗХТ-ийн захирал Р.Галбадрахаас тодрууллаа.
Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах нь өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагаа шаарддаг ч өдөр бүр энд эмчилгээ хийлгэх нь чухал уу, гэртээ байгаад халдвараас урьдчилан сэргийлэх нь аюулгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Сэргээн засах эмчилгээ явуулахад хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэм баримтлах боломжгүй байдаг. Эмч, хөдөлгөөн засалч биед нь хүрч, ойроос тулж ажиллахыг шаарддаг. Гадуур халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед нийтийн халдвар авах өндөр эрсдэлтэй. Цар тахалтай холбоотойгоор манай төвөөр үйлчлүүлэх хүүхдийн тоо эрс багассан. Тиймээс арваннэгдүгээр сараас хойш онлайнаар зөвлөгөө өгч ажиллаж байна. Халдварын эрсдэл өндөр байгаа эмч нартайгаар холбогдоод зөвлөгөө мэдээлэл авч, цахимаар үйлчлүүлж болно. Бид өөрийн пэйж хуудаснаа эмчилгээний талаар видео бичлэгийг оруулсан байгаа. Гэртээ байгаад, дэглэмээ баримталж, онлайнаар эмчилгээнд орсноор бидний үйл ажиллагаа хэвийн явагдах болно” гэлээ.
ҮНДСЭН НОРМЫНХОО 50 ХУВИЙГ Ч БИЕЛҮҮЛЖ ЧАДААГҮЙ
УОК-ын шийдвэрийн дагуу ХБХСЗХТ нь ажилчдынхаа 10-30 хувиар ажиллаж байжээ.
Тус төвд өнгөрсөн улиралд 2000 хүүхдэд үйлчлэх төлөвлөгөөтэй байсан ч амбулаториор 450 хүүхдэд, хэвтэн эмчлүүлэх тасгаар 150 хүүхдэд үйлчилсэн байна. Энэ цахимаар үйлчилгээ үзүүлэхэд шийдвэр гаргахад нөлөөлсөн байна.
Covid-19-ийн халдвартай иргэдийг хүлээж авах 120 ор дэлгэхээр бэлтгэл ажлаа эхлүүлсэн бөгөөд тус төвд сэргээн засах, уламжлалтын эмч нар ажилладаг тул ЭМЯ-наас мэргэжлийн эмч гарган ажиллах юм байна. Ингээд халдвар хумигдсан үед бүрэн халдваргүйтгэл хийж, эрсдэлгүй болсон цагт хүүхдүүдээ хүлээж авч, урьдын адил хэвийн ажиллаж эхлэх гэнэ.
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан энэ төв 2019 оны тавдугаар сарын 31-нд ашиглалтад орсон. Тус төв өдөрт нийт 500 хүүхдийг хүлээх авах хүчин чадалтай бөгөөд сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх үүрэгтэй.
ХБХСЗХТ нь хөдөлмөр, хөдөлгөөн, хэл засал, усан эмчилгээ, спорт засал, физик эмчилгээ, эмэн эмчилгээ гээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эмчлэх, сэргээн засах, хөгжүүлэхэд чиглэсэн олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Цар тахлын үед халдвараас өөрийгөө хамгаалж, гэрээсээ гарахгүй байж, цахимаар үйлчилгээ авах нь нэг талаасаа зөв ч нөгөө талаас биечлэн тулж ажиллах шаардлагатай энэ төрлийн эмчилгээнд үр дүнгийн асуудал хөндөгдөж буй юм. Тиймээс сэргээн засах эмчилгээ шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдэдээ урьдынхаас илүү анхаарал хандуулж, цахимаар зааж буй эмчилгээнд хяналт тавих, нэг ёсондоо хөдөлгөөн засалч, уламжлалтын эмчийн үүрэг гүйцэтгэх шаардлага тулгарч байгаа бололтой.
Холбоотой мэдээ