Засгийн газар, УОК-ын шийдвэрээр энэ сарын 10-25 хүртэл 15 хоногийн хөл хорио тогтоосон ч хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 3-4 оронтой тооноос буухгүй байгаа юм. Харин хөл хорионы үр дүн энэ долоо хоногт гарна гэж мэргэжилтнүүд үзжээ. МУИС-ийн судлаачид энэ удаагийн “15 хоногийн хөл хорио нь амь тариа болсон” хэмээн дүгнэсэн байна. Энэхүү судалгаа, тооцооллын талаар МУИС-ийн багш, судлаач доктор Т.Бэгзсүрэнтэй ярилцлаа.
-Хөл хориог дахин сунгах саналыг эрдэмтэд судлаачдын зүгээс тавих болсон. Хэрэвзээ хөл хориог долоо болон 14 хоногоор сунгавал ямар үр дүн гарах вэ. Өмнөх шигээ үр дүнгүй "хоригдолт" болох вий гэж иргэд болгоомжилж байна?
-Монгол Улс вакцинжуулалтын хоёр тунг энэ оны долдугаар сарын 1-ны хийж дуусгана гэж төлөвлөөд хөл хорионы дараах дөрвөн хувилбараар тооцоог гаргасан. Үүнд,
- Хөл хорио тогтоогоогүй байсан бол,
- Одоогийн хугацаагаар хөл хориог цуцалбал,
- 7 хоногоор сунгах,
- 14 хоногоор сунгах.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг долоо хоног сунгавал дөрөвдүгээр сарын 25-нд хөл хориог цуцалсантай харьцуулахад нийт халдвар авч батлагдсан хүний тоо энэ оны есдүгээр сарын 1 гэхэд ойролцоогоор 70-д хүрнэ. Энэ нь 20-30 орчим мянган хүн халдвар авахаас сэргийлнэ гэсэн үг. Мөн нас баралт 250-300-д хүрэх, гэхдээ 100 орчим хүний амь нас аварна гэж тооцоолсон.
Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол 1000 гаруй хүн халдварын улмаас амь насаа алдах эрсдэл байсан гэсэн үг. Тэгэхээр 15 хоногийн хөл хорио тогтоосноор хамгийн багадаа 500 хүний амь насыг аварсан гэж үзэж болно. Мөн долдугаар сарын 1 хүртэл вакцины хоёр дахь тунд иргэдийг хамруулбал 180 мянган хүн халдварт өртөх байсныг бууруулж 95 мянган хүн халдвар авах тооцоолол гарч байгаа юм.
Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 1 гэхэд хүн амын 60 хувийг дархлаажуулсан тохиолдолд вакцины нөлөөгөөр наймдугаар сар гарахад Covid-19 халдвараас айх аюулгүй, амны хаалтгүй явах боломжтой гэсэн урьдчилсан судалгаа гарсан.
-Дархлаажуулалт эхэлсэн өдрөөс хойш 600 гаруй мянган хүн вакцинд хамрагдсан. Гэхдээ вакцинжуулалтыг эрчимжүүлж, хөл хорио тогтоосон ч иргэд үр дүнд нь эргэлзэх боллоо. Та бүхний тооцооллоор ямар дүр зураг харагдаж байна?
-Хөл хорионы бодит үр дүн энэ долоо хоногийн сүүлчээр гарна. Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа нь өмнө нь хөл хориогүй үед халдварын нууц үедээ байсан, эмнэлэгт хандсан, PCR шинжилгээ өгч онош нь батлагдаж байгаа юм. Энэ хугацаа нь дунджаар 7-14 хоног зарцуулж байна. Тиймээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч Covid-19 халдварын тохиолдол өндөр гарч байгаа юм биш.
Ханиад, томуу 2-3 хоногт шинж тэмдэг илэрдэг бол Сovid-19 халдвар дунджаар долоо хоног, цаашлаад 14 хоногийн дараа ч илэрч болно. Энэ удаагийн хөл хорио бол амин чухал шийдвэр болсон. Учир нь дөрөвдүгээр сарын 5-ны тооцооллоос бодит байдал дээр халдвар тархалтын эрчим арай өндөр байна.
Судалгааг өнөөгийн халдварын нөхцөл байдлын бодит хурдаар шинэчлэн тооцохдоо Израиль улстай харьцуулж жишээ татсан. Тус улс нь хүн амын 60-иас дээш хувийг вакцинжуулсан, халдварыг 90 дээш хувиар буруулсан туршлагатай. Израиль улсын өгөгдлийг татан авч өөрсдийн загварт оруулан тест хийж үзээд вакцины нөлөөг тооцох хэсэгт бага зэргийн сайжруулж оруулснаар таарамж буюу корреляц 85-н хувиас 94 хувь болтол өссөн. Монгол Улсын хувьд вакцинжуулалтыг эрчимжүүлж зургадугаар сарын 1-ээс өмнө иргэдээ дархлаажуулбал бид долдугаар сард Үндэсний их баяр наадмаа айдасгүй тэмдэглэж, наймдугаар сард covid-19 халдвараас салах дүр зураг харагдаж байна.
-Монгол Улс удаа дараа хөл хорьсон. Үр дүн хэр байдаг юм бэ, иргэд бол үр дүнгүй хөл хорилоо гэж бухимддаг. Нөгөө талаар, зургадугаар сарын 1-ээс өмнө хүн амын 60 хувийг дархлаажуулбал халдварыг хэчнээн хувиар бууруулах боломжтой вэ ?
-Вакцинжуулалт эхлэхээс өмнө бидэнд Covid-19 халдварын тархалтыг тогтоон барих хамгийн найдвартай арга нь хатуу хөл хорио тогтоох байсан. Хөл хорио бол халдварын эрсдэлийг маш их багасгадаг хамгийн үр дүнтэй арга. Гэхдээ вакцинжуулалт нь хөл хориотой адил үр дүнтэй юм. Иймд аль болох богино хугацаанд иргэдээ вакцины хоёр дахь тунд хамруулах шаардлагатай. Хэрвээ бид зургадугаар сарын 1-ээс өмнө дархлаажуулалтыг зохион байгуулж дуусвал халдварын тоог хоёр дахин бууруулах боломжтой. Товчхондоо, вакцинжуулалтыг нэг сараар эрчимжүүлэх, 14 хоног хөл хорио тогтоох нь адилхан үр дүнтэй гэж хэлж болно.
-Манай улсын хувьд вакцинжуулалт дэлхийн дундажтай харьцуулахад ямархуу үзүүлэлттэй байна?
-Манай улсын хувьд Азийн орнуудын дундажтай харьцуулахад вакцинжуулалт бага зэрэг өндөр үзүүлэлттэй байна. Гэсэн ч вакциныг хоёр тунд иргэдээ хамруулах шаардлагатай. Жишээ татвал, Израиль улсад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард вакцинжуулалтыг эхлүүлсэн.
Вакцины хоёрдугаар тунг эхлүүлэх хүртэл халдварын тохиолдол өссөөр байсан юм. Харин хөл хориог чангаруулж, вакцины хоёр дахь тунг эхлүүлснээр халдварын тархалт эрс буурсан байдаг. Халдварын тархалт буурсаар дөрөвдүгээр сарын эхэн үед 95 хувийн бууралттай байгаа юм. Одоогоор тус улс маск зүүх шаардлагагүй, бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юм. Тус улсад Файзер, Модерна вакцины үр дүн нь 90-95 хувь хүртэл байна. Манай улсад одоогоор бүртгэлтэй АстраЗенека, Синофарм, Файзер, Спутник V дөрвөн үйлдвэрийн гурван төрлийн вакцины үр дүн дунджаар 80 хувьтай байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд хөл хорионы өөр, өөр хугацаанд нас барсан, барах хүмүүсийн тоон мэдээлэл,
Улсын хэмжээнд хөл хорионы өөр, өөр хугацаанд батлагдсан эмчлэгдэж буй хүмүүс
Халдварын тархалтын дүр зураг
Холбоотой мэдээ