….Эрх чөлөөний зарлиг ардын Үндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
/ Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ шүлгээс/
Ноён хошууч генерал, ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг гэнэт зарласан “асуултгүй” хэвлэлийн бага хурлынхаа эхэнд нэгэн зургийг сэтгүүлчдэд харуулав. Чухамхүү ямар зорилгоор тэрхүү зургийг үзүүлсэн зорилгыг нь огтоос ойлгосонгүй.
Зургийг тайлбарлахдаа “Цэргийн алба хаагч байлдааны талбарт тухайн орон нутгийн иргэнд тусалж байгаа мэт боловч нөгөө талаас нь буу тулгаснаар харагдаж байна. Иймд мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангаж, хамтарч ажиллана гэдэгт ЗХЖШ-ын даргын хувиас итгэж байна” гээд “Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төртэй холбож, олон нийтэд сөрөг мэдээ, мэдээлэл цацах нь хууль зөрчиж байгаа үйлдэл бөгөөд улсын батлан хамгаалах чадавхыг бууруулах, төр засаг, Зэвсэгт хүчиндээ итгэх иргэд, олон нийтийн итгэлийг алдагдуулах, цаашлаад үндэсний аюулгүй байдал алдагдах, гаднын улс орнуудын өгөөш болох аюултай байдлыг бүрдүүлдэг гэдгийг байнга санах нь зүйтэй” гэх мэтчилэн баахан сургамж айлдаж.
Ингээд, зэвсэгт хүчний үйл ажиллагааг улстөржүүлсэн буруутан нь хэвлэлийнхэн болж үлдэв. Уг нь улстөржүүлсэн хүмүүс нь тээр дээр байгааг ноён генерал уг нь сайн мэдэж байх учиртай. Гээд Монголд муу л бол захын хар овоохой нь хэвлэлийнхэн болсон.
ЗХЖШ-ыг бид огтоос улстөржүүлээгүй. Түүний “асуултгүй, хариултгүй” хэвлэлийн бага хурлыг дамжуулсан нь буруу болоогүй бол “юун гуя” гээд улстөржсөн нь ноён генерал өөрөө байлаа, өчигдрийн хувьд.
Д.Ганзориг генерал цааш хэлэхдээ “Зэвсэгт хүчнээ улс төржүүлэх, улс төрийн үйл ажиллагаа, хямралдаа цэрэг, арми татан оруулснаар иргэний дайнд хүргэж улс орноо мөхөөх хүртэл гашуун сургамж олон улсын түүхэнд олонтаа тохиолдож байсан. Энэхүү гашуун түүх манай сайхан оронд битгий тохиолдоосой гэж Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зүгээс хэлье” гэжээ. Oh my god!. Өө, бурхан минь гэж.
Ноён генералд хэн юу хэлчихсэн болоод иргэний дайны тухай энд бидэнд сануулж, сүрдүүлнэ вэ. Асуухын учир болоод айхын учир энэ.
Монголын ЗХЖШ ингэтлээ улстөржиж, халуурч, улстөрчдийн гар хөл болж байсныг анх удаа Д.Ганзориг генералын мэдэгдэл ч гэх үү, мэдээллээс ч гэх үү, олж үзлээ, сонслоо, айлаа.
Даваа гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч МАН-ыг тараах захирамж гаргаснаа мэдэгдсэн даруйдаа ЗХЖШ-ыг зорьсон байдаг. Үүнийг нь ноён генерал үгүйсгээгүй агаад гурван үүрэг өгөөд буцсаныг дурдав. Тэнд цэрэг зодуулж нас барахад, хил дээр буун дуу гарч байхад чив чимээгүй байсан Зэвсэгт хүчнй ерөнхий командлагч Х.Баттулга өөрөө гэнэт тэнд гүйж очсоныг хардахаас, улстөржүүлэхээс өөр яах билээ.
Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа 2019 онд ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан Д.Давааг чөлөөлж ОХУ-д улсад Элчин сайдаар явуулсан. Оронд нь томилсон хошууч генерал А.Ганбат төд удалгүй үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул Ерөнхийлөгчийн зүгээс ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилуулах саналаа УИХ-д оруулж, гишүүдийн 76.9 хувь нь түүнийг дэмжсэн байдаг юм.
Хошууч генералын удирдлага дор байдаг салбарт он гарсаар хоёр ч цэрэг армийн дэглэлтээс болж амиа алдсан билээ. Зэвсэгт хүчний 326-р ангийн цэргийн ангийн салаан дарга, дэслэгч 25 настай Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч 21 настай Б-г зодож, амийг хөнөөсөн хэрэг олон нийтийг цочирдуулж, УИХ хурал дахь Хүний эрхийн дэд хороо энэ асуудлаар хуралдсан. Хуралдааны үед тэрбээр мөн л их эвгүй тайлбар хэлсэн нь "Амиа алдсан цэргийн асуудал бидний ажлыг эрчимжүүлэхэд түлхэц боллоо" гэх үг. Түүнтэй хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын гишүүд хөндөж, хэвлэлээр багагүй баалуулсандаа шаралхаж явжээ гэлтэй, өчигдрийн мэдэгдлийг сонсвол.
Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд АН-аас нэр дэвшихдээ "Нэг цэрэг-Нэг үндэстэн" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ амлаж, Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтад "түмэн цэрэг" дайчлах болсон юм. Тухайн үед Э.Бат-Үүл үүнийг буруутган "Цэрэгжсэн эдийн засаг бол бүх салбарыг сүйрүүлнэ. Хувийн хэвшил гэж байхгүй болно. Ийм бизнесийг дарангуйлагч нар л хийж байсан" хэмээн жиргэж байсан нь зүгээр ч нэг шүүмжлэл биш болохыг Ерөнхийлөгчийн өнөөдрийн үйл хөдлөл нотлов.
Уг нь ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг өчигдрийн мэдэгдэлдээ “Бид хэн нэгэн улстөрч, намыг хамгаалж биш эх орныхоо энх тайван, иргэдийнхээ эрх чөлөөний төлөө зогсоно. Элдвийн турхилалтад орохгүй, дэмжихгүй. Тэр нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байсан ч” гэсэн бол эр цэргийнх нь хувьд бахархаж, ЗХЖШ-ын даргынх нь хувьд браво гэхсэн. Авчиг “…Улстөржүүлж болохгүй асуудал гэж бий, зөрчигдвөл том төлөөсийг улс үндсээрээ төлдөг гашуун сургамжийг мартаж болохгүй” гэсэн нь юуг зөгнөөд, хэнийг сүрдүүлээд байгаа хэрэг вэ, OMG!
Ноён генералын хэлсэн шиг улстөржүүлж болохгүй асуудал бий, үнээн. Улс эх орны ашиг хувь улстөрчдийн эрх мэдлээс илүү чухал, илүү том юм байдаг юм. Товчоор хэлбэл, Х.Баттулга ба У.Хүрэлсүх гэх хоёр хүний эрх мэдлийн төлөөх тэмцлээс илүү том эрх ашиг нь монголчуудын эв нэгдэл, эрх чөлөө.
Монголчууд Үндсэн хуультай, төрт ёстой ард түмэн. Түүнийгээ дээдлэх учиртай, сахих ёстой юм. Түүнээс хэн нэгэн хүний эрх мэдлийн төлөө Монголын Зэвсэгт хүчин иргэдээ айлгаж, ичээх ямар шалтгаан, үүрэг даалгавартай байв.
Монголын ардчилал алдаа оноотой ч гэсэн өнгөрсөн 31 жилийн хугацаанд улс төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлж ирсэн. Үндсэн хуулийн дагуу ардчилсан сонгуулиа зохион байгуулж төр засгаа, Төрийн тэргүүнээ сонгож ирсэн. Түүний үр дүнд бүрэн дунд боловсролтой Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Үндсэндээ, өнөөдрийн бол буй үйл явдлаас харахад ноён генерал болоод ноорхой гуйлгачин хоёрт адилхан эх орон, эрх чөлөө үнэтэй болжээ. Тиймээс сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжигчдийн зүгээс илтэд иргэний дайнд өдөөн хатгаж, элдэв зүйлд уриалан дуудаж байгаа энэ цаг үед ноён генералын үг илүүдэв. Иргэдэд айдас, болгоомжлол төрүүлэв. Сонгууль болдгоороо болно, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ, ноён генерал аа!
Холбоотой мэдээ