Хатан хааны гэр бүлийн гашуудлын хувцасны жаяг

Хуучирсан мэдээ: 2021.04.21-нд нийтлэгдсэн

FASHION

Хатан хааны гэр бүлийн гашуудлын хувцасны жаяг

Хатан хааны гэр бүлийн гашуудлын хувцасны жаяг

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хатан хаан Элизабет Александра Мэри энгийн үеүдэд ихэвчлэн өнгөлөг, чамин хувцасладаг ч өдийд Эдинбургийн гүн Филиппийн араас гашуудан хоёр долоо хоног зөвхөн хар хувцас өмсөж буй.

Түүгээр зогсохгүй хатан хааны гэр бүлийн бусад гишүүд ч мөн адилаар нарийн дэг жаягийн дагуу гашуудлын хувцас өмсөх учиртай аж. Хунтайж Филипп энэ сарын 9-нд тэнгэрт хальж, түүнийг энэ сарын 17-нд эцсийн замд нь үдсэн юм. Энэ бол 2002 онд Элизабет Анжела Маргерит өөд болсноос хойш хатан хааны гэр бүлд тохиогоогүй их уй гашуу билээ.

Гашуудлын өдрүүдэд эмэгтэйчүүд өвдөгнөөс доогуур татсан урт хар өдрийн даашинз, хар малгай өмсөх бол эрэгтэйчүүд хар өнгийн өглөөний хүрэм өмсөж, одон медалиудаа зүүх учиртай гэнэ. Өмнөх гашуудлуудаас ялгаатай нь энэ удаад хунтайж Харри бүх хэргэм зэргээсээ татгалзсан учир Хунтайж Филипптэй салах ёс гүйцэтгэх ёслолд цэргийн хувцасгүй оролцсон юм. Түүнчлэн гэр бүлийн бусад эрчүүд Харриг ганцааранг нь өөр харагдуулахгүйн тулд бүгд цэргийн бус энгийн хувцас өмсөж ирсэн нь он удаан мөрдөгдөж ирсэн дэг жаягийг бага зэрэг өөрчилсөн үйл явдал болсон юм.

Гашуудлын үед хатан хааны гэр бүлийнхэн дэг жаягаа хэрхэн дагаж, яаж хувцаслаж байгааг олон хүн анхаарайлтай ажигладаг агаад энэ нь орчин үеийнх ч биш, хэдэн зуун жилийн өмнөөс тогтсон зүйл гэнэ.

Жишээлбэл, 1982 онд Диана гүнж хатан хааны гэр бүлийн гишүүн болоод удаагүй байхдаа Монакогийн гүнж, жүжигчин Грейс Деллигийн оршуулах ёслолд оролцохдоо хар торон гивлүүртэй малгай, урт ханцуй, хоолойтой шулуун даашинз, зүрхэн кулонтой хүзүүний зүүлттэй ирсэн нь олны хүндэтгэрийг хүлээж, Дианагийн өвөрмөц хэв маягийг бусдад таниулж байлаа.

Мөн 1997 онд Диана гүнжийн оршуулах ёслол дээр шарилын араас цуваанд яваа хунтайж Филипп, хунтайж Уиллиам, Дианагийн дүү Чарльз Спенсер, хунтайж Харри, хунтайж Чарльз нарын алхаж яваа зураг тухайн үед олны анхаарлын төвд орж, орчин цагийн оршуулах ёслолын төрхийг олон жил тодорхойлсон юм.

Уй гашуудлын бэлгэ тэмдэг

Хар өнгө бол эртнээс эмгэнэл гашуудлын бэлгэ тэмдэг байсаар иосэн билээ. Анх дундад зууны үед язгууртнууд талийгаачийнхаа араас гашуудахдаа хар өнгийн хувцас өмсдөг байсан нь хожим 19-р зуунаас нийт хүмүүсийн соёл болон дэлгэрсэн билээ.

Чухам тэр үеэс Америк, Европт ч мөн гашуудлын даашинзны хэв маяг тогтож эхэлсэн аж. Түүнчлэн хамгийн хачирхалтай нь орчин үеийн их дэлгүүр хэмээх зүйл тухайн үеийн гашуудал, оршуулгын ёслолын бүх хэрэгцээт барааг нэг дор зардаг дэлгүүрүүдээс үүдэлтэй хөгжсөн байна. Тухайлбал, 19-р зуунд нэг дээвэр доор гашуудлын захиа бичих бичгийн хэрэгслээс эхлээд оршуулгын ёслол дээр зүүх гоёл чимэглэл гээд бүгдийг зардаг дэлгүүрүүд нээгдсэн нь өдгөө их дэлгүүрийн соёл болон хөгжсөн гэдэг.

Түүнчлэн мөн үеэс эхлэн гашуудлын үеэр өмссөн хувцас, гоёл чимэглэл эзнийхээ зэрэг зиндаа, мэдрэмж, талийгаачид үзүүлж буй хүндэтгэлийн илэрхийлэл болж ирсэн юм. Жишээлбэл, 1861 онд хатан хаан Викториа нөхөр, хунтайж Албертийг цаг бусаар өөд болсны дараа насан эцэслэтлээ хар хувцас өмсөн эмгэнэлээ илэрхийлсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж